card

Фотомониторингийн сүлжээ

 ОРОН НУТГИЙН НӨХЦӨЛД БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ҮР НӨЛӨӨГ ХЯНАЖ ҮНЭЛЭХ ФОТОМОНИТОРИНГИЙН СИСТЕМ

Бэлчээрийн менежментийн тодорхой шийдэл гаргахад голлох зүйл ургамлын бүрхэц боломжтой түвшинд байгаа эсэх болон эдгээр голлох зүйл ургамлын бүтэц бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар мэдээлэл авахад фотомониторингийн арга (Booth and Cox)-ыг ашиглаж байна. Энэ арга нь ашиглахад харьцангуй хялбар, цаг уурын улсын сүлжээн дээрх мониторингийн арга зүйтэй харьцуулахад богино хугацаанд олон цэгийн мэдээлэл цуглуулах боломжтой. ГЗБГЗЗГ-аас энэ аргыг нэвтрүүлэх шийдвэр гаргаснаар бэлчээр ашиглалтын үр нөлөөг хянахад үндэсний хэмжээнд ашиглаж эхэллээ. Газрын харилцааны улсын сүлжээн дээрх фотомониторингийн энэхүү систем одоогоор бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг бүрээр улирлын бэлчээрийг төлөөлөх 4200 цэгийг хамарч байна (Зураг 1.).

Зураг1. Газрын харилцааны улсын сүлжээн дээрх фотомониторингийн цэгийн тархалтын зураг,  2017 оноор

Сумын газрын даамал сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүний хамтаар зэрэгцээ татсан 50 метр туузыг дагуулан 5 м зайтай авсан фото мэдээллийг жил бүр цуглуулж Sample Point програм ашиглан дурын масштаб, фикселийн тоон дүрслэл дээр дүн шинжилгээ хийж, өгөгдлийг хүснэгт рүү автоматаар бүртгэдэг (J. Cagney, S. E. Cox and D. T. Booth, 2011). Ургамлын түлхүүр зүйл болон аж ахуйн бүлгээр бүрхцийг тооцоолж, гарсан үр дүнг ГЗБГЗЗГ-ын дэргэдэх үндэсний хэмжээний мэдээллийн санд оруулдаг. Өнөөдрийн байдлаар уг санд 278 сумын бүх баг, БАХ-ийн хил заагийн доторх улирлын бэлчээрийг төлөөлж буй 4200 орчим цэгээс авсан мониторингийн мэдээлэл, дагалдах фото дүрслэлийн хамт хадгалагдаж байна.

Ургамлын голлох зүйл, аж ахуйн бүлгүүдээр бүрхэц болон ургацыг тодорхойлсон тайланг БАХ тус бүрээр үндэсний мэдээллийн сангаас гаргах боломжтой. Бэлчээрийн төлөв байдал, хандлага, ашиглалтын менежментийн нөлөөллийг үнэлэх, ирэх өвөл-хаврын улирлын бэлчээрийн даацыг тооцох, сүргийн эргэлтийн зохистой хэмжээний талаар зөвлөмж өгөхөд мэдээллийн энэхүү  сан гол үндэслэл болж өгдөг.