Бэлчээрийн тогтвортой менежмент, экологийн чадавхын 2021 оны шагналын эзэд тодорлоо

Кени улсын Найроби хотноо IGC болон IRC-ийн хамтарсан XXIV цахим их хурал 2021 оны 10-р сарын 25-29-ний өдрүүдэд "Амьжиргааг сайжруулахад бэлчээрийн болон бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах нь" сэдвийн дор зохион байгуулагдлаа. Олон улсын бэлчээрийн их хурал нь тогтвортой хөгжил, хүнсний үйлдвэрлэл, биологийн олон янз байдлыг хадгалах зэрэг хүн төрөлхтний тусын тулд байгалийн болон таримал бэлчээр, тэжээлийн ургамлын бүх талын мэдээллийг харилцан солилцохыг дэмждэг.

Энэ хүрээнд бэлчээрийн судалгаа, төлөвлөлт, бүтээн байгуулалт, менежмент, өргөтгөл, боловсрол, сургалт зэрэг бүхий л талын шинжлэх ухаан, техникийн мэдээллийн солилцоог дэмжиж, туршлагыг танилцуулдаг томоохон ач холбогдолтой хурал юм. Түүнчлэн бэлчээр, бэлчээрийн экологи, тэжээлийн үйлдвэрлэл, ашиглалт, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоо, зэрлэг ан амьтан, аялал жуулчлал, бэлчээрийн олон талт байдал, бэлчээрийн гангийн менежмент ба уур амьсгалын өөрчлөлт зэрэг бүхий л талын шинжлэх ухаан, техникийн мэдээллийг харилцан солилцох, бэлчээрийн мал аж ахуй, нийгэм, жендер, бодлогын асуудал болон чадавхыг бэхжүүлэх, өргөтгөх засаглалын асуудлыг хэлэлцэв.

Олон улсын энэхүү хурлын үеэр “Бэлчээрийн тогтвортой менежмент, экологийн чадавхын 2021 оны шагнал”-ын эздийг тодруулсан бөгөөд Монгол улсаас Увс аймгийн Давст сумын “Бичигт хад” Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч Б.Баян-Очир, Төв аймгийн Лүн сумын “Адуун чулуун” Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч Ж.Солонго нар тодорлоо. Мөн Бүгд найрамдах Киргиз улсын “Сары булак” Бэлчээр ашиглагчдын холбооны ахлагч Асанова Гулжан тус  шагналын эзнээр тодорчээ.

Тус шагнал нь бэлчээрийн тогтвортой менежментийг хангаж, бэлчээрийг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсийн төлөө бэлчээрийн даацыг  тохируулан зохистой ашигласан Бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг (БАХ), Ойн нөхөрлөл, бүлэг хамтлагт (БНХМН) олгох зорилготой гэнэ. Шалгаруулалтыг ХХААХҮЯам, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо (МБАНХ), Бэлчээр болон Нүүдлийн Мал Аж Ахуй Эрхлэгчдийн Олон улсын жилийг дэмжих Төв (IYRP), Ази ба Монголын улсын хороо, Байгаль Орчин Хөгжлийн “Жасыл” Холбоо зэрэг байгууллагууд хийдэг ажээ.

Увс аймгийн Давст сумын “Бичигт хад” Бэлчээр ашиглах хэсгийн ахлагч Б.Баян-Очир                                               /Бэлчээрийн тогтвортой менежмент, экологийн чадавхын 2021 оны шагналын эзэн/

  

Төв аймгийн Лүн сумын “Адуун чулуун” Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч Ж.Солонго                                                     /Бэлчээрийн тогтвортой менежмент, экологийн чадавхын 2021 оны шагналын эзэн/

  

Бүгд найрамдах Киргиз улсын “Сары булак” Бэлчээр ашиглагчдын холбооны ахлагч Асанова Гулжан                                               /Бэлчээрийн тогтвортой менежмент, экологийн чадавхын 2021 оны шагналын эзэн/

 

П.Нарандэлгэр