card

Сэргэх чадавхид суурилсан ашиглалт

БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭ ХАНДЛАГА 

Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан менежмент: туршлага ба нотолгоо

Хүрээлэн буй орчин, улс орны эдийн засгийн өөрчлөлтийн нөхцөлд мах, сүү, ноос ноолуур зэрэг байгалийн гаралтай бүтээгдхүүний үйлдвэрлэл болон үйлчилгээний тогтвортой байдлыг хангахад бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалт бүхэлдээ чиглэгддэг. Бэлчээрийн ургамалжилт, хөрсийг хамгаалах, сэргээн сайжруулах, малын ашиг шим, эрүүл мэндийг хамгаалах замаар малчин зоны ган зуд, уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилгыг “сэргэх чадавхи” өөртөө агуулж байдаг. Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалт нь бэлчээр ашиглалттай холбоотой аливаа тулгамдсан асуудлуудыг зөв төсөөлж, орон нутгийн түвшинд малчдын байгууллага (жишээлбэл бэлчээр ашиглагчдын хэсэг, малчдын бүлэг, хот айл) болон сумын захиргаагаар дамжуулан орон нутагтаа шийдвэрлэх арга замыг зөвлөх, хэрэгжүүлэх боломжийг холбогдох мэргэжилтнүүд болон малчдад олгодог.

ГЗБГЗЗГ-аас мөрдөж байгаа бэлчээрийн менежментийн хамрах хүрээг сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлалд тодорхой заасан. Газрын төлөвлөлтийн энэ ажиллагааг илүү боловсронгуй болгох үүднээс 1) төлөвлөгөө боловсруулах ба хэрэгжүүлэх явцад БАХ, малчдын бүлэг, малчдын оролцоог дээшлүүлэх, 2) орон нутагт бэлчээр ашиглалтын үр нөлөөг хянах хөтөлбөрийг хэрэгжүүлэх улмаар өвлийн бэлтгэлээ базаах, дасан зохицох менежмент хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлчээрийн төлөв байдал, тооцоот даацын мэдээллээр хангах, 3) бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсан БАХ-ийн тоо нэмэгдэж байгаа, гэрээг ГЗБГЗЗГ-ын дэргэдэх газрын мэдээллийн санд албан ёсоор бүртгэх ажил эхлээд байгаа, 4) сүргийн менежмент ба зах зээлд хүрэх боломжийг дээшлүүлэх ажлууд хийгдлээ.

Үндэсний хэмжээнд ХХААХҮЯ, ГЗБГЗЗГ, ЦУОШГ, орон нутгийн түвшинд бэлчээр ашиглагчдын хэсгүүд болон сумын захиргаад хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан сэргэх чадавхид  суурилсан бэлчээрийн менежментийн 6 чухал алхам хэрэгждэг (Зураг 1). Эдгээр алхмууд бол бэлчээр ашиглалтын гэрээний амин чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бэлчээрийн төлөв байдлыг хадгалан хамгаалахын тулд харилцан хүлээх эрх, үүргээ малчид болон сумын захиргаа зөвшилцөн тохиролцох гол суурь болж өгдөг. Бэлчээр ашиглалт ба сүргийн менежмент, ялангуяа ашиглалтын хуваарь, малын тоо, ачааллыг тохируулах арга хэмжээг нутгийн иргэдээр гүйцэтгүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлчээр ашиглалтын гэрээг ашиглаж байна.

Зураг 1. Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан менежментийг хэрэгжүүлэх алхмууд

Бэлчээр нутгаа хамтдаа ашиглаж ирсэн уламжлалт хил зааг дээрээ үндэслэн малчид зохион байгуулалтанд орох (БАХ болон бусад боломжит хэлбэр байж болно)- оос сэргэх чадавхид суурилсан бэлчээрийн менежментийн үйл ажиллагаа эхлэнэ.

Алхам 1:

Бэлчээрийн уламжлалт хил заагийг зурагт буулгаж БАХ-ийн бусад малчид болон хөрш малчид, малчдын бүлгүүдтэй зөвшилцөх, экологийн талбар, улирлын ашиглалт, бэлчээрийн төлөв байдал зэрэг орон зайн мэдээллийг нэмж тусгах, мөн сумын газрын даамал, бэлчээр хариуцсан мэргэжилтэн, БАХ-ийн төлөөлөл хамтран экологийн чадавхийн тодорхойлолтыг ашиглан БАХ-ийн бэлчээрт үнэлгээ өгөх.

Алхам 2:

БАХ-ийн бэлчээрийн  зураглал болон экологийн чадавхийн тодорхойлолтыг ашиглан малчид, сумын мэргэжилтэн хамтран бэлчээр ашиглалтыг жилээр төлөвлөх, түүний дотор ачаалал, улирлаар ашиглах хуваарь, сэргээх арга хэмжээ зэргийг тусгах.

Алхам 3:

Бэлчээр, мал үржлийн мэргэжилтнээс техник ажиллагааны заавар зөвлөмж авах замаар төлөвлөгөөг хэрэгжүүлэх тал дээр малчид хамтран ажиллана.

Алхам 4:

Туршлагаас үзэхэд бэлчээр сэлгэх/амраах, тэжээл бэлтгэл, мал үржил, эрүүл мэнд, зах зээлд борлуулах гээд олон асуудлыг хамардаг, тухай бүр шийдвэр гаргах шаардлагатай учир энэхүү 4 дэх алхам бол хамгийн төвөгтэй байдаг. Улсын хэмжээнд хэрэгжиж буй фотомониторингийн хөтөлбөрийн хүрээнд сумын газрын даамал жил бүхэн БАХ-уудын улирлын бэлчээр бүрээр сонгосон цэг дээр мониторинг хийж бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр нөлөөг хянадаг.

Алхам 5а, 5б:

Сумын даамал энэхүү үнэлгээнд тулгуурлан бэлчээрийн чадавхийн зураглал, сэргэх чадавхийн түвшинг хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчлэхээс гадна менежментийг өөрчилж шинэчлэх орон зайн шаардлагыг тодорхойлно. Энэ нь менежментийн төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг зохицуулах чухал арга хэрэгсэл мөн. ЦУОШГ ба ГЗБГЗЗГ-аас тус тусын цэг дээр явуулж буй урт хугацааны мониторингийн мэдээллийг аймагт болон төв байгууллагуудад хүргүүлж, газар дээрх нөхцөл байдал, хандлагын талаарх мэдээллийг малчид, сумын захиргаа, олон нийтэд түгээнэ.

Алхам 6:

Бэлчээрийн төлөв байдал, чанарт гарч буй өөрчлөлтийн талаарх эдгээр мэдээллийг ашиглан шаардлагатай нөхцөлд экологийн чадавхийн тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт хийх боломжтой.

Дээр дурьдсан эдгээр алхмууд үндэсний болон орон нутгийн нэлээд олон байгууллагыг хамардаг учраас тэдгээр байгууллагын хоорондын зохицуулалт чухал юм. Тухайлбал,

  • Малчдын байгууллагууд; БАХ-үүд, Бэлчээр ашиглагчдын хэсгийн сумын холбоод, Бэлчээр ашиглагчдын хэсгийн аймгийн холбоод, Бэлчээр ашиглагчдын үндэсний  холбоо
  • Төрийн байгууллагууд: ЦУОШГ, ГЗБГЗЗГ, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төв
  • Хувийн хэвшил: боловсруулах үйлдвэрүүд, банк, бизнесийн бүлгүүд
  • Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд
  • Байгаль орчны төслүүд, Иргэний нийгмийн байгууллагууд

Аймаг, сумдын Засаг даргын орлогч нараар удирдуулсан бэлчээрийн менежментийн ажлын хэсгүүд олон талт үйл ажиллагааны зохицуулалтын чиг үүрэгтэйгээр байгуулагдан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгүүд нь дээр өгүүлсэн бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан менежментийн алхмуудын үр ашигтай уялдаа, оролцогч талуудын хооронд өгөөжтэй хамтын ажиллагааг хангах, бэлчээр ашиглалтын гэрээ зэрэг бүхий л алхамуудад харгалзах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллаж байна.