Нүүдэлчин монголчууд дэлхийд эко хүнс нийлүүлэх суурь тавигдлаа

Нүүдлийн мал ахуйгаараа баян тансаг амьдрах боломж байгааг цээжээ дэлдэн ярих ч урд, хойд хөршүүдэд малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох хэлэлцээр үр дүн муутай, явцгүй болж цаасан дээр үлдэх болдог нь нууц биш. Ялангуяа ОХУ руу мах гаргана гэж хилийн бүсийн аймгууд хэчнээн жил хөөрцөглөлөө дөө. Гэрээ, хэлцэл нь дээд түвшинд амжилттай зурагддаг ч бодит биелэл зөрдөг шалтгаан нь манай малын өвчлөл, хяналт шаардлага хангадаггүй байв. Малын халдварт өвчин нь хүн амд тархан халдварлаж, өвчилсөн мал ашиг шимээр тааруухан цаг саяхных. Бидний амьсгалах агаар, уух ус, гишгэж буй газар шороогоор дамжиж, шууд болон шууд бус хавьтлаар хүн ба амьтнаас хүний бие махбодод орж, тархдаг өвчнийг “халдварт өвчин” хэмээн ДЭМБ хэдийнэ тодорхойлсон. Өнөө цагт мал, амьтнаас хүнд халдварладаг 160 орчим өвчин байдгийг мал эмнэлгийн шинжлэх ухаан тогтоожээ. Мал, амьтнаас хүнд халддаг өвчинг зоонозын халдварт өвчин гэдэг. Хамгийн ойрын жишээ нь, та биднийг төдийгүй, дэлхийн нийтийг сүүлийн хоёр жил гаруй хугацаанд сандаргаж байгаа коронавируст халдварт цар тахал юм.

Хүний биеийн тулгуур эрхтэн, мэдрэлийн тогтолцоо, дотор эрхтэнг гэмтээж, хөдөлмөрийн чадварыг алдуулж, “эмчилгээгүй” гэх онош дагалддаг бруцеллёзоор манай улсад жилд 400-500 хүн буюу 10 мянган хүн тутамд 1-2 нь өвддөг гэсэн судалгааг Зоонозын өвчин судлалын үндэсний төв гаргажээ. Малаас хүнд халддаг энэ өвчнийг түүхий, дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, түүхий сүү, бяслаг, цөцгий, амьтны халуун цус зэргийг хэрэглэх үед, эсвэл өвчтэй малыг нядлах, гэдэс дотор цэвэрлэх, мах эвдэх, арьс шир боловсруулах, ноос, ноолуур бэлтгэх, төл хүлээн авах, мал саах үед гараар дамжих буюу жижиг шарх, шалбархайгаар дамжин ахуйн замаар халдварлах нь бий. Малын өтөг бууц цэвэрлэх, ноос ноолуур бэлтгэх, цуглуулах, боловсруулах үед амьсгалын замаар халдвар авсан тохиолдол ч байдаг.

Арьс, тунгалагийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэст цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатиг буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт боом өвчин таван хошуу малаас хүнд дамждаг. Манай улсын нэг хот, 19 аймгийн 157 сум боомын байгалийн голомттой бөгөөд малын өвчлөлтэй уялдан хүний өвчлөл гардаг. Уг өвчнөөр өвчилсөн болон үхсэн мал, амьтны түүхий эд (мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур г.м), боомын нянгаар бохирлогдсон хөрс бууц, малын хэвтэр, усанд боомын нян хадгалагддаг.

Боомоор өвчилсөн, үхсэн  мал, малын түүхий эд,  хүүр сэг зэм, арьс шир, яс, үс ноос,  халдварын бохирдолтой хөрснөөс халдвар авч хүн боомоор өвчилдөг. Боомын үүсгэгч гэмтсэн арьсаар дамжин хүний биед нэвтрэн  орсноор арьсны хэлбэрийн өвчлөл үүсгэдэг нь үндсэн  хэлбэр болдог гэх мэт мал, амьтнаас хүнд халдварладаг өвчлөл түгшээдэг байв. Байсхийгээд энд тэнд шүлхий гарч, аймгуудыг бүсчлэн хязгаар тогтоодог нь дэлхий нийтээр нуух боломжгүй болсон цаг өчигдөрхөн. 

Өнгөрсөн цаг дээр бичих учир нь Монгол Улс дөрвөн жилийн өмнөөс Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах боломж бүрдсэн юм. Хариуцлага алдсан этгээдэд оногдуулах хууль, журамтай ч болсон. Мал, амьтны эрүүл мэндийн түүхийг мөшгөх тогтолцоог боловсронгуй болгосноор дэлхийтэй хөл зэрэгцэх үүд хаалга нээгдэж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн эхний үйл ажиллагаа малаас хүнд халдварладаг өвчний тархалтыг сааруулах, түүнтэй тэмцэх чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, малчдын мэдлэг, хандлагыг уламжлалт сэтгэлгээг сэргээх замаар нөлөөлөх, бэлчээр хамгаалах зан заншлыг нь сануулах, хөдөө аж ахуйн салбарыг харъяа яамтай нь хамтран сэргээх, ялангуяа Мал эмнэлгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэжээ. Малын эмч бэлтгэх сургуульд Швейцар болон Их Британийн Хатан хааны Мал эмнэлгийн чиглэлийн багш, мэргэжилтнүүд зөвлөж, сургалтын хөтөлбөрийг дэлхийн жишигт хүргэн шинэчилжээ. Сайн боловсон хүчин бүхий Мал эмнэлгийн салбарууд аймаг бүрт үйл ажиллагаа явуулж, мөнөөх төслийн дэмжлэгээр Монгол Улс анх удаа Мал эмнэлгийн нэгдсэн цахим системтэй болж, орон даяар нэвтрүүлэн, мал, амьтны эрүүл мэндийн түүхийг мөшгин тогтоох тогтолцоо бүрдсэн ажээ. Уг систем нь мал, амьтны гарал үүсэл, эрүүл мэнд, түүхийн мэдээллийг сан үүсгэн хадгалж, 21 аймаг, Улаанбаатар хотын малчид, бизнес эрхлэгчид цахимаар гэрчилгээ олгож байна. Энэ нь цаашдаа нүүдэлчин монголчуудыг дэлхийд эко хүнс нийлүүлэх боломжийг олгох эхлэл суурь болох биз ээ. Хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангаад зогсохгүй малын гаралтай хүнсний экпортыг нэмэгдүүлэх нь улсын бодлогын асуудал юм. ШХА-ын “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн бас нэг үр дүн нь малын гаралтай хүнсний түүхий эдэд агуулагдах антибиотикийн үлдэгдлийг сум, аймгийн түвшинд хянах чадавхийг сайжруулсан явдал юм. Өндөр хөгжилтэй орнууд малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой байхыг шаардахаас гадна тухайн мал, амьтанд хэрэглэсэн эм бэлдмэл, идэш уушинд анхаарал хандуулж, хянасан эсэхийг давхар нягталдаг. Мал эмнэлгийн ерөнхий газар болон бусад түнштэй хамтран Швейцарын хөгжлийн агентлагаас малын гаралтай мах, сүүн дэх антибиотикийн үлдэгдлийг илрүүлэх аргачлалыг боловсруулж, батлуулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарч ажиллажээ. Ингэснээр эцсийн дүндээ малчдын ашиг орлого нэмэгдэх, амьжиргааг дээшлүүлэхэд нөлөөлөх юм. Мал эрүүл бол хүн эрүүл гэдгийг монголчууд бид мэдэх болжээ. Амьдрал гээч нь алгаа дэлгэвэл аль байдаг гоёыг өгдөг тул Та зөвхөн өөрийгөө бус өрөөлийг ч бодож амьдраарай. Байгалийн жамыг хэн ч сөрж үл чадна.

С.САРУУЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.31 МЯГМАР № 170 (6647)