Швейцарын Хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийн хаалтын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 10-нд болох гэж байна. Үүнтэй зэрэгцэн мөн өмнөх өдөр нь Бэлчээрийн үндэсний IV чуулган цахимаар болно. Энэ үеэр "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийн хүрээнд манай улсын 18 аймагт бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулсан төслийн үр дүнг хэлэлцэн, туршлагаас хуваалцах юм.
Харин үндсэн үйл ажиллагаа болох "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийн хаалтаар төслийн 17 жилийн хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, төслөөс үлдэж буй өв, төслийн үр дүнд Монгол Улсын ХАА-н салбар дахь тогтвортой байдал, хөгжлийн шинэ боломжуудын талаар ярилцана. Хаалтын үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Швейцарын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Бернардино Регацони, Швейцарын Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри нар үг хэлж, төслийн багийнхан хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, оролцогчид бэлчээрийн зүй зохистой ашиглалт, мал эмнэлэг, малчдын байгууллага, хоршоодын туршлагаас хуваалцах юм.
Тодруулбал, талхлагдсан бэлчээрийн сэргэлт, дундын бэлчээрийн ашиглалт, бэлчээр ашиглалтын гэрээний талаар хийж буй ажлаа танилцуулж, цаашид гарах боломжуудын талаар хэлэлцэнэ. Учир нь төслийн дүнд манай орны малчид бэлчээр нутгаа зохистой ашиглахын төлөө нэгдэж, Бэлчээр ашиглагчдын холбоог байгуулан ажиллаж байгаа юм.
Мөн малын гаралтай түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгч, боловсруулалтын компаниудад нийлүүлж шууд ашиг шимийг нь хүртэх "Хариуцлагатай нүүдэлчид" стандартыг мөрдөж байгаа талаар ярилцана. Тодруулбал, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд бэлчээр ашиглагчид, малын түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нар, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож, эцсийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчид хүргэн хэрэгжүүлж буй ХАА-н зохистой дадал, сайн туршлагуудыг хуваалцахаас гадна дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид бэлчээрийн сэргэлтийн талаар хийсэн сүүлийн үеийн судалгааг танилцуулна.