Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн Малын эрүүл мэндийн мэргэжилтэн С.Дивангартай ярилцлаа.
Хотын надад холын хамаатай гэж эндүүрч явсан мал аж ахуйн салбарын асуудал нь махны чанар, эрүүл ахуйн шалтгаанаар хамгийн их хамаатай болов. Ямар ч сэдэв хөндсөн нөгөө л мах, мал, малчин гурав дээрээ буудаг боллоо. Хэлцэж барамгүй өргөн хүрээтэй энэ сэдвээр мэргэжлийн хүнтэй хэсэгхэн хуучилснаа сийрүүлэн хүргэе.
Над мэтийг нүд нь балар, чих нь дүлий байх үед асуудлыг хөндөж, шийдлийг эрэлхийлж, 17 жилийн турш шургуу хөдөлмөрлөж ирсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн багийн гишүүн Сангаагийн Дивангар бол малын эрүүл мэнд, цаашлаад махнаас хамааралтай монгол хүний эрүүл мэндийн төлөө сэтгэлээ чилээж, мэдлэгээ шавхаж яваа эрхэм хүн юм.
-Сүүлийн үед махан дахь эм тариа, антибиотикийн үлдэгдлийн асуудал олны анхаарлыг татаж байна. Мал эмнэлгийн салбарын хүний хувьд та гэр бүлийн хэрэгцээний махыг хаанаас, хэрхэн сонгож авдаг вэ?
Манайхан “хөдөөтэй хүн” гэж ярьдаг даа. Би хөдөөтэй хүн болохоор ах дүүс эсвэл найз нөхдөөсөө хэрэгцээт махаа ямар ч дамжлагагүйгээр шууд авчихдаг. Хааяа хотоос мах авах хэрэг гарахад зорьж очдог махны худалдагч бий. Хаанаас ирсэн малын мах болохыг хэлээд өгдөг юм. Тэр худалдагч бөөний худалдааны захаас биш шууд малчдаас махаа авдаг юм билээ. Миний хувь дэнжийн мянгын зах руу очиж үзсэнээс цаашгүй, бараг 20, 30 жил үйлчлүүлээгүй байх. Энэ зах дээр худалдаалагдаж байгаа махны ихэнх нь аюулгүй гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ хаанаас ирсэн малын махыг оруулаад хаашаа гаргаж байгааг бүрэн мэдэхгүй байх нь өөрөө маш эрсдэлтэй.
Антибиотикийн үлдэгдлийн тухайд, шинжлэх ухаан, технологи хөгжихийн хирээр маш хүчтэй үйлчилгээтэй шинэ эм, бэлдмэлүүдийг олноор бүтээж худалдаанд гаргаж байна. Тун хэмжээг нарийн баримтлахгүй бол малын биед эмийн үлдэгдэл хуримтлагдаж мах, сүү зэргээр дамжин хүний биед ордог. Улмаар антибиотик хэрэглээгүй хүн аль нэг антибиотикт дасал болсон эсвэл эмийн харшилтай болсон байхыг үгүйсгэхгүй.
Гол аюул нь мах, сүүг боловсруулах үед дулааны нөлөөгөөр малын эм задарч маш аюултай хорт бодис үүсгэх эрсдэлтэй. Тиймээс худалдан авч байгаа махныхаа гарал үүслийг шалгах боломжгүй газраас хүнсээ бэлтгэх нь эрүүл мэндээрээ дэнчин тавьж буй хэрэг.
Сайн мэдээ гэвэл хэн бүхэн Мал эмнэлгийн нэгдсэн системийг ашиглан махны гарал үүсэл, мал эмнэлгийн гэрчилгээг гар утсаараа шалгах боломжтой болсон. Энэ нь бидний авч хэрэглэж буй махыг буух эзэнтэй буцах хаягтай болгож өгч байгаа юм.
-Малд хүчтэй эм тариа их хэрэглэж байгаа нь малын өвчлөл их байна гэсэн үг үү?
Ханиад хүрэх төдийд зөөлөн аргаар эмчлэхийн оронд шууд л антибиотик, хүчтэй эм тариа хэрэглээд хурдхан дарж авахын түүс болдог хүмүүс байдаг даа. Түүнтэй л адил малын эрүүл мэндийн талаар малчдын мэдлэг, хариуцлага, сонголт, үнэ өртгийн асуудал байна. Эм тариа хэрэглэсэн малаас эмийн үйлчилгээ бүрэн гартал мах бэлтгэж болохгүй хугацаа гэж бий. Энэ хугацааг баримтлахгүй байгаагаас малын биед эм тарианы үлдэгдэл илэрч байгаа юм.
Гэхдээ антибиотикийн үлдэгдэл нь тухайн малд тарьсан эм тарианаас гадна бэлчээрийн ургамалтай холбоотой байж ч болно.
Тухайлбал, бэлчээр доройтох үед тэсэж үлдэж байгаа ургамлууд дотор антибиотикт агуулагддаг химийн нэгдлийг агуулж байгаа ургамал байна. Тэгэхээр сүүлийн үед эм тарианы үлдэгдлийн асуудал ихээр сөхөгдөж байгаа нь бэлчээрийн доройтолтой бас хамааралтай байх нь. Мал идэх бэлчээргүй болсноос хоол тэжээлийн дутагдалд орж, тамирдаж, амархан өвчилнө. Өвдсөн малыг эмчилнэ. Тэгэхээр дан ганц мал бус бэлчээр хүртэл эрүүл байж байж бид эрүүл хүнс хэрэглэх боломжтой болох юм.
Танай үеийнхэн дунд малын эрүүл мэндийн асуудал бол миний эрүүл мэндийн асуудал юм гэсэн яриа тэр бүр өрнөж байгаагүй байх. Бэлчээрийн асуудал надад хамаатай гэж бүүр ч бодоогүй байх. Гэхдээ 90-ээд оныхон бүхий л салбарт хандлагын өөрчлөлт авчрах байх гэж би найддаг. Энэ талаар чи ямар бодолтой байна?
-Би 80-аад оны хүн атлаа энэ талаар бодож байгаагүйдээ ичиж байна. /инээв/ Танай төслийн ачаар мал аж ахуйг зөв эрхлэхгүй бол байгаль экологид ямар их хор хөнөөлтэй болохыг ойлгож мэдсэн. Сүүлийн үед мах иддэгтээ жаахан гэмших боллоо. Малчин биш хотын бид бэлчээрийн доройтлыг бууруулахын тулд юу хийж чадах билээ?
Бэлчээрийн доройтлыг буруулахад хотынхоны тус нэмэр их байлгүй яахав. Хотынхон харагдах байдал, үнийн хямдаар мах сонгодогоо болиод “бэлчээрээ зохистой ашигладаг хариуцлагатай малчнаас махаа авна” гэсэн хандлага өрнүүлвэл бэлчээрийн доройтлыг бууруулахад нөлөөлж чадна. Ер нь амжилтыг урамшуулах арга замаа олохгүй бол алдааг хөхиулэн дэмжсэнтэй агаар нэгэн болдог. Мал аж ахуйгаар амжиргаагаа залгуулж буй 180 гаруй мянган малчин өрх дунд хариуцлагатай сайн нь ч байна, хариуцлагагүй муу нь ч байна. Ер нь бид малчдын сайн муугийн ялгааг мэдэхгүйгээр ямар мах идэж байгаагаа мэдэх боломжгүй.
-Малчид уламжлалаа, өв соёлоо хадгалж үлдэх гэж хичээдэг байх. Энэ хандлага нь мал аж ахуйн салбарт шинэчлэл хийх, инноваци нэвтрүүлэхэд саад болдог уу?
Мал аж ахуй эрхлэх олон арга хэлбэр байгаагийн нэг туйлд нь байгалийн бэлчээрийг ашигладаг нүүдлийн мал аж ахуй, нөгөө туйлд нь суурин маллагаатай эрчимжсэн аж ахуй байгаа юм. Инновац төдийгүй жаахан шинэчлэл өөрчлөлтийн асуудал ярихаар нөгөө туйлд гарах гэж байна гэж болгоомжлоод сэвээд байх хандлага бий болсон байна.
Мал аж ахуйн шинэчлэлийн асуудлыг өв соёлын эсрэг зүйл гэж үздэг хүмүүстэй би санал нийлдэггүй. Мэдээж нүүдэл хийх, гэрт амьдрах, өөрсдийн хэрэгцээний малыг төхөөрөх, цагаан идээгээ боловсруулж хэрэглэх, найр наадам хийх, уламжлалт зан үйл үйлдэх гэх мэт хэзээ ч өөрчилж болохгүй, хадгалж үлдэх ёстой өв соёлын асуудал олон бий.
Гэвч жижиг автобус тохижуулж орон гэр хийгээд оторт явж байгаа малчныг уламжлалын эсрэг юм хийлээ гэж шүүмжилж болохгүй. Шинэчлэл бол зайлшгүй хэрэгтэй. Жишээ нь, экспортын баримжаатай үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол малын чанар, үүлдрийг сайжруулах арга хэмжээг мэргэжлийн хүний удирдлага дор хэрэгжүүлдэг болох шаардлагатай. Үйлдвэрлэгчид талын нэг тарж нүүдэллэсэн малчин бүртэй түншлэлийн харилцаа үүсгэх нь хүндрэлтэй учраас малчид хоршиж нэгдээд төлөөллийн байгууллагаараа дамжуулан бизнесийн харилцаанд орох хэрэгтэй.
Өвлийн хахир хатуу үед малдаа өгөх тэжээлийн бэлтгэл, үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх, хөгшин болон сувай малын сүрэгт эзлэх хувийг бага байлгах, малыг бага насанд нь эрт төхөөрч эдийн засгийн эргэлтэд хурдан оруулах гэх мэт малчдын зүгээс шийдэл, шинэчлэлийг хүлээж байгаа олон асуудал байна.
-Манай улсын мал аж ахуйн салбар яг юун дээр алдаад байна вэ?
Махны үнийг төрөөс барих бодлогыг халах хэрэгтэй. Ийм бодлого барьж байгаа цагт махны үйлдвэрлэл дээр дулдуйдсан нүүдлийн мал аж ахуй хөгжиж чадахгүй. Махны үнийг зах зээлийн зарчмаар нь тогтоогоод, махны үнийн өсөлтийг тогтоон барих зорилгоор зарцуулж байгаа тэр их мөнгийг дунджаас доогуур орлоготой хүмүүст мах худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх байдлаар зохицуулах боломжтой гэж хардаг. Махны үнэнд мэдрэг бүлэгт анхаарал тавих нь зөв ч үүгээр шалтгаалан мал аж ахуйн салбарыг бүхэлд нь чөдөрлөж байгаа нь буруу юм.
Дараагийн асуудал бол дотоодын зах зээлд махны хомсдол үүсэхээс сэргийлэх зорилготой “махны экспортын квот”-ын бодлогын арга хэмжээ юм. Одоогоор хонь, ямааны маханд квот тогтоогоогүй байгаа юм. Гэсэн хэдий ч хятадууд мах худалдан авч нөөцлөөд байна. Мах магнаг боллоо гэх мэт сэдвүүд үе үе хүчээ авч босож ирдэг болоод байна. Хятад хүнд мах худалдахгүй гэсэн сэдэв нийгмийн сүлжээгээр сэвээд тэр нь төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээнд нөлөөлөөд байх юм бол бид бэлчээрийн талхагдал, малын зохистой тооны талаар яриад ч хэрэггүй. Гадагшаа нэг ч кг мах хилээр гараагүй байхад монгол улс малгүй болох тухай асуудал яриад сууж байдаг улс төрийн албан тушаалтан, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн хүртэл байна. Нийт 70 орчим сая малтай, 3 сая гаруйхан хүн амтай, нийт мал сүргийнхээ 30 хүрэхгүй хувийг төллүүлдэг байгаа манай улс дотоодын зах зээлийн хомсдолд санаа зовоод толгойгоо гашилгаад сууж байж таарахгүй. Залуусын хэллэгээр бол “үүнийг ойлгох ухаан хайрлаач” гэмээр зүйл байгаа юм.
Өөр нэгэн асуудал бол өсөж томордоггүй, үржиж олширдоггүй, үр өгөөжгүй малын тоо хэт их болсон явдал юм. Бэлчээр дээр идээшилж байгаа 70 сая малаас жилдээ 2/3 нь буюу багадаа 40 сая төл бойжуулах ёстой. Гэтэл жилд 20 орчим сая төл хүлээн авч байна. Бусад мал нь зүгээр л бэлчээр идээд байж байдаг.
Тэгж байтал нэг зудад үй олноороо хорогдоно. Одоогийнхоор 20 сая төл хүлээн авахад нийт хэрэгцээ нь хангагдаад байгаа юм бол улсын хэмжээнд 40 гаруй сая малтай байхад л хангалттай. Мал, махаа худалдан борлуулж чадна гэсэн итгэл үнэмшилгүй малчид олон тооны эх малыг төллүүлэхээс зайлсхийж сувайруулж байгаа юм. Сүрэг тэр чигээрээ хээлтүүлэгт орохгүй өнжиж байгаа жишээ ч дуулдаж байна. Хэрвээ зах зээлд борлуулах гарц нь нээлтэй байдаг бол малчид сүргийнхээ 2/3-ыг саадгүй төллүүлж дөнгөнө.
Байгаль орчинд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр өгөөжийн асуудлыг ч ярьж эхлэх цаг нь болсон. Нэг ямаанаас 300 грам орчим ноолуур авч байгаа юм, 1 кг ноолуур 100 мянган төгрөг гэж үзвэл 30 мянган төгрөг олохын тулд 1 ямааг 360 хоног бэлчээр идүүлж байна гэсэн үг. Үүнээс гадна эм тариа, өвс тэжээл, нүүдэл суудал гээд малчнаас гарах шууд зардал маш их байгаа. Тэгвэл хонины мах худалдах зах зээлийг төр нээгээд өгчихвөл нэг хонь онд оруулаад 120,000 төгрөгөөр худалдан борлуулахад 4 ямааны ноолууртай тэнцэх орлогыг олох боломж байна. Энэ бол байгаль орчинд ээлтэй, малчиндаа ачаалал багатай боломжийн хувилбар юм. Дүгнээд хэлэхэд мал өсгөх үүргээ малчид хангалтай сайн биелүүлж байна, харин худалдан борлуулах зах зээлийг нь нээж өгөх үүргээ төр маш хангалтгүй биелүүлж байна.
-Манай улсын хувьд мах нь экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн байж чадах уу? Дэлхийн зах зээлд Монгол махыг багтаах орон зай бий юу?
Махны үйлдвэрлэлийн хувьд экспортын нөөц боломж хангалттай байгаа ч экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн байж чадахгүй байна. Экспортод гарахын тулд малчдад “би гадаад зах зээлд гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа шүү” гэдэг сэдэл, хариуцлага бий болох ёстой. Гэвч махны экспортын өгөөжөөс малчид үр ашиг хүртдэг тогтолцоог бүрдүүлээгүй цагт мах экспортын чиг баримтжаатай бүтээгдэхүүн болж чадахгүй.
Экспортлон гаргахаар бэлтгэж байгаа бүтээгдэхүүний дотоодын зах зээлд худалдахаар бэлтгэж байгаа бүтээгдэхүүнтэй ижил үнэтэй байгаа цагт малчдын хариуцлага дээшлэхгүй.
Мал эмнэлгийн байгууллага малын эрүүл мэндийн мэдээллийн санд хуримтлагдсан баримт нотолгоонд тулгуурлаж худалдааны хорио цээрт халдварт өвчингүй бүс нутгийг баталгаажуулж нийтэд мэдээлж байх ёстой. Үүнтэй уялдаатайгаар экспортын бүтээгдэхүүн бэлтгэх бүс, нутаг, аймаг, сумыг зааж өгөх хэрэгтэй. Энэ бүсийн малчид малын эрүүл мэндийн асуудлаар илүү үүрэг хариуцлага хүлээж, нүүдлийн мал аж ахуйн зохистой дадлын шаардлагыг хангах, түүхий эд бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоо нэвтрүүлэх зэрэг нэмэлт, тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Улмаар эрүүл бүсээс экспортын мах бэлтгэж байгаа үйлдвэр малчдад дотоодын зах зээлд бэлтгэж байгаагаас өндөр үнэ санал болгох ёстой. Ингэж байж экспортын баримжаатай бүтээгдэхүүн бий болно.
Дэлхийн зах зээлд, ялангуяа ази тивд махны эрэлт буурахгүй. Тиймээс монгол малын махыг багтаах зах зээлийн орон зай хангалтай байгаа гэдэгт итгэлтэй байж болно.
-Дэлхийн махны хэрэглээний хандлага хаашаа чиглэж байна вэ? Гибрид мах, ургамлын мах, мах орлуулагч гээд олон сонголт гарч ирж байна. Энэ нь мал аж ахуйн салбарт яаж нөлөөлөх вэ?
Дэлхийн хүн амын махны хэрэглээ 2030 онд өнөөгийнхөөс 14.0 хувиар өсөх хандлагатай тул төдийлөн нөлөө үзүүлэхгүй болов уу. Тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэгцээг хангахын тулд янз бүрийн шинэ бүтээгдэхүүн гарч ирж байна. Малын махыг орлуулах бүтээгдэхүүн санал болгох замаар махны хэрэглээг бууруулахыг эрмэлзэж байна гэсэн үг. Дэлхийн хэмжээнд хамгийн бага мах хэрэглэж байгаа улс орны хүмүүс жилд 7-10 кг мах идэж байгаа бол хамгийн их хэрэглээтэй орны хүмүүс жилд 140-150 кг мах идэж байна. Монголчуудын жилийн махны махны хэрэглээ нэг хүнд 2002 онд 108.8 кг байсан бол одоо 82.1 кг болж буурсан мэдээлэл байдаг. Энэ нь малын махыг орлох хүнсний зүйлийн нэр төрөл нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.
Монголын уламжлалт мал аж ахуйн үндсэн үйлдвэрлэл нь мах. Сүү төдийлөн гол нөлөө үзүүлж чадахгүй, харин сүүлийн жилүүдэд ямааны аж ахуйд ноолуурын үйлдвэрлэл томоохон жин дарж байна. Гэхдээ энэ бол байгаль орчинд ээлтэй байдлаар нь үнэлбэл тааруухан үр дүн гарна. Иймээс байгалийн бэлчээрт малладаг монгол малын мах цаашид илүү үнэ цэнтэй бүтээгдэхүүн болох нь гарцаагүй юм.
-Ногоон алт төслийн малын эрүүл мэндийн мэргэжилтний зүгээс 17 жилийн хугацаанд хийж амжаагүй, санаандаа хүртэл хийж чадаагүй үлдсэн зүйл юу вэ?
Мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлсэн хууль тогтоомжийн шинэчлэл, шинээр хөгжүүлж нэвтрүүлсэн цахим систем, антибиотикийн үлдэгдлийг сумын түвшинд хянах арга аргачлал зэрэг нь мал эмнэлгийн байгууллага, малын эмч нарын мэргэжлийн үйл ажиллагаанаас гадна хэрэглэгчийн эрүүл хүнс хэрэглэх, аюулгүй орчинд амьдрах эрх ашгийг хамгаалах зорилгоор санаачлан хэрэгжүүлсэн ажил юм.
Бид энэ ажлыг төлөвлөж байхдаа мал аж ахуйн салбарт ялангуяа боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнесменүүд дэмжээд, хошуураад ороод ирэх байх гэж хүлээж байсан ч тийм зүйл болсонгүй.
“Мал эмнэлгийн нэгдсэн системийг үнэгүй ашиглаач, ажилтнуудыг чинь үнэгүй сургаад өгье” гэсэн санал тавьж олон үйлдвэрийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан ч амжилтад хүрсэнгүй.
Үйлдвэрлэгчид мал эмнэлгийн нэгдсэн системийг нэвтрүүлсэн ч, эс нэвтрүүлсэн ч бүтээгдэхүүнийг нь хүмүүс ялгахгүй худалдаж аваад л байгаа болохоор энэ шинэ ажил руу ханцуй шамлан орох эдийн засгийн хөшүүрэг, хүсэл эрмэлзэл бий болохгүй байна. Төрийн урамшуулал, хэрэглэгчийн дэмжлэг дутагдаж байна.
Хэрэглэгчдийн 20-30 хувь нь худалдан авч буй бүтээгдэхүүний цэгэн кодыг ухаалаг утсаараа уншуулаад, мал эмнэлгийн баталгааг нь шалгаад хэвшчихвэл энэ системийг өртгийн сүлжээний бүх талуудад бүрэн нэвтрүүлэхэд маш том нөлөө үзүүлж чадах юм. Мал эмнэлгийн байгууллага, малын эмч нарын дунд хариуцлагагүй, алдаа мадагтай, худал хуурмаг, хуудуутай юм их бий. Үүнийг сайжруулахад хэрэглэгчийн хяналт, оролцоо маш чухал. Үүнийг хэрэглэгчдэд ойлгуулах, хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр бид сайн ажиллаж чадсангүй. Цаашид энэ талаар нэлээн далайцтай үйл ажиллагаа явуулах шаардлагатай.
Үйлдвэр, худалдааны газрууд Мал эмнэлгийн нэгдсэн системийг бүрэн нэвтрүүлээгүй байгаа болохоор, тогтмол худалдан авалт хийх хүсэлтэй хүмүүст санал болгох найдвартай газар одоог хүртэл бий болж чадаагүй л байна. Энэ асуудлыг бид үнэхээр дорвитой хөдөлгөж чадсангүй.
Намрын ногоон өдрүүд гэх мэт нэгдсэн арга хэмжээний үед танилцуулах худалдаа зохион байгуулсны дараа танихгүй дугаараас дуудлага ирэхээр “наад баталгаатай махыг чинь хаанаас олж авах вэ” гэж асуух вий гээд гэм хийсэн хүүхэд шиг навтас хийнэ шүү дээ.
-Би бас их олзуурхаад цэгэн кодыг гар утсаараа уншуулж үзтэл веб дээр ажиллаагүй. Тэгээд заавал гар утасны апп татах ёстой гэхээр нь татъя гэтэл iPhone дээр суухад асуудалтай гэнэ. Мал эмнэлгийн нэгдсэн системийн тухайд хэрэгчид ээлтэй байх талаас нь илүү ажиллах шаардлагатай юм билээ. Тэгээд шалгаж чадаагүй тул нөгөө махыг цахим гэрчилгээтэй юм чинь найдвартай байх гэж итгээд л авсан даа.
Хэрэглэгчдэд зөв ойлголт өгөх шаардлагатай асуудал нь энэ юм. Мал эмнэлгийн нэгдсэн системийг ашиглан цахим гэрчилгээ олгосон “цэгэн код” нь бүтээгдэхүүн бохирдох, гэмтэж муудахаас хамгаалсан баталгаа огт биш. Харин эрсдэл илэрсэн үед эргэн мөшгөж хаана алдаа гарсан байна вэ гэдийг олж тогтоох нөхцөл бүрдүүлэх нь цэгэн кодын зорилго юм. Жишээ нь, кодыг нь уншуулж шалгахад өнөөдрийн шинэ бүтээгдэхүүн гэсэн мэдээлэл харагдаж байгаа хэр нь, аваачаад хэрэглэхэд эвгүй амт ороод муудчихсан байж болно. Ийм үед л нөгөө кодоо ашиглаад мөрөөр нь мөшгөөд эхлэх юм бол бэлтгэн нийлүүлэлт, боловсруулалт, түгээлтэд оролцож байгаа бүх талуудын хариуцлага аяндаа дээшилнэ.
-Нүүдлийн мал аж ахуйн хөгжлийн төлөө зүтгэж ирсэн үйл хэргийг тань үргэлжлүүлж үр шимийг нь хүртэх малчид, үйлдвэрлэгчид, хэрэглэгчид улам олон болтугай гэж ерөөгөөд ярилцлагаа өндөрлөе. Баярлалаа.