Монгол улс бол өнө эртнээс улбаатай нүүдлийн мал аж ахуйн орон. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хорь гаруй жилийн хугацаанд бэлчээр ашиглалтын болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэгдсэн бодлого алдагдаж, малчдын бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт зохион байгуулалт үгүй болж, малын тоо толгой хэт өсөж улмаар бэлчээрийн төлөв байдал өөрчлөгдөн доройтоход хүрсэн.
Харин Ногоон алт Малын эрүүл мэнд төслийн хүрээнд малчдыг бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад оруулах замаар экологийн сэргэх чадавхид суурилсан тогтвортой бэлчээр ашиглалтыг бий болгохыг зорьж ажилласан байна. Малчдын уламжлалт арга ухааныг өөрсөдтэй нь болон орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудтай нь хамтарч буцаан сэргээх системийг нэвтрүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлсэн нь уг төслийн хувьд нүдээ олсон ажил болсноор барахгүй зорьсон эзэддээ өгөөжөө өгч хүлээлтээс илүү үр дүнг үзүүлжээ.
Монголын нүүдэлчин малчид эрт дээр үеэс бэлчээрээ зүй зохистой ашиглах дараах 4 алтан дүрмийг мөрддөг байжээ.
- Бэлчээрийн даацыг үл хэтрүүлэх
- Бэлчээрийн ургамалд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх
- Бэлчээрийн тэжээллэгийн нөөцийг үл шавхах
- Бэлчээрийг байнга сэлгэн амраах
Эдгээр алтан дүрмээ баримтлан дундын бэлчээрээ зүй зохистой ашиглахын төлөө Бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтад орж хамтрах, бэлчээр нутгаа хайрлан хамгаалах, хөдөлмөрөө хоршин хамтын хүчээ ашиглах, малчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр Архангай аймагт гарсан үр дүнгээс онцолбол: Олон удаагийн сургалт хийж мэдээлэл өгөн ажилласны үр дүнд нийт 242 бэлчээр ашиглагчдын холбоо (БАХ) байгуулагджээ. Үүнээс хамтдаа ашигладаг бэлчээрээ хамтын хүчээр хамгаалах, сайжруулах бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах урт хугацааны гэрээ байгуулснаас 148-ыг нь Газрын нэгдсэн сангийн мэдээлэлд бүртгүүлэн баталгаажуулжээ.
Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулж, Газрын нэгдмэл санд бүртгүүлснээр малчдын төдийгүй орон нутгийн удирдлагуудын хувьд уул уурхайтай холбоотой тулгамдсан асуудлаас малчидаа, газар нутгаа хамгаалах чухал ач холбогдолтой гэдгийг аймгийн ХХААГ-ын МАА-н газрын дарга Ж.Цогтбаатар дурьдсан. Ихтамир сумын Мөнгөтийн ордын лицензийг цуцлуулахад Бэлчээр ашиглалтын гэрээ нь гол баримт болж өгсөн нь үүний нэг жишээ юм. Бэлчээр ашиглалтын гэрээ нь ашиглагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэн хариуцлагажуулж чаджээ.
Архангай аймаг нь нийт бэлчээрийнхээ 90 гаруй хувийг ашигладаг. Малын тоо толгойн хэт өсөлтөөс үүдэн бэлчээр доройтох, малын чанар үүлдэрлэг байдал алдагдаж, дасан зохицох чадвар буурч мал сүрэг тэжээллэгийн хомсдолд орох аюул ойрхон байжээ. Тус аймгийн хувьд зарим иргэдийн бэлчээрийг зохицуулалтгүй ашиглаж, ус ногоо сайтай газрыг нь сорчлон ямар ч хариуцлага хүлээхгүй байгалийн нөөцийг тултал ашиглаж, жамаараа нөхөн сэргэх боломжийг олгохгүй байсан асуудлыг шийдэх аргаа олсон гэж үзжээ.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн шинэ үе “Хариуцлагатай нүүдэлчид”
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн худалдан авалтын сонголт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиг хандлага ихээр өөрчлөгдөж байна. Хэрэглэгчид аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа байгаль орчинд ээлтэй, амьтан ургамалд хор нөлөөгүй, гарал үүсэл нь тодорхой түүхий эдээр үйлдвэрлэсэн, эко шошготой зэргийг ихээнхэн анхаардаг болжээ. Дэлхийн алдартай брэндүүд ч өөрсдийн бүтээгдэхүүнээ байгальд ээлтэй гэдгийг илүү тодотгон, үнэлэмжээ илүү нэмэгдүүлж байна.
Маханд дургүй Монгол хүн үгүй гэвэл хилсдэхгүй биз ээ. Бидний хүнсний гол хэрэглээ болох махаа худалдаж авахдаа, хэдийд, хаанаас ирснийг нь худалдагчийн үгээр л харанхуйгаар итгэн авах нь элбэг. Худалдаж авсан махны амт чанар тухайн малын идэш тэжээл, нас шүд, оёг өвчтэй байсан эсэхээс шалтгаалан янз янз. Харин энэ бүхнийг бид нүдээр хараад тодорхойлох аргагүй. Тэгвэл энэ байдлыг цогцоор шийдэх, бүр таны авч буй махыг аль аймгийн аль сумын, хэн гэгч малчны хотноос авсан, тухайн мал ямар бэлчээрт идээшиж, эмгэг оёггүй гарт тань ирж буйг гар утсаараа бар код уншуулаад л мэдэх боломж бүрджээ.
Энэхүү мөшгөх систем нь малын гаралтай түүхий эдийг малчны хотноос эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр тавих хүртэлх алхам бүрд хийгдсэн үйл ажиллагааг бүртгэлжүүлж чаджээ. Уг баталгаажуулалтад үндэслэн БАХ-ууд бэлчээрийн тогтвортой байдал, бэлчээрийн менежментийн дадлуудыг нэвтрүүлж, хамгийн сайн чанарын малын гаралтай түүхий эдийг /сарлагийн хөөвөр, торомны ноос, ноолуур, арьс, шир, мах/ бий болгож, улмаар эдийн засгийн урамшуулал хүртдэг “Хариуцлагатай малчин”- ыг бий болгох юм. Нэг өгүүлбэрээр бол “Хариуцлагатай нүүдэлчин” гэсэн стандартыг дэлхийд бий болгож чадсан байна. Ингэснээр Монгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмж ихээр өсөх юм.
Анх бэлчээрээс эхэлж байсан уг төсөл бэлчээрийн экосистемийн үйлчилгээг цогцоор нь харахыг, хөгжүүлэхийг, ойлгуулахыг хүссэн нь өнөөдөр дэлхийн зах зээл дээр Монголын нүүдлийн мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг баталгаажуулах хэмжээнд хүртэл хөгжүүлжээ хэмээн төсөл хэрэгжүүлсэн орон нутгийнхан онцолж байлаа. Малчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил гэх мэт олон талын хамтран ажиллах уялдаа холбоог хангаж өгөөд зогсохгүй цаашид тогтвортой хөгжих МАА-н салбарын нэгэн шинэ шатыг эхлүүлж өгсөн нь төслийн маш том амжилт юм.
Дээр дурдсан үр дүнгүүдийг гаргахын тулд тал хээр нутгаараа таран байршсан малчид хэрхэн зохион байгуулалтад орж нүүдэлчин амьдралынх нь суурь болсон бэлчээр нутгаа талхалтаас хамгаалдаг болсон болон малын гаралтай түүхий эдийнхээ чанарт анхаарч эдийн засгийн эргэлтэд оруулсан талаарх туршлагуудтай танилцах алтан боломжийг 2021/09/09-09/10-ны www.responsiblenomads.mn -сайтаар шууд дамжуулагдах “Бэлчээрийн Үндэсний IV форум” болон “Ногоон Алт – Малын эрүүл мэнд” төслийн хаалтын арга хэмжээнүүд танд олгож байна. Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/events/364007492017969 https://www.facebook.com/events/232191178911780