Г.Тэмүүлэн: НАМЭМ төсөл Монгол Улсын ХАА-н салбарын Хөгжлийн төсөл болсон

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төслийн хаалтын арга хэмжээ "Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ" уриан дор зохион байгуулагдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төслийн хаалтын арга хэмжээнд зориулан мэндчилгээ дэвшүүлсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

“Ногоон Алт Малын Эрүүл мэнд” төслийн үр дүнг хүлээлгэн өгөх арга хэмжээнд цахимаар оролцож байгаа эрхэм хүндэт зочид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье...

Өдгөөгөөс 17 жилийн өмнө зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр эхэлж байсан энэ төсөл өнөөдөр МУ-ын МАА-н салбарын хөгжлийн түүхэнд нэгэн тодоор бичигдэх түүхийг өнгөрсөн цаг хугацаанд бүтээжээ. Энэ ч үүднээс энэ төслийн хамт олонд, Швейцарын хөгжлийн агентлагт юуны өмнө чин сэтгэлийн баяр, талархалыг дэвшүүлж байна...

“Ногоон Алт Малын Эрүүл мэнд” төсөл өнөөдөр МАА-н салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлсэн Малын эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетик нөөцийн тухай хуулийг боловсруулахаас эхлэн бэлчээрийн менежментийг сайжруулах, мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, малчдын амьжиргаа орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад Монгол малын гаралтай түүхий эдийн үнэлэмжийг дэлхийд таниулан сурталчлах хүртэлх МУ-ын МАА-н салбарын чадавхыг бүрдүүлэхэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттайгаар хэрэгжүүлж ирсэн баялаг түүхийг бий болгожээ.

Мөн Ногоон алт төслөөс хэрэгжүүлсэн бүхий л үйл ажиллагаа нь Монгол малыг эрүүлжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, улмаар малчдын амьжиргаа, орлогыг нэмэгдүүлж, МАА-н салбарын тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд чиглэж байсан. Энэ төслийн хүрээнд ХАА-н салбарт гаргасан үр дүнгүүд, загвар сумууд, төслүүд нь бидний МАА салбарт хийх үйл ажиллагаандаа жишиг загвар, алсын хараа болгон хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Би энд онцлон хэлэх ёстой энэ төслийн амжилттай хэрэгжүүлсэн нэг ажил бол МУ-ын бэлчээр хамгаалах чиглэлээр хийсэн хөрөнгө оруулалт, нийгэмд бий болгосон хандлагын өөрчлөлт юм. Өнөөдөр хөдөөд малчдын хамтын ажиллагаа, хамтын хөдөлмөр, зохион байгуулалтыг хөгжүүлж, Монголын малчид өөрсдийн зохион байгуулалт бүхий 1600 гаруй Бэлчээр ашиглагчдын хэсэгтэй болсон байна. Мөн энэ төслийн санаачлага, олон жилийн уйгагүй хичээл, зүтгэлийн хүрээнд малчдын бэлчээр нутгаа ашиглаж хамгаалах менежментийг сайжруулах үүднээс 1200 гаруй сумдад “Бэлчээр ашиглах гэрээ” хэрэгжиж эхлээд байгааг энд онцлох ёстой. Улмаар энэ оноос хэрэгжиж эхэлсэн малын тоо толгойн албан татварыг ч анхнаас нь малчдад ойлголт, мэдээлэл өгөх ажлыг санаачлан хэрэгжүүлж байсан нь өнөөдрийн бодит ажил хэрэг болоод байна.

Цаашдаа бид бүхэн тэр дундаа, төр Засгийн зүгээс “Ногоон алт Малын эрүүл мэнд” төслийн олон жилийн хугацаанд, МУ-д бий болгосон арвин их туршлага, сургамж, бүтэц, чадавхийг алдахгүйгээр улам цааш бэхжүүлэх, хөгжүүлэх, хийж амжаагүй зүйлсийг нь үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлагатайг чухалчлан энд хэлье... Тэр дундаа энэ төсөл МАА салбарын хамгийн гол хүчин зүйл болсон Бэлчээр хамгаалах асуудлаар төр, засаг бидний олон жил хэлэхийг хүсээгүй бодит үнэн, хэрэгжүүлэхийг хүсээгүй тэр шийдлийг хамгийн чангаар дуугарч байсанд талархах ёстой. Гэсэн ч одоог хүртэл энэ асуудал хууль болон мэндлээгүй байгааг төр засаг, улстөрчид бидний зүгээс анхаарч хийх ёстой ажил, үүргээ хангалттай ухамсарлан, эрх ашгийн эрэмбээр асуудалд хандах ёстой гэдгийг энд нуулгүй хэлье...

Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнд МАА-н салбарт бий болсон тэргүүн туршлага, амжилтын түүхийг түгээн дэлгэрүүлэх, нутагшуулах ажилд төр, засгийн бодлого, шийдвэрийг чиглүүлэх талаар хууль тогтоогчийн үүднээс өөрийн зүгээс хичээж ажиллах болно гэдгийг хэлэх байна.

Эцэст нь Швейцарын хөгжлийн агентлагийн санаачлагаар хэрэгжүүлсэн “Ногоон Алт Малын Эрүүл мэнд” төсөл МУ-ын ХАА-н салбарын Хөгжлийн төсөл болсон гэдгийг би баяртайгаар дүгнэж хэлэх байна...

Энэ ч үүднээс хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан “Ногоон Алт Малын Эрүүл мэнд” төслийн хамт олондоо, “Швейцарийн Хөгжлийн Агентлагт чин сэтгэлийн халуун талархалыг хувиасаа болон МУ-ын УИХ-ын нэрийн өмнөөс илэрхийлж байгааг минь хүлээн авна уу...

Ингээд Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэж, Монгол Улс маань тун удахгүй өндөр хариуцлага бүхий малчинтай, бэлчээрээ хамгаалсан хуультай болно гэдэгт итгэлтэй байна.