card

Хадгаламж зээлийн хоршооны зорилго, үйл ажиллагааны заричим

Хадгаламж зээлийн хоршооны зорилго:

Хадгаламж зээлийн хоршоо бол хос зорилготой байгууллага юм. Хос зорилго нь гишүүдийнхээ эдийн засаг, нийгэм, соёлын хэрэгцээг хангах ба  амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

Хадгаламж зээлийн хоршооны хадгаламжийн үйлчилгээ бол гишүүн бүрээ хадгаламжтай хуримтлалтай болгох харин зээлийн үйлчилгээ нь гишүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого баримтлан ажилладаг.

Хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагааны зарчим:

Олон Улсын Манчестрийн Их Хурлаас гаргасан Хоршооллын хөдөлгөөний 21-р зуунд баримтлах үндсэн 7 (Хадгаламж зээлийн хоршооны хувьд 10 зарчим) зарчмыг баталсан билээ.  Энэхүү үйл ажиллагааныхаа зарчмуудын  гол утга санаа нь нийгэм дэх хувь хүмүүсийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хүмүүсийг хөгжүүлж, хамтран ажиллах замаар сайн сайхан нийгмийн баялгийг  бүтээн байгуулахад чиглэгдэнэ.

Зарчимуудаас гадна Дэлхийн хадгаламж зээлийн хоршоодын холбоо (WOCCU) алсын хараа, Эрхэм зорилго, Итгэл үнэмшилээ доорхи байдлаар тодорхойлон тунхагласан

Бидний АЛСЫН ХАРАА Дэлхий даяарх хадгаламж, зээлийн хоршоодын нэгдлээр  дамжуулан дэлхийн нийтийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.

Бидний ЭРХЭМ ЗОРИЛГО Хадгаламж, зээлийн болон бусад санхүүгийн хоршоогоор  дамжуулан амьдралыг сайжруулах.

Бидний ИТГЭЛ ҮНЭМШИЛ Хүн бүр боломжийн /хямд/, найдвартай, тогтвортой санхүүгийн үйлчилгээ авах боломжтой байх ёстой.

Үйл ажиллагааны зарчмууд:

Хоршооны бүтэц-Cooperative Structure

Гишүүдийн өмчлөл -Member Owned

Гишүүний хяналт -Member Controlled

Ардчилсан удирдлага -Democratic Control

Гишүүдэд хүргэх үйлчилгээ -Service to Members

Санхүүгийн хүртээмж -Financial Inclusion

Санхүүгийн тогтортой байдал- Financial Sustainability

Гишүүдийн эдийн засгийн өндөр үр өгөөж -Maximizing Member Economic Benefit

Нийгмийн хариуцлага-Social Responsibility

Санхүүгийн суурь мэдлэг -Financial Literacy

Салбарын нэгдэл -Network Cooperation

Хамтын хариуцлага -Community Responsibility

Дэлхийн хэмжээний алсын хараа -Global Vision

Хоршооны бүтэц:

Гишүүдийн өмчлөл

Хадгаламж, зээлийн хоршоо болон бусад хоршооллын санхүүгийн байгууллагууд нь үйлчлүүлэгчдийнхээ эзэмшилд байдаг. Бүх гишүүд нь хоршооллын санхүүгийн байгууллагын эзэд нь юм.  Хадгаламж, зээлийн хоршоо нь хууль, тогтоомжийн хүрээнд гишүүддээ үйлчилдэг, гишүүдийн хяналтанд байдаг бие даасан хувийн хэвшлийн байгууллага юм.

Гишүүний хяналт

Хадгаламж, зээлийн хоршоо болон бусад хоршооллын санхүүгийн байгууллагууд нь өөрсдийгөө төлөөлөн  байгууллагыг удирдах тэргүүлэгчдийн зөвлөлийг сонгодог, идэвхитэй оролцоотой гишүүдийнхээ хяналтанд  байдаг ардчилсан байгууллага юм. Сонгогдсон төлөөлөгчид нь гишүүдийн өмнө хариуцлага хүлээнэ.

Ардчилсан удирдпага

Хадгаламж, зээлийн хоршооны гишүүд нь санал өгөх тэгш эрхтэй (нэг гишүүн, нэг санал) байдаг бөгөөд оруулсан хөрөнгө, хадгаламжийн хэмжээ, бизнесийн цар хүрээнээс үл хамааран хоршооны хамаарах асуудлаар шийдвэр гаргалтанд оролцоно. Нэг гишүүн нь нэг санал өгөх зарчим нь хоршооны өргөн хүрээний  гишүүнчлэлийн шаардлагыг хангахад чиглэгддэг. Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо болон бусад дэмжигч байгууллагын хувьд санал өгөх эрхийг  ардчилсан зарчимд нийцүүлэн пропорциональ буюу төлөөллийн зарчмаар тогтоож болно.

Гишүүдэд хүргэх үйлчилгээ:

Санхүүгийн хүртээмж

Хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэл нь сайн дурын бөгөөд хоршооны нийтлэг сонирхолд нийцсэн,  холбогдох үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрөх хэн бүхэнд нээлттэй байна. Хадгаламж, зээлийн хоршоо  болон бусад хоршооллын санхүүгийн байгууллагууд нь арьс өнгө, үндэс угсаа, нас, хүйс, шашин шүтлэг, улс  төрийн харъяалал зэргийн (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) аливаа хэлбэрээр гишүүдэд ялгаварлан  хандахгүй. Хадгаламж, зээлийн хоршоо нь бүгдэд, тэр дундаа үйлчилгээ авч чадахгүй байгаа бүлэгт  санхүүгийн үйлчилгээ хүртэх боломжийг олгодог.

Санхүүгийн тогтвортой байдал

Хангалттай, шаардлага хангахуйц нөөц болон дотоод хяналтын тогтолцоог бий болгох замаар санхүүгийн  чадавхитай болох нь гишүүддээ тасралтгүй, урт хугацаанд тогтвортой үйлчилгээ үзүүлэх үндэс юм. Хоршоо  үйл ажиллагаанаас олж байгаа орлогоос гишүүддээ боломжийн, хангалттай хэмжээний хадгаламжийн хүү төлөөд, бүхий л үйл ажиллагааны зардал болон эрсдлийн зардлаа даагаад, гишүүдийн хувь хөрөнгөд  боломжийн ногдол хувийг хуваарилсаны дараа нөөцийн түвшинг хангахуйц цэвэр орлого үлдэх ёстой.

Гишүүдийн эдийн засгийн өндөр үр өгөөж

Хуримтлалыг дэмжих, хадгаламжийг бий болгох замаар зээл, бусад үйлчилгээний эх үүсвэрийг  бүрдүүлэхдээ хадгаламжийн хүүг хангалттай хэмжээгээр тогтоох ёстой. Хоршооны санхүүгийн тогтвортой  байдлыг хангах нөхцлийг харгалзахын зэрэгцээ үйлчилгээний нөхцөл болон үнэ тогтоолт нь нийт гишүүдийн  эдийн засаг, нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулахад чиглэгдсэн байна.

Нийгмийн хариуцлага:

Санхүүгийн суурь мэдлэг

Хадгаламж, зээлийн хоршоод нь гишүүд, ажилтнууддаа эдийн засаг, нийгэм, ардчилалын талаар болон  мэргэжпийн хөгжлийг нь дэмжих чиглэлээр зохих мэдлэгийг олгодог. Санхүүгийн суурь мэдлэг олгох сургалт   нь гишүүдэд зээлийн хэрэглээ болон хэмнэлт, хуримтлал, өр төлбөрийн талаар мөн санхүүгээ хэрхэн зөв  төлөвлөж төсөвлөх зэрэг мэдлэгийг олгоход чиглэгддэг. Гишүүдийг чадваржуулахад чиглэгдсэн энэхүү   мэдлэг, ур чадвар нь тэдэнд санхүүгийн нөөцөө үр дүнтэй, хэрэгцээндээ нийцсэн байдлаар зөв зохистой  удирдах, үр ашигтай, ухаалаг шийдвэр гаргахад нь туслах болно. Хадгаламж, зээлийн хоршоод нь мөн  гишүүддээ тэдний эрх, үүргийн талаарх мэдлэгийг олгоно.

Салбарын нэгдэл

Хадгаламж зээлийн хоршоод нь гишүүддээ хамгийн сайн үйлчилгээг хүргэхийн тулд нөөц, туршлагаа нэгтгэн  холбоо, бусад хоршоодтой орон нутгийн, үндэсний, олон улсын түвшинд хамтран ажиллах нь хоршооллын  зарчмаа хадгалсан, эдийн засгийн үр өгөөж бүхий давуу талыг бий болгодог.

Хамтын хариуцлага

Хоршооны ёс зүй нь өөртөө туслах, харилцан туслалцах, эдийн засгийн эрх мэдэл гэсэн үзэл санаа юм.  Эдийн засгийн эрх мэдлийн алсын хараа нь хувь гишүүн болон тэдний хамт ажиллаж амьдарч байгаа хамт  олонд аль алинд нь хамаарна. Хадгаламж, зээлийн хоршоод нь өөрийн болон гишүүдийн оршин буй  орчныг илүү шударга, эрүүл, цэцэглэн хөгжих өсөлтийг дэмжиж ажилладаг.

Дэлхий хэмжээний алсын хараа

Энэхүү алсын хараа нь хоршооллын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхий нийтийн хүн амын  амьдралыг сайжруулж буй дэлхийн хэмжээний нэгдлийг бий болгох, хамгаалах, дэмжих, өргөжүүлэх явдал  юм.

Энэхүү тайлбарыг Дэлхийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо (World Council of Credit Unions, WOCCU) –ноос гаргасан.