card

Чанар, аюулгүй байдал

ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭЛТ, АНГИЛАН ЯЛГАЛТ

Ноос ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний эхлэл хэсэг дэх малчид, малчдын хоршоодоос боловсруулах үйлдвэрүүд болон худалдан авагчид чанар, стандартын шаардлагад нийцсэн, гарал үүслийн хувьд найдвартай түүхий эд бэлтгэн нийүүлэлхийг шаарддаг.  Малчдын хоршоод түүхий эдээ бэлтгэхдээ анхан шатны ангилан ялгалт, тордолтыг хийснээр үйлдвэрлэлийн дараагийн дамжлагын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна тухайн түүхий эдийн эдийн засгийн үнэлэмж өсөх сайн талтай. 

САРЛАГИЙН ХӨӨВРИЙН БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭЛТ, ЧАНАР

Хөөвөр нь уян зөөлөн чанараараа ямааны ноолуурын дараа ордог үнэт түүхий эд. Самнасан сарлагийн хөөврийн урт нь 30-35 мм, ямааны ноолуураас бүдүүн, голдуу бараан өнгөтэй уёраас эдийн засгийн үнэлэмжийн хувьд ямааны ноолуурт арай хүрдэггүй, бага зэрэг үнэлгээ доогуур байдаг.

Өртөгийн сүлжээнд оролцогч талуудын урт хугацааны хамтын ажиллагаа,  сургалт, судалгаа, сурталчилгааны дүнд сарлагийн хөөврийн үнэт чанар танигдаж нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, улмаар олон улсын зах зээлд нэр хүндтэй бүтээгдэхүүн болжээ. 

Хөөврийн чанар нь сарлагийн наснаас ихээхэн хамааралтай болохыг Ц. Хишигжаргал тэргүүтэй судлаачдын бүтээлд тодорхой тусгасан байдаг [1]. Малчид сарлагийн хөөврийг газар дээр нь нас , өнгөөр ангилан ялгаж, бэлтгэх  нь маш чухал. Энэ чанарын ялгаа нь эцэстээ хөөврийн зах зээлийн үнийг тодорхойлон малчдын орлогын хэмжээний шууд илэрхийлэл болдог билээ.

Сарлагийн хөөврийг малын зүс, нас,  өнгө, чанараар нь ( MNS 6377: 2013 ) стандартаар баталгаажуулан авч үзэж байна.

Хоршоод малчдаас хүлээн авсан хөөврийг “Хөөвөр хүлээн авсан бүртгэл”-д бүртгэн, хөөврийг өнгө насаар  ялгаж хогт хольцыг цэвэрлэн зориулалтын уут шуудайнд савлаж, дугаар, өнгө, жинг бичиж үйлдвэрлэгчдэд хүргэж байгаа сайн туршлага байна. Энэ нь нэг талаас түүхий эдийн гарал үүслийг тодорхой болгож эргэн мөшгөх бололцоог олгох, нөгөө талаас хоршоо нь малчдад, боловсруулах үйлдвэр нь хоршоонд итгэх итгэлцлийг бий болгох сайн талтай.Сарлагын хөөврийн техникийн шинж чанарыг судалгааг  үндэслэн хөөврийн техникийн шинж чанарын онцлогт суурилсан самнаж бэлтгэсэн сарлагийн хөөврийн бэлтгэлийн стандартыг ( MNS 6377: 2013 ) боловсруулан батлуулсан байна..

Чанарын зэрэг

Дундаж голч, мкм

Дундаж урт, мм

Хялгасны хэмжээ, %

1

Дээд

18,4 хүртэл

37,2 дээш

30 хүртэл

2

I

18,41 – 20,5

35,2 доошгүй

30 хүртэл

3

II

20,51- 23,6

32,6 доошгүй

40-иас дээш

Түүнчлэн MNS 6377: 2013 стандартад түүхий сарлагийн хөөвөр дөх хаг, хогт хольцын хэмжээ хөөврийн нийт жингийн 5% -иас ихгүй байхаар, савлаж багласан хөөврийн хэвийн чийг 9-11 хувь байна гэж заасан байдаг.

 

ТОРОМ, ТЭМЭЭНИЙ НООСНЫ  БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭЛТ, ЧАНАР

Тэмээний ноосны зах зээл дэх үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд технологийн дагуу зөв бэлтгэх асуудал чухал юм.

ТЭМЭЭНИЙ НООСЫГ ЧАНАРААР НЬ АНГИЛАН БЭЛТГЭХ

Тэмээний ноосыг чанараар нь ангилан бэлдэхдээ Монгол Улсын Стандарт MNS 36- 2015-ийн заалтуудыг үндэслэл болгон баримтлана. Уг стандартад эх биеийн ноосыг  торомны, өсвөр насны тэмээний, нас бие гүйцсэн тэмээний гэж ангилахыг заасан байдаг. Мөн зогдор ноосыг урт (шил, хоолойны ноос) ба богино (өвдөг, бөхний ноос) гэж ангилж тус тус ангилах шаардлагыг тусгасан.

Тэмээний наснаас хамааруулж түүний их биеийн ноосыг чанараар ялгаж бэлтгэхдээ дараах хүснэгтэд заасан аргачлалыг ашиглана.

Тэмээний ноосыг насаар нь ангилж бэлтгэх

Чанарын анги

Чанарын  тодорхойлолт MNS 36:2015

Тэмээний ангилал, нас

Бэлтгэлийн арга

Дээд
(Монголын хаан ширхэгт)

Ноолуур үсний ширхэгтийн дундаж нарийн нь 17 мкм хүртэл, ноолуур агууламж нь 80%-иас дээш

Тором
(1 настай тэмээ)

Самнаж бэлтгэсэн

I

Ноолуур үсний ширхэгтийн дундаж нарийн нь 17.1-19 мкм хүртэл, ноолуур агууламж нь 70%-иас дээш

Өсвөр нас
(2,3 настай тэмээ)

Самнаж бэлтгэсэн

II

Ноолуур үсний ширхэгтийн дундаж нарийн нь 19.1 мкм-ээс дээш, ноолуур агууламж нь 60%-иас дээш

Нас гүйцсэн
(4-өөс дээш настай тэмээ)

Самнаж, эсвэл хяргаж бэлтгэсэн

Өсвөр насны тэмээний ноосонд сор үсний хувь хэмжээ давамгайлж, завсрын үсний хэмжээ харьцангуй бага, ноос нь даахиралтгүй шахам байдаг. Энэ нь боловсруулах үйлдвэрлэлд эерэгээр нөлөөлдөг учир үйлдвэрлэгчид өсвөр насны тэмээний ноосыг арай илүү үнээр худалдан авна. Гэтэл урт зогдор ноосыг худалдан авагчид заримдаа их биеийн ноосноос ч илүү үнэ санал болгодог учир тус тусад нь ялгаж бэлтгэх нь ашигтай. Тэмээний ноосыг бэлтгэх ажиллагаа нь бусад малынхтай харьцуулахад хүн хүч ихээр шаардсан, хүнд хөдөлмөр. 

ЯМААНЫ НООЛУУРЫН БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭЛТ, ЧАНАР

Хэдийгээр ямаан сүргийн тоо толгой өсч байгаа боловч ноолуурын чанар тэр тусмаа дэлхийн зах зээлд ноолуурын үнийг тодорхойлдог ноолуурын голч сайжраагүй. 

Алхам II.3.: Малчны түвшинд тавигдах түүхий эдийн чанарын шаардлага

Хаг, шороо тоос болон бусад бохирдлыг бага бага байлгах үүднээс ноолуур самналтыг аль болох эрт зохион байгуулна. Түүхий ноолуур дах дээрх  бохирдлууд боловсруулсан ноолуурын чанарт сөргөөр нөлөөлж илүү ажиллагаа, зардал зарцуулахал хүргэдэг бөгөөд боловсруулсан ноолуурын цэвэр гарцыг багасгадаг.

Малын тавлаг байдлыг илүүтэй хангаж, хаг, хялгасны хольцыг багасгахын тулд ямаа самнах тусгай аргуудыг малчидтай хамтран туршиж үзэв (10-р зураг). Энэ аргын үед зөөлөн самнаж, нэг газар хэт олон самнахаас зайлсхийнэ. Хэд хэд самнасны дараа малчин сам ноолуур дах хагт хольцыг ажиглана. Хаг агуулаагүй ноолуур хагтайгаас илүү үнэд хүрнэ. Хаг ихтэй ноолуурыг хоршоо хүлээж авахгүй.

Малчид ямаагаа самнахдаа 6-р хүснэгтэд харуулсан ангиллын дагуу түүхий эдээ ямааны зүс, нас, хүйснээс нь хамааруулан чанараар нь ангилж, зориулалтын сав шуудайнд савлаж, дээр нь холбогдох хаяг шошгыг бичнэ. Ноолуурын голч, урт нь ямааны нас, хүйстэй нягт хамааралтай байдаг. Ингэж ангилснаар худалдан авагч тус бүрийн ноолуурын голч, уртад тавигдах онцгой шаардлагыг бүрэн хангах нөхцөл бүрдэнэ

Түүхйи ноолуурыг нас хүйс зүсээр нь ангилах систем

Өнгө

Ямааны зүс

Q1
борлон

Q2
2-4 настай эм ямаа

Q3
2-4 настай эр яма

Q4
5-6 настай ямаа

Цагаан

Цагаан

+++

+++

+

 

Цайвар саарал

Цайвар цайвар саарал, цайвар шарга, шаравтар

+++

++

+

 

Бараан

Хар, хар хүрэн, хар саарал

+++

++

+

 

Ноолуурын голч эр ямаа болон 5 дээш насны ямаанд хамгийн бүдүүн байгаа нь олон жилийн түүхий эдийн шинжилгээнээс харагдаж байна. Ангиллын системд хамгийн эрэлт хэрэгцээтэй сайн чанарын ноолуурыг + тэмдгээр ялгаж харуулав. + тэмдгийн тоо олон байх тусам түүхий эдийн чанар нь сайн. Будагтай (малаа тэмдэглэж будах), бохир (мод бутны навч, өтөг бууц ), даахирч ширэлдсэн, хуванцар мяндас агуулсан доод зэргийн ноолуурыг хүлээж авахгүй. Хуванцар мяндасны хольцоос сэргийлэхийн тулд хоршооноос полиэфир мяндсаар хийсэн урагддагүй сав шуудайг гишүүддээ нийлүүлдэг.

МАЛ, ТҮҮХИЙ ЭДИЙН ЭРҮҮЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

Борлуулалтын гэрээ хийгдсэн бүх малыг дахин давтагдахгүй дугаартай  RFID ээмэг зүүж, мал эмнэлгийн гэрчилгээг үүсгэхдээ дээрх малчин болон бэлчээрийн мэдээллүүдээс гадна дараах мал, малын гаралтай бүтээгдэхүүний  мэдээллүүдийг оруулж өгсөн. 

  1. Малын тоо, төрөл, хүйс, нас, RFID ээмэг, 
  2. Тээвэрлэж байгаа зориулалт, малын зураг
  3. Мал эмнэлгийн ямар ямар үйлчилгээ хийлгэсэн

Дээрх  мэдээллүүд нь холбогдох албан хаагч, байцаагч, хэрэглэгч бүрд мэдээлэгдэх ба сумын малын эмч мал эмнэлгийн гэрчилгээг үүсгэж үйлчилгээний талаарх мэдээллүүдийг оруулж өгнө.

Мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малд ээмэг зүүж байгаа нь

Сумын мал эмнэлэг үржлийн тасгийн байцаагч  мал эмнэлгийн үйлчилгээ, маршрут, хүчинтэй хугацаа болон тухайн лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн баталгаажуулж өгнө.

Мал эмнэлгийн гэрчилгээг  үүсгэх болон батлах үеийн үйл явц мэдээлэл холбооны 2G сүлжээний (гар утасны сүлжээ) орчинд явагдсан тул харьцангуй бага хэмжээний өгөгдөл солилцоно. Энэ нь манай орны дэд бүтцийн нөхцөл байдалд тохирсон болох нь туршилтын үеэр батлагдсан.

Системийн давуу талуудын нэг нь хяналт, шалгалтын ажлыг төлөвлөгөөтэйгээр хийх боломжийг байцаагч нарт олгосон явдал юм. Мал эмнэлэг үржлийн тасгийн болон замын хяналтын цэгийн байцаагч бүр өөрийн нэвтрэх эрхээр системд хандаж өөрт хамаарал бүхий мэдээллийг бодит цаг хугацаагаар авч хяналт тавьсан. 

Системд нэвтэрсэн байцаагч өөрт хамаарал бүхий бүх мал эмнэлгийн гэрчилгээнүүдийг хянах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн гэрчилгээтэй хамаарал бүхий оролцогч талуудтай шууд холбогдох боломжтой. Ингэснээр харилцаа холбоо сайжирч, малын хулгай, хууль бус тээвэрлэлт, мал, амьтны өвчний тархалт зэргээс сэргийлж чадна.

Боловсруулах үйлдвэрлэлийн үеийн хяналт

Замын турш хяналт, шалгалтын цэгүүдийг амжилттай давсан Мах Маркет компанийн ачааны машинууд сая нэг үйлдвэр дээрээ ирлээ. Үйлдвэр дээрээ ирсэн даруйд тээвэрлэгдэж ирсэн малыг тус үйлдвэрийн малын эмч RFID уншигч төхөөрөмжөөр тоолно.  Хүлээн авсан малын тоо МЭГ дээрх тоотой таарснаар систем дээр “хүлээн авсан” гэдэг тэмдэглэгээг үйлдвэр хийнэ. Махны үйлдвэрийн албаны хүмүүс тус системийг ашигласан бөгөөд өөрт хамаарал бүхий МЭГ-үүдийг хянаж байна. Хэрэв замдаа саатсан бол ямар шалтгаанаар саатсныг тодруулах, арга хэмжээ авах боломжийг тэдэнд олгодгоороо давуу талыг махны үйлдвэрүүдэд өгч чадсан.

Махны үйлдвэрийн хүлээн авсан малын жагсаалт нь өөрөө бүртгэлийн жагсаалт болох бөгөөд нэмэлт мэдээлэл оруулах боломжийг хүлээн авагчид олгосон. Ингэснээр тухайн малын эрүүл мэндийн байдал, нядалгаанд оруулсан эсвэл оруулаагүй бүртгэлийг хийх, цаашлаад үйлдвэрлэлийн процессийг эхлүүлэх суурь болж өгнө. Малын бүртгэлээс нядалгаанд орж буй малын дахин давтагдахгүй дугаар ( ДДД)-ыг гаргаж зориулалтын принтерээр хэвлэнэ. Үйлвэрлэлийн бүх процесст дагалдаж явах энэхүү ДДД нь хамгийн сүүлд эцсийн бүтээгдэхүүн дээр хадагдснаар зорилгодоо хүрнэ