card

Цар хүрээ

Тус холбоо 81,6 мянган гишүүнтэйгээс 80,0 мянган малчин өрх, 1445 малчдын хэсэг бүлэг (БАХ), 156 сумын бэлчээр ашиглагчдын холбоо (СБАХ), аймгийн 18 бэлчээр ашиглагчдын холбоо ТББ (АБАХ), маркетингийн болон хадгаламж зээлийн 87  (ХЗХ) хоршооны гишүүнчлэлтэйгээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Бид аймаг сумдад малчдын байгууллагыг хөгжүүлэх бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн төрийн байгууллагын оролцоог идэвхжүүлэх зорилгоор сум аймгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсэг (БМАХ)-ийг байгуулахад нь арга зүйн дэмжлэг үзүүлж чадавхжуулж байна.

Малчдын байгууллагын байршил

Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо
Сумын бэлчээр ашиглагчдын холбоо
Бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг
Малчдын хоршоо


Дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчдын хамтын зохион байгуулалт болох бэлчээр ашиглагчдын хэсэг бүлэг, холбоо, хоршоодын хамтын ажиллагааны бүтэц зохион байгуулалт, тогтвортой санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэлт, орлого хувиарлалтын загвар зэргийг боловсруулан хэрэгжүүлж байна байна. Улсын хэмжээнд  бэлчээр ашиглагчдын хэсэг бүлгийг /БАХ/  байгуулан үйл ажиллгаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Улмаар бэлчээр ашиглагчдын  хэсэг бүлгүүдийн зохион байгуулалтыг дэмжих, тэдний эрх ашгийг төлөөлөх зорилгоор аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо /АБАХ/ ,  сумын бэлчээр ашиглагчдын холбоод /СБАХ/  байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа ба малчдын малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэлэмж, нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн анхан шатны болон дундын  хоршоо, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хадгаламж зээлийн хоршоо байгуулагдан хөгжиж байна. Эдгээр хоршоодод 12,6 мянган малчин өрхийн 1,03 тэрбум төгрөгийн хөрөнгийг бүрдүүлж, 292 байнгын 342 түр ажиллагсад  ажиллаж, жилийн нийт борлуулалтын орлого 2,7 тэрбум давж, улсад жилд 4 сая төгрөгийн татварыг төлж байна. Үүнээс гадна 818 БАХ дээр 127 дундын сангийн тусгай тохиргоотой дансан дээр 24,2 мянган малчин өрхийн 3,05 тэрбум төгрөгийн хуримтлал бий болжээ.

Үйл ажиллагаа

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ) бэлчээрийн сэргэх чадавхи, малчдын хамтын оролцоонд тулгуурласан байгууллагыг хөгжүүлэх замаар бэлчээрийн менежментийг төлөвшүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажилладаг үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага юм. Бид судлаачдыг дэмжих, судалгааны шинэлэг арга зүйг нэвтрүүлэх, бэлчээрийн харилцааны дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр иргэн, төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллаж байна. Малчдыг дундын бэлчээрээ ашиглаж ирсэн уламжлалт хэлбэрээр зохион байгуулалтад оруулах нь манай улсын бүх хүн амын тэн хагасыг ажлаар хангаж, орлогын үндсэн эх үүсвэр нь болдог бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдгээс гадна хөгжлийн үйл явцад түлхүү нийцэж байгаа юм. Бид дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчин өрхүүдийг Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ)-ийн зохион байгуулалтад ороход нь мэргэжлийн арга зүйгээр хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сайжруулах, шинэ түнш, зах зээлтэй болоход нь зуучлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр МБАНХ-оос дараах  үйлчилгээг үзүүлж байна.

  • Гишүүн, гишүүн бус байгууллагуудыг чадавхжуулах үйлчилгээ үзүүлэх
  • Гишүүн байгууллагыг хөгжүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Малчдын байгууллагыг үүсгэх, хөгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ
  • Бэлчээр ашиглалтын эрх зүйн орчинг сайжруулах талаар Засгийн газар, түүний харъяа байгууллагуудтай хамтран ажиллах
  • Бэлчээр ашиглалтын бодлого, журам, гэрээ, маргаан шийдвэрлэхэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулахад зуучлах
  • Гадаад, дотоодод үзэсгэлэн яармаг зохион байгуулах
  • Зохион байгуулалтыг дэмжих үйл ажиллагаа явуулах
  • Туршлага судлах, төлөөлөгчид солилцох, зохион байгуулах
  • Тэргүүн туршлага, бизнес, хөрөнгө оруулалтын мэдээлэл солилцох
  • Гишүүн байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааг дэмжих
  • Сургалт, семинар, уулзалт зохион байгуулах
Малчдын байгууллагын хэрэгцээ шаардлага

1990-ээд оноос манай улс зах зээлийн эдийн засаг бүхий нийгэмд шилжсэнээр малчин өрхүүд малаа хувьчилж өөрийн болгосон билээ. МАА салбарыг зохицуулж байсан тогтолцоо өөрчлөгдсөний улмаас  энэ салбарт хяналт тавьж зохицуулахад хүндрэлтэй болж   Аж үйлдвэрийн салбарын хөгжил зогсонги байдалд орсны улмаас  ажилчид ХАА салбарт шилжиж малчид нэмэгдэж, малын тоо өссөн. Малчид мөнгөн орлого илүү оруулдаг малаа голлон өсгөсний улмаас сүргийн зохистой бүтэц алдагдаж Үүний улмаас бэлчээрийн даац хүрэлцэхгүй болох доройтолд орох зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байна. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хайж эхэлсэн.           

Бэлчээрийн асуудлыг БАХ-ийн тогтолцоонд тулгуурлан шийдвэрлэх ажлыг хэрэгжүүлж байна

БАХ-ийн зохион байгуулалтанд орсноор малчид бие даан хэрэгжүүлж чадахгүй байгаа үйл ажиллагаануудаа хамтран хэрэгжүүлж эхэлсэн: Үүнд.

  • Бэлчээр ашиглалтын удирдлага, зохион байгуулалт
  • Тэжээл тариалах, хадлан бэлтгэх, төмс хүнсний ногоо тариалах
  • Малын үржлийн ажлын зохион байгуулалт
  • Малчдын сургалт, экстейншений үйл ажиллагаа
  • Мал аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт борлуулалт
  • Орлого ашгаа хэрхэн хуваарилах, ашиглах зарцуулах талаар зах зээлийн нөхцөлд зохицсон бизнесийн мэдлэг боловсрол, сэтгэлгээ гэх мэт.
Малчдын байгууллагуудын өнгө төрх

Малчин өрх, хот айл, малчдын бүлэг, бэлчээр ашиглагчдын хэсэг, бэлчээр ашиглагчдын холбоо, хоршоо гэсэн уламжлалт болон нийгэмд бүрэлдэж эхэлж байгаа байгууллагууд /субект/ бэлчээрийн МАА-н асуудлуудыг зохицуулах оролдлого хийж байна. Малчин өрх, хот айл болон малчдын бүлгүүд нь бэлчээрийн асуудлыг зохицуулах боломж нь хязгаартай ба бэлчээрийг гэрээгээр ашиглах боломжгүй юм. Тухайлбал малчин өрх болон хот айлуудтай гэрээ хийх бол бэлчээрийн нөөц хүрэлцэхгүй. Малчин өрх болон хот айлуудын бэлчээрийн радиус нь 2-3 км байдаг ба энэ нь бог малын бэлчээрлэх зай юм. Харин бод малын бэлчээрлэх зай нь 10 км-ээс дээш байдаг. Малчдын жижиг бүлгийн тухайд бол дээрх бэрхшээлүүдээс гадна өрхүүд сайн дураараа элсдэг тул нүүдлийн замыг хааж хязгаарлах эрсдэлтэй юм. Бэлчээрийн төлөв байдал чанарын өөрчлөлтөд төрийн зүгээс хийх хяналт мониторингийн ажлыг малчин өрх бүрийн бэлчээрт хийх чадавх бүрдээгүй байгаа ба санхүүгийн хувьд боломж хязгаартай байсаар байна.

СБАХ болон хоршоо нь бэлчээрийн асуудлыг зохицуулах бүрэн боломжтой боловч аж ахуйн нэгж, байгууллага гэсэн статустай тул гэрээгээр ашиглах боломжгүй юм.

БАХ-т малын бэлчээрээ дундаа ашигладаг бүх өрхүүд хамрагддаг тул бэлчээр зохицуулахаас гадна гэрээгээр ашиглах бүрэн боломжтой гэдэгт бид ямагт итгэлтэй байдаг.

БАХ-ийн хөгжлийн үе шатанд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа

Бид БАХ-ийн хөгжлийг 8 үе шатаар тодорхойлсон. Тухайлбал:

  1. Эхний үе шатуудад малчдад бэлчээрийн менежмент, сайн туршлагуудын талаар ойлголтуудыг өгөх ба загвар болох БАХ-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулдаг
  2. Бэлчээр ашиглах журам, төлөвлөгөө боловсруулах батлах хэрэгжүүлэх болон гэрээ байгуулах хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь тодорхой хугацааны дараа давтан үйлдэгддэг ажил юм.
  3. Улмаар үе шат бүрт хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтран ажиллах байгууллагууд, зөвлөх үйлчилгээний чиглэл болон арга хэлбэр, санхүүгийн дэмжлэгийн эх үүсвэр, хүрэх үр дүн зэргийг бид нарийн тодорхойлсон
  4. Төсөлд шинээр хамрагдах аймаг, сумдад БАХ-ийн хөгжлийн эхний үе шатуудын үйл ажиллагааг голчлон хэрэгжүүлнэ
  5. Хөгжлийн зохих түвшинд хүрсэн БАХ-үүдэд журам, төлөвлөгөө, гэрээгээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх болон хяналт үнэлгээ хийх дахин төлөвлөхөд чиглэсэн үйл ажиллагааг хэргжүүлнэ
СБАХ, АБАХ дараах чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг
  • БАХ-ийг төлөөлж нийгмийн харилцаанд оролцох
  • Орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллах
  • БАХ-үүдэд сургалт мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Бэлчээрийн менежментийн талаархи судлаачдын судалгааны үр дүнг сурталчлах, нутагшуулах
  • БАХ-ийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөртэй холбох, байгууллагуудтай хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх
Цаашид баримтлах чиглэл
  • Малчдын байгууллагуудыг дан ганц бэлчээр, малчдын асуудалд анхаарлаа хандуулдаг гэж ойлгож болохгүй юм.
  • Эдгээр байгууллагыг ажил олгогч, татварын бааз бүрдүүлэгч, шинийг санаачлагч, бүтээн байгуулалтанд оролцогч хүч, судалгаа болон сургалтийн байгууллага гэдэг талаас нь харах нь чухал
  • Байгууллагын хөгжлийн явцад орхигдож байгаа зарим үйл ажиллагааг сануулж сэргээх. Тухайлбал Байгууллагын эрхэм зорилго, зорилт, алсын хараа, үнэт зүйлээ тодруулах, түншлэлийг өргөжүүлэх
  • Төрийн байгууллагаас бүх талын дэмжлэг авах тэднээр хүлээн зөвшөөрүүлэх, Санхүү, нийгмийн даатгал, хүн ам, аж ахуйн тайланг цаг тухайд нь гаргаж төрд тушаах
  • Байгууллагуудын хөгжлийн үе шатанд тохирсон менежментийг хэрэгжүүлэх