card

Хариуцлагтай малчид

ХАРИУЦЛАГАТАЙ МАЛЧИД

Дэлхийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний сонгон авалт сүүлийн жилүүдэд ихээр өөрчлөгдөж байна. Тухайлбал байгаль орчинд ээлтэй, гарал үүсэл нь тодорхой түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүсдэг болсон. Дэлхий нийтийн энэхүү чиг хандлагатай холбоотойгоор Moнгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмж ихээр өсөж байна. ШХА-ийн НАМЭМ төсөл, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо  нь  “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх системийг 2017 оноос эхлэн Дижитал медик компанитай хамтран олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлж байна.

Энэхүү систем нь малчдын байгууллагын бүртгэл мэдээллийн сан, улсын хэмжээний дата мэдээллийн сангуудтай холбогдож байгаа бөгөөд малын гаралтай түүхий эдийн гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг 6 стандарт үзүүлэлтийн дагуу баталгаажуулна. Өөрөөр хэлбэл орон нутгийн  малчид, малчдын байгууллага нь бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, тавлаг байдал, түүхий эдийн чанар, байгаль орчинд ээлтэй зэрэг үзүүлэлтүүд дээр  анхаарч мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний байгальд ээлтэй, тогтвортой, хариуцлагатай байдлыг баталгаажуулж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүний түүхийг мэдэх боломжоор хангах юм.

Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг  малчны хотноос эхлээд  эцсийн хэрэглэгчийн гар дээр тавих хүртэл алхам бүрд хийгдсэн үйл ажиллагааг  мэдээлэл технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн стандартчилснаар малчид, БАХ-үүд бэлчээрийн тогтвортой байдал, бэлчээрийн менежментийн дадлуудыг нэвтрүүлж, хамгийн сайн чанарын малын гаралтай түүхий эдийг (сарлагийн хөөвөр, торомны ноос, ноолуур, арьс, шир, мах) бий болгож, улмаар эдийн засгийн урамшуулал хүртдэг “Хариуцлагатай малчин”-г бий болгоно.

Хариуцлагатай малчдын шалгуур үзүүлэлтэд малчид бэлчээр нутгаа дундаа хамтран ашиглаж ирсэн уламжлал дээрээ үндэслэн хэсэг бүлгийн зохион байгуулалтад орж мал аж ахуй, бэлчээрийн менежментийн дадлуудыг хэрэгжүүлдэг байх, бэлчээр ашиглалтын гэрээг сумын Засаг даргатай байгуулан гэрээний хэрэгжилтийг зохион байгуулж жил бүр дүгнүүдлэг байх, хоршооны идэвхтэй гишүүн байх, жил бүр хоршоотой гэрээ байгуулж түүхий эдээ тогтмол нийлүүлдэг зэрэг үзүүлэлтийг  чухалчлах бөгөөд бусад 5 стандарт үзүүлэлттэйгээ харилцан хамааралтай байна.  

Хариуцлагатай малчдын шалгуур үзүүлэлтйиг үнэлэхийн тулд  ГЗБГЗЗГ-ын газрын кадастерийн мэдээллийн сан, хариуцлагатай нүүдэлчид мөшгөх системийн  малчдын байгууллагын бүртгэл мэдээлэлд үндэслэн  түвшинөөр ангилж гаргана. Ингэснээр малчдаас бэлтгэж буй түүхий эдийн хариуцлагатай тогтвортой байдлыг баталгаажуулах бөгөөд  хэрэглэгчид түүнийг хянах боломжтой болно.