Гурван сая гаруйхан хүн амтай улсын маань мал сүргийн тоо 70 гаруй сая болж, малчид бэлчээрийн даацаас илүү гарсан малаа худалдан борлуулах аргагүй, ашиг шимийг нь авч барахгүй ч буянт малаа тоо толгойгоор нь өсгөсөөр. Бэлчээр нутаг талхлагдан хомсдож, эргэн сэргээгдэх чадавхи буурсаар буй нь нуух аргагүй үнэн билээ. Манай улсын хэмжээнд 2019 оны эцсийн мал тооллогын дүнгээр малын тоо толгой 71 саяд хүрсэн байсан бөгөөд 171.6 мянган малчин өрхийн эзэмшилд нийт малын 89.4 хувь байдаг нь тогтоогдсон. Эдгээр өрхийн 74.5 хувь нь 500 хүртэлх тооны малтай бол 18.5 хувь нь 1000 хүртэл, харин 7.1 хувь нь 1000-аас дээш малтай.
Нэгдэл хэмээх социалист зохион байгуулалтад муугаар хэлбэл хайрцаглагдаж, сайнаар ярьвал жаргаж байсан малчид ерээд оноос хойш, тодруулбал өмч хувьчлалын дараагаас бие даан мал өсгөх, аж ахуй эрхлэх амаргүй замд орсон бөгөөд туршлагагүй зарим нь 2000, 2001 оны зуднаар байдгаа барчихсан түүх ч бий. Нүдэн дээр болж өнгөрсөн үйл явдал дахин давтагдвал яах вэ, малчид байгалийн гамшгийг хэрхэн давах туулах ёстой юм бэ хэмээн хаана хаанаа бодож эхэлсэн.
Гэхдээ бодсон бүхэн санаснаа хэр ажил хэрэг болгосон эсэхийг мэдэхгүй юм. Лав мал аж ахуй эрхлэгчдэд туслахаар бусдаас түрүүлж хөдөлсөн, удаан хугацааны турш, үр дүн гартал нь тууштай дэмжиж урт хугацааны төсөл хэрэгжүүлсэн байгууллага бол манай улсад үйл ажиллагаа явуулдаг Швейцарын хөгжлийн агентлаг юм.
Малын бэлчээрийг зохистой ашиглаж олон талын үр дүн гаргахыг зөвлөж зорьсон “Ногоон алт”, мөн мал эрүүлжүүлэх зорилго бүхий “Малын эрүүл мэнд” төслийг тус тусад нь хэрэгжүүлж байгаад нэгтгэн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” (НАМЭМ) төсөл болгож, царааг нь өргөжүүлэн хэрэгжүүлээд, өдгөө өндөрлүүлж байна. Уг төслийг хэрэгжүүлсний үр дүнд Бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, бэлчээр ашиглалтын гэрээ нэвтрүүлэх замаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зохистой тогтолцоог орон даяар төлөвшүүлэх боломжтойг нотоллоо. Төслийг санаачлагчид зорьсондоо хүрсэнчлэн малчид ч төслийнхний чиглүүлж зөвлөснөөр малаа эрүүлжүүлэх, дундаа хоршоо хэлбэрийн санхүүгийн байгууллагатай байх гэх зэрэг олон талын мэдлэг эзэмшсэний нэг нь бэлчээрийг хариуцлагатайгаар ашиглаж, үр шимийг нь хүртэх дадал, зуршил юм.
Монголчууд өнө эртнээс нааш мал аж ахуй эрхлэн амьжиргаагаа тэтгэж ирсэн бөгөөд мал маллах ээлжлэх дөрвөн улирал, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулсан уламжлалт арга ухаан, технологитой ч, орчин цагийн амьдралын хүрдэнд алдаж онох, дутуу дулимаг бодох нь байна. Одоогийн малчдын зарим нь удам залгамжилсан, арга, туршлага сайтай байхад нийгмийн шилжилтийн жилүүдэд аргагүй нөхцөл байдлаас хөдөө гарч мал дагаж амьдрах болсон нь ч бий тул холимог болсон гэхээр. Угсаа гарваль, боловсрол, мэдлэг, туршлага адилгүй малчдын аж ахуйдаа хандах нь ч өөр ажгуу. Чухам ийм хүмүүст малаа маллаж, ашиг шимийг нь хүртэж ая тухтай амьдрахын тулд юуны өмнө мал аж ахуй эрхлэх үндсэн, суурь нөхцөл болсон бэлчээрээ зохистой ашиглаж байхыг төслийн зүгээс санал болгож, тусалсан, хөрөнгө ч харамгүй зарцуулсан хэрэг. Дэлхийд хөгжлөөр тэргүүлэгч орон тусламжийн гараа сунгасан нь нүүдэлчин соёл иргэншлийн сүүлчийн голомтын нэг болох Монгол улсад малчид нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа зүй тогтол, горимоор нь зохистой хөгжүүлж, ашгийг нь нийтээрээ хүртэх, магадгүй дэлхийд үлгэрлэхэд түлхэц болсон үр дүн гаргах зорилготой.
Бэлчээр ашиглах талын өвөг дээдсийн минь ухааны улбааг орчин үеийн шаардлагад нийцүүлэн арга, технологи болгон боловсруулсанаа НАМЭМ төсөл малчдад санал болгосон, зөвлөсөн. Дөрвөн улирлын бэлчээрээ гамна, ялангуяа өвөлжөө, хаваржаагаа хайрла, өвөлжөөний бэлчээрийг аль болох эрт чөлөөл, хаваржаандаа түргэн буу, цаад тал нь зургадугаар сарын 10 гэхэд зусландаа гарчихсан бай гэх зэргээр зөвлөдөг. Отроор сайн явж, өвөлжөөндөө аажим ор, тэгвэл нутаг өвстэй байх бөгөөд цаг агаарын хүндрэл, зуд турхныг өнтэй давахад тустай гэхчилэн чиглүүлж ирэв.
Хүн хэлэхээс наашгүй гэдэг. Малчид “Үнэхээр нэг нутагт удаан байхаар бэлчээрээ талхалдаг. Малын тоо толгой хэтрэх нь маллахад төвөгтэйн зэрэгцээ бэлчээрийн даац хэтрээд, эцэст нь мал идэш тэжээлийн хомсдолд орох аюултай. Нэг малын идэх өвсийг хэд хэдэн мал идэхээр ямар тэжээл болох билээ” хэмээн бодож, ярилцаж эхэлсэн бөгөөд ингэснээр төслийнхний санал, санаачилгыг хүлээн авч, хэсэг бүлгээрээ төслийн оролцогч болж эхлэн дөрвөн улиралд залхууралгүй нүүдэг болсны сацуу өнжөөх, амраах замаар бэлчээрээ сайжруулдаг болсон нь гол амжилт юм. Төслийн гэрээт байгууллага Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь аймаг, сумдын удирдлага, Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран 18 аймгийн 184 суманд 91,991 малчин өрхийг 1575 Бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад оруулж, 62,1 сая га бэлчээрийг зүй зохистой ашиглаж, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлжээ. Энэ хүрээнд 50.2 сая га бэлчээрийг ашиглах, хамгаалах гэрээг сумын Засаг даргатай байгуулж үүрэг хүлээн ажиллаж байгаа нь нийт бэлчээр нутгийн 40 орчим хувийг хамарч байна. Бэлчээр хамгаалах, сайжруулах зорилтын хүрээнд малчид улирлын нүүдлийн хуваариа бүрэн мөрдөж, бэлчээрийг малын хөлөөс чөлөөлж, сэлгэж, амраах, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн 4 жилийн хугацаанд 40 гаруй сая га бэлчээрийг соргог түвшнээс нь бууруулалгүй хадгалж, 20 сая га орчим бэлчээрийг сэргээн сайжруулсан байна.
Бэлчээрийг зохистой ашиглахгүй, жилийн хоёр, гурван улиралд мөлжөөд, талхлаад байх юм бол мал давжаарч, тарга хүч авахаа байх, тэр хэрээр ашиг шимийг нь бүрэн бүтэн авч чадахгүйд хүрдэг. Тийм учраас малаа цөөлж, ашиг шим илүү өгөх цөөн тооны малтай байх нь ажиллагаа багатай бөгөөд ядаж долоо хоног ч болов амрах завтайгаар аж төрөх нөхцөл бүрдэнэ. Бэлчээрийг зохистой ашиглахын нийгэм, эдийн засгийн ач холбогдлын зах зух энэ бөгөөд малчид хэдийнэ ашиг сайтай цөөн малтай байхыг эрмэлзэх болсон. Гагцхүү одоогийн байдлаар хотондоо буй олон малын заримыг хэрхэн худалдан борлуулахаа мэдэхгүй байгаа юм.
Швейцарын хөгжлийн агентлагаас “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслөө өндөрлүүлж байна. Олон жилийн турш хэрэгжүүлсэн төслийн үр дүн, үлдэх өв, ирээдүйд хүрэх үр дүнгийн талаарх мэдээллээ хамтран ажилласан байгууллагууд, салбарын яам, Засгийн газарт хүлээлгэн өгч буй.
Энд зөвхөн бэлчээрийн зохистой хэрэглээ, хариуцлагатай ашиглалтын тухай сэдвийг цухас хөндлөө. Бэлчээр ашиглалтын хэсэг, малчдын бүлэг гэх зэрэг нэгжүүдийн хүрээнд малын бэлчээрээ зохистой ашиглах ухаанд суралцсан малчид ололтоо бэхжүүлээсэй. “Төсөл хэрэгжихээ больсон юм чинь” гээд бүү орхичихоосой. Бэлчээрээ цаашид хариуцлагатай ашиглаж, үр дүнг нь хүртэж амьдраасай.
Эх сурвалж: educated.mn