Ж.Батсүх: Антибиотик, эмийн үлдэгдэлгүй чанартай сүү нийлүүлж байгаа нь малчин бидний бахархал юм

Нүүдэлчин монголчууд бид органик хүнс хэрэглэдэг цөөхөн үндэстний нэг. Гэсэн хэдий ч сүүлийн үед малд хэрэглэсэн эмийн бодис малын биеэс бүрэн гадагшлаагүй үед нь хүнсэнд хэрэглэж, улмаар эмийн үлдэгдэл нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа талаар ярих болсон. Энэ талаар малчдын төлөөллийн нэг Төв аймгийн Борнуур сумын малчин Ж.Батсүхээс тодрууллаа.

-Малчид эмийн үлдэгдэлтэй мах сүү зардаг гэсэн ойлголт  зарим иргэдийн дунд байдаг. Энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн үү?

-Мэдээж малчин Монголчууд соёл уламжлалаа хадгалж, хамгаалж явж буй хүмүүсийн хувьд бусдад санаатайгаар муу зүйл хийе гэж хэзээ ч боддоггүй. Гэхдээ нэг үе малчид бид, малын эрүүл мэндийг хамгаалах тарилгыг хэзээ хийх хэрэгтэй, тарилга хийсэн малын сүү, мах зэрэг түүхий эдийг хэзээ ашиглах талаар хангалттай ойлголттой байгаагүй нь үнэн. 

Нэгдсэн бодлого, зохион байгуулалт дутагдаж байсных болов уу. Иймээс малын тарилга туулгыг малчид голдуу өөрсдөө л мэдэж хийж ирсэн тал бий. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаж, сүүний урамшууллын журам, мал эмнэлгийн нэгдсэн гэрчилгээний системтэй болсноор олон эерэг өөрчлөлт гарсан. 

Малын гаралтай бүтээгдэхүүний чанарт тухайн малын ямар газрын өвс усаар ундаалж, ямар эм тарилгыг хэдийд хэрэглэсэн зэрэг нь шууд хамааралтай талаарх малчдын ойлголт хандлага эрс өөрчлөгдсөн.

Сүүний үйлдвэрээс ч малчдад зориулж сүүний чанарт холбогдох мэдээллүүдийг өгдөг. Ингэснээр бидний мэддэггүй малын эрүүл мэндтэй холбоотой ойлголтуудыг зааж, зөвлөдөг болсон гээд эерэг өөрчлөлт олон гарсан.

 

-Ер нь сүүний үйлдвэрүүд сүү авахдаа чухам ямар төрлийн шинжилгээ хангасныг нь авдаг вэ?

-Манай хувьд “Витафит милк” компанид сүүгээ гэрээгээр өгдөг. Сүүний үйлдвэрээс сүү авахаар ирэх бүрдээ, сүүний шинэлэг байдал, хольц, бүтэц найрлагыг маш нарийн шалгаж авдаг юм. Ямар ч тохиолдолд стандарт шаардлага хангасныг авдаг гэсэн үг. 

Малчид бидний нийлүүлсэн сүүг Ногоон алт – Малын эрүүл мэнд төслөөс санаачлан хөгжүүлсэн “Хариуцлагатай нүүдэлчин” цахим системд бүртгэлжүүлдэг. Тэр хэрээрээ ард иргэдэд чанартай сүү нийлүүлснээ харж өөрсдийн хөдөлмөрөөрөө бахархаад амьдарч байна даа.

 

-Хэрвээ эм, антибиотикийн үлдэгдэлтэй гарчихвал сүүгээ яах вэ?

-Хэрвээ сүүний найрлагад нь антибиотикийн үлдэгдэл илэрвэл буцаадаг журамтай. Зарим малчид антибиотик, эмийн үлдэгдэлтэй сүүгээ асгаж ч байсан удаатай. Хэн ч хөдөлмөрөө шингээн байж гаргасан сүүгээ асгахыг хүсэхгүй болохоор сүүнийхээ чанарт их анхаарч хичээдэг. Энэ хэрээрээ та бүхэн өдөр тутмын хүнсний хэрэглээний нэг мах сүүндээ санаа зоволтгүй болсон гэж хэлмээр санагддаг.  Үүнийг малчид л хэлээд байгаа юм биш. Цаана нь маш нарийн мөшгөх системээр бүрэн хянаж байна шүү дээ. Тэгэхээр бид утгаараа органик хүнс хэрэглэж байгаа гэж боддог.

 

-Та “Хариуцлагатай Нүүдэлчин” мөшгөх систем ашигладаг болсон тухай дурдлаа. Энэхүү систем хэрэгжсэнээр малчид сүүний чанар, малынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулах нь нэмэгдсэн үү?

-Тэгэлгүй яахав, малчид маш хариуцлагатай болж байна. Наанадаж малчид өөрсдөө ч сүүний чанар, эмийн үлдэгдлийн тухай мэдлэг, мэдээлэлтэй болсон. Аль болох л малаа эрүүл чанартай өсгөхийг эрмэлзэж байна. Малаа эрүүлжүүлж, чанаржуулахын тулд малын эмчтэйгээ гэрээ байгуулж, үзлэг шинжилгээнд тогтмол хамруулдаг болсон. Манай сумын малчдын ихэнх нь сүүгээ л борлуулж орлого олдог хүмүүс. Сүүний урамшуулалд хамрагдсанаас хойш нийлүүлэх сүүндээ мал эмнэлгийн гэрчилгээг тогтмол авдаг болсон.

Гол бүтээгдэхүүн маань чанартай байж, байнга шинжлүүлж, малын өвчлөлийг эрт илрүүлж байна. Олон түмэндээ эрүүл малын, чанартай бүтээгдэхүүн нийлүүлж байгаа нь малчин бидний нэг бахархал юм шүү. Энэ жил гэхэд сүүний үнэ өмнөх жилүүдийнхээс эрс өссөн. Бидний орлого бодитоор нэмэгдлээ. Өмнө нь сүүний үнэ хямд мөртлөө өвс тэжээл үнэтэй байв. Олсон хэдэн төгрөгөөрөө үхэртээ тэжээл авч ч хүрэхгүй гээд асуудал байлаа. Чанартай сүү нийлүүлж байгаа гээд өвөл сүүний урамшуулал олгодог юм. Энэ урамшуулал нь малчдын амьдралд овоо нэмэр болдог.

                 Хөдөө аж ахуйн зохистой дадал олгох сайн туршлагуудыг www.facebook.com/greenmongolia.mn фэйсбүүк хуудас болон www.greenmongolia.mn вэбхуудаснаас авна уу.

 

-Өвлийн улиралд сүүнийхээ гарцыг тогтмол байлгахын тулд үхрээ тэжээдэг үү?

-“Ногоон алт” төслийнхөн бидэнд хэрхэн тэжээл тариалахыг зааж өгсөн. Манай сумынхан гэхэд бүлгээрээ нийлээд тэжээлийн ногоон өвс тариалдаг. Ургацаа хурааж аваад өвөл үхрээ тэжээдэг. Ногоон тэжээлийн тухайд шимт чанар нь бэлчээрийн өвснөөс хавь илүү уураглаг. Өвлийн хүйтэн цагт мал өлдөхгүй, сүү өтгөн хэвээрээ чанараа алдахгүй гээд малчин бидэнд бүр л амар болж байна даа.  Бэлчээр нутагтаа ч ээлтэй юм.

 

Ярилцлага өгсөн танд баярлалаа!

Ц.Цэрэндолгор

Эх сурвалж: peak.mn