Бэлчээрийн үндэсний IV дэх форум цахимаар зохион байгуулагдаж байна

Бэлчээрийн үндэсний IV дэх форум “Хариуцлагатай нүүдэлчид”, “Тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт, нэгдмэл байдлыг хамгаалахын төлөө ажиллаж байна” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

Форумын хүндэт зочноор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга, доктор Стефани Бурри, Швейцарын хамтын ажиллагааны газрын дэд дарга Бенуа Мейэр-Биш, ХААИС-ийн дэд захирал Д.Гантулга, Олон улсын бэлчээрийн конгрессийн ерөнхийлөгч, доктор Дана Келли нар уригдан оролцож байгаа юм. Мөн ХХААХҮЯ, Швейцарийн Хөгжлийн агентлаг, тус агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, Монголын Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн холбоо, Газарзүй зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, МУИС, ХААИС зэрэг байгууллага, 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлууд, ХАА-н мэргэжилтэн эрдэмтэн судлаачид, төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн малчид оролцож байна.

Форумыг нээж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ХАА-н байнгын хорооны гишүүн Б.Тэмүүлэн нээж үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Манай орны МАА-н салбарын хамгийн том асуудал болсон бэлчээрийг хамгаалж, сэргээх талаар саналаа хэлж ирээдүйн төлөвөө хэлэлцэхээр дөрөв дэх намраа чуулж буй нийт оролцогчдод талархал илэрхийлж байна. Тэр дундаа Монгол орны бэлчээрийн төлөө тод дуу хоолой болж ирсэн Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн холбоо, ШХА-ийн төслийнхөнд талархал илэрхийлье. Монгол орны ХАА, мал аж ахуйн үндэс болсон бэлчээр болон газартай холбоотой асуудлыг бүрэн зохицуулж, бие даасан хууль эрхзүйн орчинтой болгох үүднээс Үндэсний зөвшилцлийн шийдэл ойлгоцыг бий болгох зорилгоор Бэлчээрийн Үндэсний санал асуулга болох Үндэсний зөвлөгөөнийг УИХ, Засгийн газраас санаачилан зохион байгуулж хийхээр төлөвлөж байна” гэдгийг онцоллоо. 

Дөрөв дэх жилдээ зохиогдож буй энэхүү форумын үндсэн илтгэгчээр Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн зохицуулагч, доктор Ц.Энх-Амгалан, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн бэлчээрийн мэргэжилтэн, доктор Д.Булгамаа, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хорнадогийн судалгааны төвийн захирал, доктор Брандон Бестелмейер, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн хяналт, үнэлгээний мэргэжилтэн Ч.Баярмаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн малын эрүүл мэндийн мэргэжилтэн С.Дивангар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн санхүү, захиргаа, хоршооны мэргэжилтэн Г.Тэлмэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны малчдын байгууллагын хөгжлийн ажилтан Л.Ганцогт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зөвлөх У.Будбаатар нар оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Форумын үеэр салбар хурлууд зохиогдож байна. Тухайлбал, Малчдын Хадгаламж зээлийн хоршоодын хөгжил: “Дэлхийн жишиг хоршоо байгуулах нь”, Судлаачид, оюутнууд 2020/2021 онуудад хийсэн судалгааны үр дүнгээсээ танилцуулах, Малчид, оюутнууд залуу судлаачдын дунд явуулах “Бэлчээрийн ургамал таних” уралдаан, “Монголын тал хээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахын ач холбогдол” фото, шторк уралдааны болон “ХӨДӨӨ-Миний нүдээр” гар зургийн уралдааны дүнг танилцуулах, шагнал гардуулах ёслол болно.

Форумыг зохион байгуулагч Швейцарын Хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999-2000 онд зуданд нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Ногоон алт-Малын эрүүл мэнд” урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлээд байна. Форумын үеэр төслийн 17 жилийн хугацаанд Монголын малчид, үндэсний байгууллагууд, мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн Монгол Улсад үлдээж буй өвүүд, үр дүн, сайн туршлага, сургамжуудыг хуваалцаж байгаа юм. Тухайлбал,  талхлагдсан бэлчээрийн сэргэлт, дундын бэлчээрийн ашиглалт, бэлчээр ашиглалтын гэрээний талаар аймаг, хөдөө орон нутагт хийж буй үйл ажиллагааг танилцуулж, цаашид гарах боломжийг хэлэлцэж байна. Учир нь төслийн дүнд манай малчид бэлчээр нутгаа зохистой ашиглахын төлөө нэгдэж хамтын байгууллага Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулан ажиллаж байгаа юм.

\

Форумын төгсгөлд Ховд аймагт зохиогдсон Бэлчээрийн үндэсний III форумын хүрээнд гарсан Зөвлөмжийн үр дүнг танилцууллаа.  Уг цахим форумыг www.responsiblenomads.mn цахим хуудсаар зочилж, нөхөж үзэх боломжтой юм.

 

Маргааш үргэлжлэх “Ногоон алт Малын эрүүл мэнд” төслийн хаалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Швейцарын Холбооны улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри нар үг хэлж, төслийн багийнхан олон жилийн үйл ажиллагаагаа танилцуулж, оролцогчид бэлчээрийн зүй зохистой ашиглалт, мал эмнэлэг, малчдын хамтын ажиллагааны байгууллага, хоршоодын туршлагаа хуваалцана. Цахим хурлаар талхлагдсан бэлчээрийн сэргэлт, дундын бэлчээрийн ашиглалт, бэлчээр ашиглалтын гэрээний талаар хийж буй ажлаа танилцуулж, цаашид гарах боломжуудын талаар хэлэлцэнэ. Учир нь төслийн дүнд манай малчид бэлчээр нутгаа зохистой ашиглахын төлөө нэгдэж хамтын байгууллага Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгнө. Мөн малын гаралтай түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгч, боловсруулалтын компаниудад нийлүүлж шууд ашиг шимийг нь хүртэх "Хариуцлагатай нүүдэлчин" стандартыг мөрдөж байгаа талаар ярилцана. Үндсэндээ, чуулганд малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд бэлчээр ашиглагчид, малын түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нар, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож, эцсийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчид хүргэн хэрэгжүүлж буй ХАА-н зохистой дадал, сайн туршлагуудыг хуваалцахаас гадна дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид бэлчээрийн сэргэлтийн талаар хийсэн сүүлийн үеийн судалгааг танилцуулах юм.

П.Нарандэлгэр