9 дугээр сарын 9-10-ны өдөр, Улаанбаатар хот,
Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999/2000 онд зуданд нэрвэгдсэн малчдад чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий Ногоон алт, Малын эрүүл мэнд урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн билээ. Тэр үеэс хойш 17 жил өнгөрч Швейцарын хөгжлийн агентлаг энэ оны 9 сарын 9-10 нд Монголын Бэлчээрийн IV форум болон “Ногоон алт Малын эрүүл мэнд” төслийн Хаалтын ажиллагааг зохион байгуулж Монголын малчид, үндэсний байгууллагууд, мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн Монгол Улсад үлдээж буй өвүүд, үр дүн, сайн туршлага, сургамжуудаа хуваалцаж байна. Энэ хугацаанд асар арвин сайн туршлага, сургамжуудыг хуримтлуулж мөн саад бэрхшээлүүдийг хамтдаа туулж, үр хүүхэд, хойч үедээ сайн сайхан ирээдүйг бүтээн үлдээхийн төлөө олон сайхан амжилтууд, үр дүнг бүтээсэн юм.
Маргааш болох Бэлчээрийн IV форум цахим виртуал арга хэмжээнд УИХ, Монгол Улсын Засгийн газар, түүний харъяа яам, агентлаг, ХААИС, малчид, судлаачид, бэлчээр ашиглагчид, Олон улсын бэлчээрийн конгрессийн ерөнхийлөгч, доктор Дана Келли, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хорнадогийн судалгааны төвийн захирал, доктор Брандон Бестелмейер нар оролцож “Бэлчээрийн зүй зохистой ашиглалт тал хээр нутгийн экосистемийн үйлчилгээний тэнцвэрт байдлыг хамгаалахад гүйцэтгэх үүрэг”, “Малчдын дундын ашиглалтын бэлчээр нутгийг зүй зохистой, хариуцлагатай ашиглах арга замыг хэрэгжүүлсэн тухай: “Нийтийн өмчийн эмгэнэл”-ийн үр дагаврыг даван туулах нь”, “Бэлчээрийн төлөв байдал, ашиглалтын нөлөөг үнэлэх фотомониторингийн системийг бэхжүүлсэн нь: “Үр дүн, сургамж, тогтвортой байдал”, “Өөрчлөгдөж буй дэлхийд тал хээрийн бэлчээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах шинжлэх ухааны арга зам” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Харин 9 дүгээр сарын 10нд болох “Ногоон алт Малын эрүүл мэнд” төслийн хаалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Швейцарын Холбооны улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри нар үг хэлж, төслийн багийнхан олон жилийн үйл ажиллагаагаа танилцуулж, оролцогчид бэлчээрийн зүй зохистой ашиглалт, мал эмнэлэг, малчдын хамтын ажиллагааны байгууллага, хоршоодын туршлагаа хуваалцна.
Цахим хурлаар талхлагдсан бэлчээрийн сэргэлт, дундын бэлчээрийн ашиглалт, бэлчээр ашиглалтын гэрээний талаар хийж буй ажлаа танилцуулж, цаашид гарах боломжуудын талаар хэлэлцэнэ. Учир нь төслийн дүнд манай малчид бэлчээр нутгаа зохистой ашиглахын төлөө нэгдэж хамтын байгууллага Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулан ажиллаж байгаа юм.
Мөн малын гаралтай түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгч, боловсруулалтын компаниудад нийлүүлж шууд ашиг шимийг нь хүртэх "Хариуцлагатай нүүдэлчин" стандартыг мөрдөж байгаа талаар ярилцана. Үндсэндээ, чуулганд малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд бэлчээр ашиглагчид, малын түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нар, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож, эцсийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчид хүргэн хэрэгжүүлж буй ХАА-н зохистой дадал, сайн туршлагуудыг хуваалцахаас гадна дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид бэлчээрийн сэргэлтийн талаар хийсэн сүүлийн үеийн судалгааг танилцуулна.
Арга хэмжээ Англи, Монгол хэл дээр хүн бүрт нээлттэй явагдах бөгөөд цахим форумд shorturl.at/enDY1 линкээр урьдчилан бүртгүүлж, www.responsiblenomads.mn цахим хуудсаар оролцох боломжтой.