ӨМӨЗО Туршлага судлах аялал.
МОНГОЛ МАЛЧИД ӨВӨРМОНГОЛ МАЛЧДЫН АМЬДРАЛ АХУЙТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛАВ
Монгол Улс, БНХАУ хоорондын найрамдалт харилцаа үүссэний 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох анхдугаар уулзалт 2019 оны 06 сарын 18-25 ны өдрүүдэд боллоо. Уг уулзалтыг Монгол талаас “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, БНХАУ талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компани хамтран зохион байгуулсан юм. Уг уулзалтаар хоёр улсын малчид түүхий эд, цагаан идээ, махны төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх талаар туршлага солилцох, өвс бордоо, газар тариалан эрхлэх талаар харилцан суралцах, мах, цагаан идээгээ аялал жуулчлалын бүсээр дамжуулан хэрхэн олон улсын зээлд гаргах талаар санал солилцов.
Энэхүү соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох анхдугаар уулзалтад Монгол талаас МБАНХ-ны Төв аймгийн АБАХ-ны тэргүүн Х.Мягмарсүрэн, Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Г.Ганзориг гэргий А.Цэцэгжаргалын хамт, Эрдэнэ сумын малчин Ц.Цэгмид гэргий Б.Дүүрэндэлгэрийн хамт оролцсон юм. БНХАУ талаас ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компанийн захирал Н.Алтанбагана, Зүүн Сөнөд хошууны малчин Т.Өлзийбаяр нар оролцсон юм. Мөн туршлага солилцох анхдугаар уулзалтын талаар мэдээлэл бэлтгэхээр “Тэгт тойрог” кино компанийн найруулагч П.Батболд, МБАНХ-ны сурвалжлагч П.Нарандэлгэр нар байлцсан билээ.
Энэ өдрүүдэд өвөрмонгол малчин айлын амьдрал ахуйтай танилцах зорилгоор ӨМӨЗО-ны Зүүн Сөнөд хошууны малчин Төгсбуяны Өлзийбаярын гэрт зочлон очсон. Тэрбээр мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ газар тариалан эрхэлж, “Хамт хоршоо”-г ахлан Зүүн Сөнөд хошууны 250 гаруй малчин өрхөөс нийлүүлдэг сүү, мах зэргийг зах зээлд борлуулах ажлыг хариуцан хийдэг ажээ.
Ингэснээр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан Хоршооны малчин өрхүүдийг санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд санаа тавин ажилладаг гэдгийг онцолж байсан юм. Мөн Зүүн Сөнөд хошууны Цагаан идээний үйлдвэр, малчдад зориулсан “Хамт хоршоо”-ны дэлгүүртэй танилцуулж, Авга хошуун дахь “Монгол” махны үйлдвэрийг танилцуулсан.
Тус улсын хувьд “WECHAT” сүлжээг нийгмийн бүхий л харилцаанд ашигладаг онцлогтой. “Хамт хоршоо”-ны үйл ажиллагаа ч мөн адил хэрэглэгчдээс сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний захиалгыг авч, малчдаас түүхий эд хүлээн авах, бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргах зэрэг бүхий л ажлыг хийхдээ уг сүлжээг ашигладаг ажээ. Хоршооны гишүүд тус бүрт “Гишүүний карт” олгогддог бөгөөд уг картанд тэднээс авсан түүхий эдийн үнийг зах зээлд борлуулсаны дараа шилжүүлдэг гэнэ.
Малчин хүн бол бэлчээр нутгийг хамгаалагч. Байгальд ээлтэйгээр малаа хариулж, чанаржуулахад анхаардаг бөгөөд борлуулах, ашиг олох ажлыг хоршоондоо даатгадаг байна. Тус улсын хувьд айл өрх бүр өөрт оногдсон газартаа мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал гээд боломжит бүх хувилбараар ашигладаг бөгөөд энэ нь нутаг орноо эзэнтэй болгож буй үйлдэл аж. Нэг малчин өрх 300 толгой хүртэлх малтай байх ёстой бөгөөд өөрийн эзэмшлийн хашаан дотроо хуваарилалт хийж, хавар, зун, намрын бэлчээр гаргаж, XI дүгээр сараас өвлийн улирал дуустал хашаандаа тэжээл өгч өвөлжүүлдэг аж. Тогтоосон тооноос илүү гарсан бол хонин толгой тутамд 200-300 юанийн торгууль төлдөг гэнэ. Мал тооллогыг дроноор тоолдог аж. Худаг ус нийтийн эзэмшлийнх бөгөөд нарны үүсгүүр ашиглан цахилгааны асуудлаа шийдсэн бөгөөд мал амьтан ирэхэд мэдрэгч ажиллан хувин усыг дүүргэдэг байна. Мөн энэ үеэр Зүүн Сөнөд хошууны Баяннуур гацаагаар аялж, малчин айлд зочилж хонь хяргах үе таарсан тул найрсаг харилцаагаар хонийг нь хяргахад туслалцсан юм.
Түүнчлэн Шилийн гол аймгийн Авга хошууны “Монгол” махны үйлдвэртэй танилцаж, Чингис Богд уулыг тойрон аялж, “Чингисийн найман шарга морьт шүтээн”-йиг очиж үзсэн юм. “Монгол” махны үйлдвэр нь 2013 оны 9 сард байгуулагдсан бөгөөд жил бүрийн 8-10 сард мах бэлтгэлийн ажлыг хийдэг гэнэ.
Үхэр, хонины махыг хүнсэнд хэрэглэх, чанар болох хэрэглэгчийн таашаалд нийцүүлсэн үзэмжтэй савалгаа бүхий махыг зах зээлд нийлүүлдэг аж.
Туршлага солилцох уулзалтын хүрээнд монголын талаас очсон зочид маань Сүлд компанийн үйл ажиллагаатай танилцаж. Өвөрмонгол үндэсний хувцасыг өмсөж гэрэл зургаа татуулж эртнээс уламжлан ирсэн өв соёлтой нь танилцсан юм. Мөн Эрээн хотын Динозаврын музей, Зүүн Сөнөд хошууны Дурсгалын ордон, хийд, музей, Хийморын овоог үзэж сонирхсон юм. Хийморын овооны хувьд Шилийн гол аймгийн 13 хошууг төлөөлөн овоо босгосон бөгөөд баяр наадам, тахилгыг нэг дор хийдэг гэнэ.
Мөн энэ үеэр сумын наадамтай таарч, зочдод өвөрмонгол бөхчүүдийн ёс дэг, жаягийг сонирхох боломж олгосон юм. Дараа нь Зүүн Сөнөд хошуунд байх Гиннессийн номонд “Хамгийн том гэр”-ээр бүртгэгдсэн монгол гэр, цахилгаанаар халдаг монгол гэр, гар урлалын үйлдвэрийг үзэж сонирхсон билээ. Хамгийн том гэр”-ийн хувьд зогсоогоор 3000 хүн багтдаг бөгөөд 1000 хүний суудал бүхий хүлээн авалтын танхим болгон ашигладаг гэнэ. Уг гэрт Өвөрмонгол хосууд хуримлахаар очих дуртай газрын нэг гэдгийг малчин Т.Өлзийбаяр онцолж байсан юм. Цахилгаанаар халдаг монгол гэр, байшингийн хувьд байгалийн буюу нар, салхины эх үүсвэрийг ашиглан цахилгаан дулаанаа шийддэг бөгөөд хот хөдөө хаана ч ашиглах бүрэн боломжтой ажээ.
Хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох анхдугаар уулзалтад оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Г.Ганзориг гэргий А.Цэцэгжаргалын хамт
“Адилхан монгол хүмүүс гэдэг утгаараа ижил төстэй зүйл олон байна”
Г.Ганзориг: Ар монголоос МБАНХ-ны хоёр улсын малчдын туршлага судлах уулзалтад ирлээ. Өвөрмонголчууд маань малаа малаад сайхан амьдарч байна. Мал маллах арга нь орчин нөхцлөө дагаад суурин болсон байна. Мал нь хашаандаа болохоор санаа зовох зүйлгүй малаа малладаг юм байна. Өвөрмонгол малчдын амьдралын ялгаатай талууд байгаа ч аргагүй л адилхан монгол хүмүүс гэдэг утгаараа ижил төстэй зүйл олон байна. Өвөл боллоо гэхэд малчин хүнд санаа зовох юм алга. 11 сар гэхэд шууд хашаандаа оруулж, тэжээлээр бордож, хавар цас хайлсан хойно бэлчээрт гаргадаг юм байна. Манай Монголд бол өвөл зуд болоход сандардаг шүү дээ.
“Монгол малчдаас ялгаатай нь газар тариаланг хослуулдаг юм байна”
А.Цэцэгжаргал: Манайхаас өөр зүйлүүд ч байна. Адилхан ч зүйлс байна. Нутаг орондоо хэрэгжүүлэх зүйл ч их байна. Мэдээж амьдралын өөр хэв маягтай гэдгийг харлаа. Ар монгол, өвөр монгол малчдын туршлага солилцох ажлыг улам өргөжүүлж олон малчид харилцан зорчиж, олон малчид дахин ирж үзэж харж танилцаасай гэж хүсэж байна. Ахуйн өв соёлтой нилээн сайн танилцлаа. Найрсаг сайхнаар хүлээн авч байна. Монгол малчдаас ялгаатай нь газар тариаланг хослуулдаг юм байна. Техник тоног төхөөрөмж услалтын систем нь бүрэн автоматжсан байна. Хүний хүч хөдөлмөр орох шаардлага алга.
Мөн малчид хоршоогоороо дамжуулж малаас гарч байгаа бүхий л түүхий эдээ эргэлтэнд оруулж, худалдаалж байна, Хоршоог жинхэнэ утгаар нь ажлуулж, үр шимийг нь хүртэж байна. 250 өрхийг хоршуулдаг гэж байна. Буцаад хоршооныхоо нэрийн дэлгүүрээс малчин хүнд хэрэгтэй бүхнээ авч байна. Тэр өрхийн бүхий л хэрэглээг хангадаг нь их таалагдлаа.
Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Ц.Цэгмид, гэргий Б.Дүүрэндэлгэрийн хамт
“Авга хошууны “Монгол” махны үйлдвэр маш ихээр таалагдлаа”
Ц.Цэгмид: Юуны өмнө хоёр улсын малчдын соёлын харилцааг дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох анхдугаар уулзалтын багийн гишүүн болсондоо баяртай байна. Миний хувьд Авга хошууны “Монгол” махны үйлдвэрт очсон маань маш ихээр таалагдлаа. Махыг хэрэглэгчдийн хэрэглээнд тааруулан хайрцаглаж, нэг талаараа хэрэглээний соёлыг нэвтрүүлж, түүхий эдийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож байгаа нь маш их таалагдлаа. Өвөрмонголчууд малыг үр ашигтайгаар зах зээлийн эргэлтэнд оруулж чаддаг юм байна.
“Малынхаа баас, шээсийг бордоо болгон ашигладаг юм байна”
Б.Дүүрэндэлгэр: Монголчууд бид малынхаа баасыг гал түлэхэд л голдуу ашигладаг гэтэл энд байгальд ээлтэйгээр мод ургамал тарихад бордоо болгон ашиглаж байна. Шээсийг нь савлаад хөрс бордож байна гэвч манайд тэрийг хэрэглэдэг, ашигладаг туршлага байхгүй шүү дээ. Сумынхаа хоршоог санхүүгийн чадамжтай болгох хэрэгтэй юм байна. Өвөрмонголоос хамгийн сайхан санагдсан нь энэ хоршооны үйл ажиллагаа байлаа.
Малчин Т.Өлзийбаярын хариуцдаг хоршоонд 250 малчин өрх харъяалагддаг гэж байна. Малчид бүхий л түүхий эдээ хоршоондоо өгч, түүнийг нь хоршоо зах зээлд үнэтэй зардаг юм байна. “Малчин хүн махны үнэ тогтооно” гэж байгаа нь сайхан санагдлаа. Манай монголд малчин хүн малаа ченжид л голдуу өгдөг. Тэр ченж л үнэ өсгөдөг. Харин энд хоршоо мал махыг нь, сүүг нь аваад боловсруулаад худалдаад, дараа нь үнэ мөнгийг нь дансанд нь хийдэг юм байна. Жилийн эцэст хоршооны ашиг гэж ногдол ашиг өгдөг гэнэ. Хоршооны тусламжтайгаар малын гаралтай бүтээгдэхүүн нь үнэ цэнэтэй болж, малчны хөдөлмөр үнэлэгдэж байна. Малынхаа ашиг шимийг бүрэн хүртэж чадаж байгаа нь үнэхээр сайхан санагдлаа.
МБАНХ-ны Төв аймгийн АБАХ-ны тэргүүн Х.Мягмарсүрэн:
“Хоршоо малчдынхаа мөнгөөр хөдлөх хөрөнгөтэй болсон нь их таалагдлаа”
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны шугамаар ӨМӨЗО-д Төв аймгийнхаа хоёр малчин өрхийн гишүүдтэй хамт туршлага солилцох анхны уулзалтад оролцлоо. Бидний уулзалт их үр дүнтэй сайхан боллоо. Өвөрмонголчууд маань эртний сайхан өв соёлоо, нүүдэлчин ахуйгаа их сайхан хадгалж ирсэн юм байна. Малчдын хоршоог маш сайн хөгжүүлж чадсан байна. Энд “Эргэн мөшиг тогтолцоо” бүрэн ажиллаж байна. Түүхий эдээ хоршоондоо өгчихдөг, хоршоо нь борлуулалтаа хариуцаж мөнгийг нь өгдөг, жилийн эцэст ашиг хуваадаг юм байна. Малчид малаа хоршоондоо өгч мөнгийг эргэлтэд оруулах боломжийг олгосноор Хоршоо нь хөдлөх хөрөнгөтэй болчихдог юм байна. Энэ арга нь их таалагдлаа.
Бид хоршоог зөвхөн түүхий эд хүлээн авах, үйлдвэрлэгчдэд түгээхэд л голдуу ашигладаг. Малчид түүхий эдээ ченжэд голдуу өгчихдөгөөс хоршоо нь ажиллахад санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Учир нь малчид түүхий эдээ өгөөд тэр дор нь мөнгөө эргүүлээд авахыг хүсдэг учраас түүхий эдийг нэмүү өртөг шингээх боломж байдаггүй юм байна. Харин манай НАМЭМ төслийн “Эргэн мөшиг тогтолцоо” энэ бүхнийг хэрэгжүүлэх боломж олгосон. Монголчууд маань малаа чанаржуулж, бэлчээрийн даацаа тэнцвэржүүлэх талаар маш зөв ойлгох хэрэгтэй байна.
Хамт ирсэн малчид маань тооноос илүү чанарт анхаарч, малынхаа үр ашгийг нь бүрэн төгс хүртэх талаар маш сайн ойлголт авсан гэж бодож байна. Малаа маш сайн эргэлтэд оруулж, хоршоо нь санхүүгийн хувьд тогтвортой, чадамжтай болсноор “Чэнж” гэдэг хүнийг санхүүжүүлэхгүй байх боломжтой. Монголын маань малчин бидэнд бүхий л боломж бололцоо байгаа тул гол нь нэгдэж, зохион байгуулалтад орох хэрэгтэй юм байна.
Бид тал нутагт өөрийнхөөрөө амьдраад сурчихсан, эрх чөлөөтэй явдаг. Харин энд цаг хугацаатай уралдаж байна. Хоршоонд нь малчин хүнд хэрэгтэй бүхэн байна. Сүүг нь машинтай очиж аваад үйлдвэртээ боловсруулж, цагаан идээ болгоод худалдаад явуулчихдаг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоод малчиддаа ашиг өгч байна. Үнэхээр улсын бодлого их зөв явдаг юм байна гэж харлаа. Өвөрмонголчууд манай Монголд маань очиж нүүдэлчин ахуй соёлтой танилцаж, МБАНХ-оос Монголын 18 аймгийн малчдыг холбож, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, улам сайхан болно гэдэгт итгэж байна.
Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны малчин Т.Өлзийбаяр
“Зөв хоршвол илүү үр ашигтай хөдөлмөрлөх хүч гарч ирдэг”
Хүмүүс халх монгол, өвөр монгол гэж ялгаж салгаж их ярьдаг. Гэхдээ энэ бол буруу үзэгдэл, буруу ухаан. Бүгд л адилхан монгол туургатан. Малаа маллаж л амьдардаг. Ялгаа нь хоёр өөр улсын бүртгэлд л байгаа. 20 улсад байсан ч бид малтай, нутагтайгаа байх монгол хүмүүс. Бид бүгд адил малын цагаан буянаар амьдрал ахуйгаа тэтгэж яваа. Хүн надаас мэдэж сурахыг хүсвэл сурсан бүхнээ хэлж зааж өгнө. Тиймээс биднийг зорин ирсэн зочиддоо талархаж байна.
Манай “Хамт хоршоо” 2015 онд үүсгэн байгуулагдсан. Бид Өвөрмонголынхоо 550 түмэн хүн амын төлөө ажиллаж, “Хамт хоршоо”-г хошуу болгонд байгуулсан. Миний хувьд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны “Хамт хоршоо”-г хариуцан ажилладаг. Хоршоонд маань 250 гаруй өрх хамаардаг. Манай хоршооны захиргаа Хөх хотод төвлөрч, Өвөрмонголынхоо бүх хошуунд “Хамт” үйлчилгээний төв байгуулсан. Тэнд эм, эмнэлгийн бүтээгдэхүүнээс өгсүүлээд малчин хүний хэрэгцээ шаардлагад нийцэх бүхнийг худалдаалдаг.
Зарим үед надад байхгүй зүйл чамд байдаг, чамд байхгүй зүйл надад байдаг. Энэ хоёрын хооронд гүүр болж, худалдааны төвөөрөө дамжуулж худалдаад өгчихнө. Мөн манай хоршооны үйл ажиллагааны хүрээнд Шанхай, Гуанжу, Бээжинд махны худалдаа эрхэлдэг үйлчилгээний төв, хоолон гэрүүд байдаг. Бид “Хамт” хоршоог хамтдаа хоршиж, цугтаа хийе гэдэг зорилгоор байгуулсан. Бидний суурь бол малчид. Тодруулбал, миний хариуцсан 300 өрх, өөр хүний хариуцсан 300 өрх, бас нэгний хариуцсан 300 өрх гээд байна.
Нэг айл хонь хургаа зах дэлгүүрт хувиараа борлууллаа гэхэд тэр газрын л ханшаар борлуулна. Магадгүй бүр багаар ч зарж борлуулж магадгүй. Зах дэлгүүрээс гадна хэн нэгэн арилжаачин /ченж/ гэрт нь ирээд үнэ ханш тогтоодог. Харин хоршсоноор малчид гадаад зах зээлд худалдаалах үнээ өөрсдөө тогтоодог. Яаж гэвэл, жишээ нь танай 300 хонь, тэдний 300 хонь, өөр хэн нэгний 300 хонь гээд 900 хонь боллоо. Тэгээд малчдын хонины махыг худалдаалах ханшыг тогтооно. Хоршсоноор малчид нэгд, мөнгөтэй болно. Хоёрт, аж ахуйн суурь бүрдэнэ. Ямар нэгэн юм хийнэ гэхэд бөөнөөрөө хамжаад хийчихнэ.
Хятадын нэг зүйр үг бий. “Гурван хүн нийлснээр нэг мэргэн ухаан болно” гэдэг. Тэгэхээр манай малчид нэгдэхэд маш их ухаан гарч ирнэ. Гурван өрх байлаа гэхэд зөв хоршвол илүү үр ашигтай хөдөлмөрлөх хүч гарч ирнэ. Жишээ нь, “За чи хонио маллачих” гээд хоньтой айлдаа хэлнэ “За чи үхрээ маллачих” гээд хоёр дох үхэртэй айлдаа хэлнэ. Тэгээд илүү гарсан гуравдахь хүн нь гадагшаа явж зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад анхаарна. Цагаан идээгээ борлуулж, махаа зарна. Хэрвээ гурван айл хамтраагүй бол чи өөрийнхөө хонийг хариулна, чи өөрийнхөө үхрээ усална. Үнэндээ чи өдөртөө хаана ч хүрэхгүй их ажилтай, ямар ч завгүй амьдарна.
Харин малчид хоршсоноор малаа хариулж, тариагаа тарьж, зах зээлд борлуулалт хийх гээд бүхий л асуудлыг зөв шийдэж болдог. Гол нь зүгээр л сууж болохгүй. Ер нь малчин хүн гэдэг бэлчээр нутгаа хамгаалагч, байгалаа хайрлагч, монгол соёлыг дэлгэрүүлэгч. Нэн ялангуяа малчин бүсгүй хүнээс, тулгаа тойрсон тэр бодол монгол ухаанаас урган гарч ирдэг. Тийм болохоор энэ бүхнийг үлдээж, амь, ахуйгаа хамгаалах гэж чармайж явна.
Хамгийн гол нь хоршоог бид өөрсдийн хүчээр босгосон. Мөнгөтэй болоод ирэхээр ажлыг хачин амархан шийдэж болдог. Мөнгөгүй бол банкнаас зээл авна гээд яриад байдаг. Харин бидний хувьд 5-7 айл нэгдээд энэ асуудлыг маш амархан бүтээсэн. Тодруулбал, нэгдсэн айлуудаас тодорхой тооны малыг нийлүүлж мөнгө болгоно. Тухайн жилдээ нэг айлаа дор нь баян айл болгож болно. “Чи энэ жил энэ мөнгөөр нэг сайн босоод ир” гэдэг. Ингэснээр хэдэн жилээр хичээж, амьдрах аргаа олох гэж чармайдаг бол нэг л жилд босоод ирнэ. Тэгээд амьдрал боломжийн болоод бусаддаа туслана.
Амьдралын аар саар асуудалд санаа зовохгүй амьдрана. Ингээд бодвол олон арга бий. Ямар ч юмыг бодоход айхтар ухаанаар ажил урагшладаггүй. Амьдрал хэцүү байна гээд хөмсөг зангидаж, амьдралдаа, биедээ дарамт өгч амьдрах хэрэггүй. Түүний оронд гурван айлын ашиг орлогоор нэг айлыг босгоход дор нь чинээлэг өрх болно. Гурван жилд 3 өрх гээд гурав, гурваараа явахад их амархан босоод ирнэ. Хоршоод ирэхээр аяндаа бэлэн мөнгө гар дээр ороод ирнэ. Түүгээр хачин амархан асуудлыг шийдэж болдог.
Манай “Хамт” хоршоонд 100 гаруй компани, хувийн аж ахуйтан нэгдсэн. Бидэнд эргэлтийн бэлэн мөнгө дутна гэж байхгүй. Тэдгээр мөнгө малчдын ашиг орлогыг нэмэгдүүлдэг. Малчдын гар дээрх бэлэн мөнгө “үхмэл зоос” гэж болно. Харин бидэнд тэр мөнгө нь байгаа цагт эргэлдүүлнэ. Бидний төсөв төлөвлөгөө ч тэр хүрээнд ажилладаг. Тухайлбал, Шанхай, Гуанжу зэрэг хотоос манай махны үйлдвэрээс мах авах захиалгаа 2 жилийн өмнө бидэнд өгч мөнгөө өгдөг. Захиалгыг тэр дор нь өгдөггүй.
Анх хоршооны ажил хийхээс өмнө том хотуудад айлын хаалга тогшоод “Бүтэн мах авах уу” гэж хаалга тогшин явдаг байсан. Харин одоо хэрэглээнд нь тохируулан өдөр, өдрөөр нь буюу үдийн хоол, оройн хоолны махыг нь аваачиж өгдөг болсон. Мах хүргэлтээр явдаг нутгийн залуучууд ажилтай болж, сургалтын төлбөрөө тэндээс олчихож байна. Нэг хонийг хуваагаад арван айлд өгөхөд 10 хүн ажилтай болчихож байна. Ийм л ухаанаар бид ажиллаж байна.
ӨМӨЗО-ны Эрээн хотын “Сүлд” компанийн захирал Н.Алтанбагана
“Малчин хүн хөдөлмөр чармайлтаа үнэлүүлж байх ёстой”
Би малчин хүн. Гэхдээ одоо соёлын компани байгуулан ажиллаж байна. Соёлын судалгаа хийж эхэлсэн цагаас малчдын амьдрал зан үйлийг их судалсан. Зүрхнээс гарсан хүсэл сонирхолоо дагаж явсаар одоо би Цахар соёл судалгааны гишүүн, Монгол ардын өв соёлын байгууллагын гишүүн, Олон улсын монгол судлалын хувийн гишүүн.
Би Монголд очдог болоод 20 иод жил болсон байна. Тэгээд МБАНХ-той холбоо тогтоож, ганган сайхан байгальтай Монгол орныг өвөрмонголынхоо малчиддаа харуулж, соёлын харилцааг дэлгэрүүлж, харилцан туршлага солилцох уулзалтыг хийхийг зорьсон. Уулзалтын үр дүнд мал аж ахуйн түүхий эд, улаан цагаан идээгээ боловсруулж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэхэд хоёр улсын малчид хамтрах боломж нэмэгдэх болтугай.
Малчин хүн гэдэг жилийн 4 улиралд нар бороо салхитайд ялгалгүй малаа малладаг. Малчны хөдөлмөр амар биш. Малчин хүн ченжид хамаг хүч хөдөлмөрөө зүгээр өгөөд байж болохгүй. Малчин хүн цаг улирлын байдалд тохируулан тэсвэр тэвчээртэй даван туулсан өдрүүдийн хөдөлмөр чармайлтаа үнэлүүлж байх ёстой. Заавал ченжийн гар дамжихгүй малчны хөдөлмөр үнэлэгддэг болчихвол айлын амьдрал аяндаа сайхан болно.
Энэ удаагийн туршлага солилцох анхдугаар уулзалт сайхан боллоо. Дараагийн уулзалтууд маань улам бүр төгс гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна. Та бидний ажил үйлс улам бүр дэлгэрээд Өвөрмонголын бүх л аймгуудаар Монголын аймаг сумдаас ирсэн малчид очиж үзэн, соёлын солилцоог дэлгэрүүлнэ гэдэгт итгэж байна. Хамтран ажилласан багийнхандаа баярлалаа. Аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
П.Нарандэлгэр