Антибиотикийн үлдэгдэлтэй сүү ууж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ. Бид үнэхээр органик, эрүүл, аюулгүй хүнс хэрэглэж чадаж байна уу? Энэ талаар "Витафит милк” ХХК-ийн сүү бэлтгэлийн албаны дарга С.Ичинхорлоотой ярилцлаа.
-Шарилж ихтэй газар бэлчээрлэсэн үнээнээс антибиотик илэрдэг, үүнийг мөшгөж олох боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Сүүлийн гурван жил бид энэ тал дээр туршлагажиж байна. Өмнө нь үүнийг илрүүлэх амар байгаагүй. Малчнаас сүү аваад шинжлээд үзэхээр эмийн үлдэгдэл гарчихдаг, гэтэл малчин манайх антибиотик тариагүй, дэлэнгийн тос түрхээгүй гээд маргаан үүсэж ирсэн. Ярилцаж асуудлын шалтгааныг хайсаар бэлчээрт буюу шарилжтай газар малаа бэлчээснээс болж антибиотикийн үлдэгдэл илэрч байгааг олж мэдсэн юм. Үүнийг олж мэдсэн малчид эрүүл бэлчээрт малаа бэлчээж байгаа юм. Мэдээж үүнийг дагаад сүүний чанар сайжирч байна.
-Малчнаас сүүг авахдаа өмнө хэдэн төрлийн шинжилгээ авдаг вэ?
-Малчнаас сүүгээ авахаасаа өмнө гурван төрлийн шинжилгээ хийдэг. Үүнд сүүний шинэлэг байдал, сүүний хольц бүтцийн шинжилгээ зэргийг шинжлээд стандартын шаардлага хангасныг л авдаг. Хэрвээ эдгээр шаардлагыг хангахгүй бол тухайн сүүг авдаггүй. Чиглэл бүрээс малчдаас сүүгээ аваад ирэхэд нь найман төрлийн дэлгэрэнгүй шинжилгээ авч сүүний танк руугаа хийдэг юм.
-Малын эмийн үлдэгдэлтэй мах сүүний асуудал нэлээн анхаарал татдаг. Сүүний үйлдвэрүүд үүн дээр хэр анхаарал хандуулж байна вэ?
-“Витафит” компани 2016 оноос сүүний зах зээлд хөл тавьж, ажиллаж эхэлсэн. Анх Төв аймгийн гурван суманд хөргөлтийн цэг байгуулж байлаа. Үйлдвэрийн зүгээс малчны хотноос авсан сүүгээ хөргөнө гэдэг сүүний чанар стандартыг хангах хамгийн эхний бас чухал алхам шүү дээ.
Шинжилгээг ойрхон хугацаанд хийж үзээд байгаа нь сүүний шинэлэг байдлыг л хамгаалах арга юм.
Халуун хүйтэн янз бүрийн хэмтэй сүү ирдэг учраас шууд Улаанбаатар руу сүүнийхээ машиндаа хийгээд гаргалгүйгээр эхлээд хүргэлтийн танканд хийж тодорхой хэм хүртэл нь хөргөдөг. Хөрсний дараа татан авалтын машинд ачдаг, машинаа PPS системээр хянаж байгаа учраас хаанаас хэдэн цагт гарсан нь, мөн үйлдвэрт хэдэн цагт ирэх нь тодорхой байдаг юм. Энэ хооронд үйлдвэр сүүгээ хүлээж авахад бэлдэж, ариутгал цэвэрлэгээгээ хийдэг.Үйлдвэрт ирсэн хойно нь лабораторид нийт 3 давтамжтайгаар 12 төрлийн шинжилгээ авч байна.
-Швейцарын хөгжлийн агентлагийн “Хариуцлагатай нүүдэлчид” төслийн хүрээнд хийгдсэн малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг мөшгих систем нэвтэрсэн нь та бүхний ажилд хэрхэн эергээр нөлөөлсөн бэ?
-Өмнө үйлдвэрлэгчид сүүний чанар, аюулгүй байдалд санаа зовдог байлаа. Сүүний мөшгөх системийг хэрэгжүүлснээр энэ асуудал нэлээд цэгцэрсэнд олзуурхдаг.
Маш нарийн хяналттай тогтолцоо учраас хэрэглэгч сүүний чанарын асуудалд эргэлзэхгүйгээр авах боломж бүрдэж байна. QR уншуулаад л хэдэн цагийн өмнө малаа саагаад хэдэн цагийн дараа үйлдвэрт бүтээгдэхүүн болсныг ч хараад мэдчих боломжтой юм. Бид яг ийм систем бүрдүүлэхээр ажиллаж байна. Зургаан сарын дараа тухайн бүтээгдэхүүний мөшгөлтийн QR кодоор уншуулангуут эдгээр мэдээллийг гаргадаг болгохоор ажиллаж байна.
-Малчдад мэдлэг мэдээлэл өгөх ажил хэр хэцүү байв?
-Манай компани энэ асуудалд маш их анхаарч, ач холбогдол өгдөг. Малчдад таниулж ойлгуулах сургалт яриа ч нэлээн хийсэн. Эхний жилд гэхэд антибиотикийн тест илрүүлгийг авахад жишээ нь 60 сая төгрөг зарцуулж байлаа. Одоо таван жилийн дараа эргээд харахад аль аль талдаа антибиотикийг ойлгодог болж компаниа хүндэлдэг болсон.
Үнэхээр чанартай сүү нийлүүлдэг малчдадаа 50 төгрөгийн урамшуулал өгдөг уламжлалыг таван жилийн өмнө тогтоогоод байна.
Бэлчээр цөлжөөгүй, бэлчээр нутаг эрүүл гэж боддог байсан малчид маань жилээс жилд багасаж байгаа малын ашиг шимийг хэрхэн сайжруулах талаар ярьж байна. Ногоон ургамал тарьж бэлчээр нутгаа цөлжихөөс хамгаалж байгаад олзуурхдаг.
-Та хүнсний салбарт ажилладаг хүний хувьд энэ системийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Хамгийн чухал ач холбогдол нь Монголчуудад эрүүл, аюулгүй сүүг нийлүүлэх ажил цэгцэрч байна. Эмийн үлдэгдэлтэй сүү хүний биед сөргөөр нөлөөлдөг. Манай компани малчдадаа энэ талын ойлголтыг өгөхөд бараг гурван жилийг зарцуулсан. Манайд сүү нийлүүлдэг малчид маань хотод байгаа хүүхдүүддээ “Витафит милк” ХХК-ийн сүүг л ав гэж захина аа гэж хэлдэг нь бидний ажлын үнэлгээ гэж боддог. Сүүний мөшгөх системийн давуу талаар малчны хотноос үйлдвэрийн хаалга хүртэлх сүү бэлтгэн нийлүүлэлтэд цахим системээр хяналт тавьдаг болж байна.
-Таны бодлоор байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэгч гэж ямар үзүүлэлт хангасан үйлдвэрлэгчийг хэлэх вэ?
-Манай үйлдвэр сүүгээ хүлээн авах цэгээ анхнаасаа бохирын цооногтой барьсан. Цооногтой барина гэдэг тухайн сүүг хүлээн авахдаа хэрэглэсэн ариутгагч бодис, зарим химийн бодисыг хөрсөнд биш цооног руу урсгаж байна гэсэн үг.
Хэрвээ ил задгай асгачихвал эргээд л хөрсөндөө шингэж, түүнийг мал амьтан иднэ шүү дээ. Иймээс бид энэ асуудалд хариуцлагатай хандаж ирсэн. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэгч гэж нэг удаагийн ашиг хонжоог бус эх дэлхий, нутаг орондоо ухамсартай хандахыг л хэлдэг гэж би ойлгодог.
Мөшгөх систем ашиглан хүнсний гарал үүслийн хяналт тавьж хариуцлагатай үйлдвэрлэл болон хэрэглээний талаар илүү ихийг https://www.facebook.com/greenmongolia.mn фэйсбүүк хуудас болон https://www.greenmongolia.mn/ вэбхуудсаас унших боломжтой
Ц.Цэрэндолгор
Эх сурвалж: peak.mn