Дундговь аймгийн Хулд суманд хэрэгжиж буй “Говийн зэрэглээ” төслийн хүрээнд Санхүүгийн эрх чөлөө, анхан шатны хоршоо, ХЗХ-ны сургалт зохион байгуулж, оролцогчид 21 гишүүнтэй малчдын анхан шатны хоршоо байгууллаа.
Тус суманд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, орон нутгийн иргэдийн дэмжлэг оролцоотой “Говийн зэрэглээ” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр төслийн бүтээн байгуулалтын ажлууд дуусч, одоо зохион байгуулалтад орох, малчдыг идэвхжүүлэх ажил үргэлжилж байна.
Нутгийн тэмээчид, болон тэмээний ёс уламжлалд түшиглэсэн тус төслөөр 40 жилийн өмнө бүтээсэн "Говийн зэрэглээ" киноны нэг хэсэг болох Холбооны намхан цагаан байшинг засч, тохижуулан ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн болон чанартай, амтат кофегоор үйлчлэх орчныг бүрдүүлж, малчдын хотонд аялагчдыг амруулан ёс уламжлалтай танилцах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Мөн ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх 30-50 өрхийн 200 хүртэл малчинд сургалт зохион байгуулах, тэдэнд хүнсний зориулалтын сав суулга ашигладаг болоход нь туслах, сумын малчид иргэдийг хамарсан "Хадгаламж зээлийн хоршоо" болон малчны загвар хоршоо үүсгэн байгуулж ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Малчид хоршоогоо "Доржсэвэр уулын хишиг" хэмээн нэрлэж, ийнхүү зохион байгуулалтад орсон аж.