Говьд боссон төгөл

Малчин Пунцагийн Төмөрбаатар өвөг дээдсээс уламжилсан малч ухаанаар малын тоо толгойгоо өсгөж, мянгат малчин болохыг хүсдэггүй хачирхалтай нэгэн. Аль хэдийнээ л мянга хол илүү давах байсан малаа чанаржуулах нь илүү чухал гэж үздэгээ хавь ойрынхондоо хэлээд шоолуулсан удаатай. Гэсэн ч тэр энэ үзэл бодлоо хамгаалсаар, бүр хэрэгжүүлсээр ч яваа.

Анд найзууд нь, ах дүүс нь мал сүргээ өсгөж, тоо толгойг нэмэгдүүлэн “Аймгийн аварга малчин”, “Улсын сайн малчин” цол тэмдгээр шагнуулахад найранд нь оччихоод “Би хэдэн малаа чанаржуулна. Чанартай, цөөхөн малтай байх нь бидний энэ нутагтаа хийж чадах зүйл” гээд л өнөөх үгээ хэлдэг сонин хүн.

Зарим хүн түүний үгийг ихээхэн бодож тунгаан дэмжиж эхлэв. Тэгэхээс ч аргагүй юм. Учир нь Төмөрбаатар бусад малчидтай адил хойноос нь гарч чадахааргүй олон мал адгуулдаггүй тул нийтийн эрх ашгийг хамгаалах, хамтдаа нутаг орондоо сайхан амьдрах талаар үргэлж санаа тавин өөрөө манлайлан оролцдог ажээ. Жишээ татвал, хавар ус боож, суваг шуудуу татахад хамгийн эхэнд өөрөө санаачлаад гүйж явна. Амьдралаа яаж өөд нь татах талаар ярилцаж, багийн ажиллагааг идэвхжүүлнэ. Найзалж, нөхөрлөнгөө “Бүгдээрээ дэм дэмэндээ амьдрах хэрэгтэй” гэхчилэн уриална. Малын эмч мэргэжил нь ч нөлөөлдөг биз.

Малч удамтай түүнийг сүүлийн үед шаналгаж байгаа асуудал нь малын бэлчээрийн доройтол, хүртээмж. Жил ирэх бүр ургамлын тоо нь цөөрч шороон шуурганы давтамж нь өссөн нутгаа харан сэтгэл нь шимширдэг тэрээр бэлчээрийн доройтол, ургамал ургаж чадахгүй байгаа үржилгүй болж буй хөрсийг харан зүгээр сууж чадсангүй. Өөрөө л хийхгүй бол хэн ч хийхгүй гээд ханцуй шамлан газартай ноцолдоод эхэлж. Увс аймгийн Малчин, Зүүнговь сумдын зааг нутаг дахь тэдний зуслан шороо, түйрэн манарсан газар байсныг 10 гаруй жил жимсний мод, улиас гэх мэт орон нутгийн цаг агаарт зохицон ургах боломжтой модуудыг тарьж, жил бүр нэмж суулгасаар ойн шугуй үүсгэжээ. Гэр бүлийнхэн нь усалгаа тордолгоог хийж, хүүхдүүд ч урам авч, ажилласаар ойр хавьдаа байхгүй ойтой болж, замд төөрсөн хүмүүс модоор нь баримжаалан замаа ч олдог болжээ.

Бидний мал аж ахуй, нүүдэлчин соёлын суурь болсон бүгдэд хамаатай бэлчээрийн доройтлын асуудлыг минийх биш гэж хойш тавихгүй анхаарах цаг хэдийн болжээ. Хүн бүр ганц надаар дутахгүй байлгүй гэж бодож орхилгүй малчин Төмөрбаатар шиг өөрийн хэмжээнд хийж чадах зүйлсээ хийгээд бусдыгаа уриалаад амьдарвал бидэнд эрүүл соргог бэлчээрт чанартай цөөн малаа өсгөн аз жаргалтай амьдрах боломж маш их байна.

Нийтэлсэн: М.Золзаяа