НАДАД ХАМААТАЙ: Хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл

Гоё ганган сав, баглаатай гоо сайхны бүтээгдэхүүний шошгон дээрээс "амьтныг тамлан зовоогоогүй, амьтан дээр туршаагүй" (cruelty free/not tested on animals) гэдэг тэмдэглэгээг анх олж хараад би их гайхаж билээ. Учир нь хүнд хэрэглүүлэх бүтээгдэхүүнийг амьтан дээр туршиж, аюулгүй байдлыг баталгаажуулах нь шинжлэх ухаанч хандлага гэж ойлгодог байв. Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүний туршилтад жил бүр хагас сая амьтныг ганцхан сар ашиглаад алж орхидог нь хүнлэг бус санагдав. Тухайн үед бурууг бусдад хамааруулж бодсон ч төд удалгүй “үйлийн үр”-ийн талаар миний төсөөлөл өөрчлөгдсөн юм.

Гоо сайхны бүтээгдэхүүний шошго дээр маш олон мэдээлэл байдаг. Тэдний нэг бол “амьтан дээр туршаагүй” хэмээх туулайн дүрслэл бүхий лого

 

Би гэдэг хүн шуб өмсөхөө больж, жил бүр хэдэн сая амьтныг хорьж, тамлаж хороодог арьсны фермийн үслэг эдлэлээс татгалзав. Ази, Африкийн сармагчинг амьдрах газаргүй болгож байгаа дал модны тариалалтыг дэмжихгүйн тулд дал модны тостой зүйл хэрэглэхээс зайлсхийв. Байгальд хэдэн зуун жилээр үл задрах, дахин боловсруулах боломжгүй болон бохир хог хаяхаас цээрлэдэг болов. Ингээд гараг ертөнцийн асуудал бүхэн “надад хамаатай” боллоо. Дэлгүүрт ороод барьж авсан бараа бүрийн сав баглаа, орц найрлага, гарал үүслийг нягталснаар онцын шаардлагагүй олон зүйлийг хэрэглээнээсээ хасав.

Гэвч насаараа идсэн малынхаа махнаас татгалзаж чадсангүй. Малын хөлд шахагдаж устах аюулд өртсөн зэрлэг амьтдыг өрөвдөвч ногоон хоолтон болж барсангүй. Махсаг миний идшийг базааж малаа даахгүй эцэж туйлдсан бэлчээрийн доройтолд “би буруутай” мэт санагдана. Эх нутгийн ихэнх хувь нь цөлжиж, хэдэн зуугаар тоологдох гол, нуур дахин хэзээ ч сэргэхгүйгээр ширгэсэнд харамсана. Ийн шаналж явахад минь дэлхий нийтийг уриалж эхэлсэн Тогтвортой хөгжлийн зорилтууд надад буруугаа залруулах боломж олголоо. Тэдгээрийн нэг нь "хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл"-ийн тухай үнэхээр догь ойлголт юм.

Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохдоо байгалийн нөөцийг ариг гамтай ашиглаж, үйлдвэрлэх, хэрэглэх явцаас үүдэн гарах ул мөр, сөрөг нөлөө, хог хаягдал, орчны бохирдлыг аль болох бага байлгаж, хойч үедээ хэрэгцээт байгалийн нөөцийг нь хангалттай үлдээхийг хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэлийн зарчим гэдэг байх нь. 

Малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийг малыг зовоолгүй, зохих ёсоор тавлаг өсгөснийг батлах батламж буюу QR-р мөшгөх тогтолцоог бүрдүүлжээ

 

Хүний зохисгүй хэрэглээнээс амьтай бүхнийг авран хамгаалах Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх амлалт өгсөн дэлхийн 193 орны нэг нь Монгол Улс. Энэхүү гэрээнд “Бид улсынхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ болон хэрэглээний хэвшмэл байдлыг уг үндсээр нь өөрчлөхөө амлаж байна. Засгийн газар, олон улсын байгууллага, бизнес эрхлэгч, төрийн бус байгууллага болон “хувь хүн” нэг бүр цамаан хэрэглээ, үрэлгэн үйлдвэрлэлийг таслан зогсоож, шинжлэх ухаан, технологи, инновацийн боломжийг илүү хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэлд чиглүүлж, өөрсдийн боломж, нөөц, санхүү, техник туслалцаагаа тогтвортой хөгжлийн төлөө зориулах болно” гэжээ.

Хэдийгээр би өөрийн биеэр гарын үсэг зурж, тангараг өргөөгүй ч энэ амлалт “надад хамаатай, хамгийн их хамаатай” (Мандухай сэцэн хатны үгээс иш татав) боллоо. Гэвч дэлхийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадаагүйн улмаас манай улс 2020 онд 63.98 (F) оноотойгоор 107 дугаар байранд жагсав. 

Цөлжиж хувхайрсан газар нутаг, цөлмөж барсан байгалийн баялаг, шарилж ханхалсан хоосон бэлчээр, өндийх тэнхэлгүй тураалтай мал, өвөлжөө булаалдсан эцэг хүү, эм амтагдсан идэш ууш, ханаж цадашгүй харалган түмний тухай халаглан бичихээ энэ удаа азная. Эрхий дарам газрыг бурханд ч өгөмгүй тансаг байгальдаа зэрлэг амьтад дураараа сүлжилдэж, өвс ногоо халиурсан элбэг хангалуун бэлчээртээ таван эрдэнийн мал сүрэг тааваараа сайхан налайж, өгөөж буян нь малчны хотноо бялхаж, өөхний нүнжигт нь хотын бид бялуурам тийм л ирээдүйн талаар төсөөлье. 

Тэгвэл би юу хийж чадах билээ? 

Шонхрын наймааг зогсоож, сар шувууг үржүүлж чадахгүй учир үлийн цагаан оготнотой тэмцэхэд миний хүч дутна. Уул уурхайг болиулж, ой модыг ургуулж барахгүй тул цөлжилттэй тэмцэхэд миний бяр дутна. Харин халаасан дахь хэдэн бор төгрөгөөрөө, хаана ч явсан зарчимдаа үнэнч худалдан авалтаараа хариуцлагагүй үйлдвэрлэл, хайхрамжгүй хэрэглээтэй би тэмцэж чадна. Надад ирээдүйг өөрчлөхөд хангалттай эрх мэдэл, эд хөрөнгө бий. Учир нь “хэрэглэгч” би (Монголын) Хаан билээ.

Бэлчээрээ гамнадаг, байгалиа хамгаалдаг, зэрлэг амьтадтай зэрэгцэн оршдог, буянт малынхаа ашиг шимийг амьсгалаас бусдыг нь хүртдэг, өв уламжлал, өөрчлөлт шинэчлэлийг хослуулдаг, жаргалтай малтай жавхаалаг малчнаас би идшээ захиалж идье. Малыг зовоолгүй махалдаг, махыг хиртээлгүй тээвэрлэдэг, эмийн үлдэгдэлгүй, эрүүл мэндэд хоргүй хүнсийг орчны бохирдолгүй, олон түмэнд халгүйгээр үйлдвэрлэдэг хариуцлагатай бизнест би үнэнчээр орлого оруулъя. 

“Хариуцлагатай нүүдэлчид” стандарт дор малчид өөрийн гаргасан түүхий эддээ баталгаа олгож байна. www.responsiblenomads.mn

“Энэ ямар үнэтэй вэ гэхийн оронд энэ бүтээгдэхүүн ямар үнэ цэнээр бүтсэн бэ?” гэж би асууя. Хариулт нь “надад хамаатай”. 

Би юу мөрөөддөг гээч? Ногоон алтан талдаа цагаан сувдан гэрээ бариад амар сайхандаа жаргах сан.

 

Өгүүллийг  бичсэн: Ч.Батцэцэг