Д.Булгамаа: Ачааллыг цаг алдалгүй бууруулвал доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаар сэргэх боломжтой

Нүүдэлчин ахуйгаас хүртэх ашиг шимээ үнэ цэнтэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нь бэлчээрээ сайжруулах, бэлчээрийн зохистой ашиглалтаас эхэлнэ.

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэндийн төсөл”-ийн санхүүжилтээр бэлчээрийн мониторингийн үндэсний сүлжээг бэхжүүлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэн юм.

Ингэснээр хаагуур, хэдий хэмжээний бэлчээр хэрхэн доройтож буйг бодитойгоор оношилж улмаар доройтлоос сэргийлэх, доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулах нөөц боломжоо бодитойгоор тооцдог боллоо. Энэхүү ажил бэлчээрийн судалгаа, бэлчээр зохион байгуулалт, бэлчээр ашиглагчид- малчдад хэрхэн бодит үр дүн үзүүлж байгаа талаар “Ногоон алт” төслийн бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Булгамаатай ярилцлаа.

-Монголчууд улирал дагаж нүүдэллэн, бууриа сэлгэж ирсэн. Энэ нь байгальд ээлтэй гээд л ярьдаг шүү дээ. Гэтэл сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтол гэж их ярих боллоо. Бэлчээр нутгийн асуудал хөндөгдөх шалтгааныг мэргэжлийн хүний хувьд та хэрхэн хардаг вэ? 

-Бэлчээр нутгаа хайрлах, зохистой ашиглах малчны ухаан, нүүдэлчдийн соёлын хамт хэдэн мянган жилийн турш хадгалагдаж уламжлагдаж ирсэн.  Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэнээр малчид орлогоо нэмэгдүүлж амьжиргаагаа сайжруулах зорилгоор малынхаа тоог хяналтгүйгээр өсгөх болсон.

Өвсний соргог, усны тунгалагийг дагаж нүүдэллэдэг малчид ховордож зах зээлээ даган төв суурин газраас холгүй амьдрах малчдын тоо өсөж их хэмжээний малын бөөгнөрөл үүссэнээс малын бэлчээр эрчимтэйгээр доройтож байгаа нь тун харамсалтай.

 

-Монгол Улсын хэмжээнд яг хэр их хэмжээний газар талхлагдаад байна вэ? 

-Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн дэмжлэгээр ус, цаг уур болон газрын харилцааны улсын сүлжээг түшиглэн бэхжүүлсэн Бэлчээрийн мониторингийн 2 том сүлжээ нь бэлчээрээ жил бүр оношилдог болсон. “Бэлчээрийн мониторингийн дүн мэдээ, үндэсний тайлан”-гаас үзэхэд Монгол орны нийт бэлчээрийн газрын 65 хувь өөрчлөгдөж доройтсон төлөвтэй байна. 

Бэлчээр ашиглалтын одоогийн ачааллыг цаг алдалгүй бууруулж чадвал доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаар сэргэн ургах бүрэн боломжтой.

 

-Цөлжилтөд өртсөн газар нутаг гэхээр элс, цагаан тоосоор төсөөлдөг. Гэтэл харахад ногоон тал хэдий ч талхлагдсан бэлчээр нэмэгдсэн талаар судлаачид дурдах болсон. Цаанаа экосистем нь хэрхэн өөрчлөгдсөн байдаг юм бол?

-Бэлчээрийн доройтол, бэлчээрийн доройтлын шалтгаан саяхныг хүртэл маргаантай байлаа. Малын тоо хэт өссөнөөс бэлчээрийн доройтол эрчимжиж буйг малчид хүлээн зөвшөөрдөггүй, хур бороо орохгүйгээс л газар нутаг гандуухан байна гэдэг малчид цөөнгүй байсан. 

Сүүлийн жилүүдэд идэмж сайтай, тэжээллэг өвс ургамлын гарц, төрөл зүйл жил ирэх тусам буурсаар байгааг малчид ойлгодог ярьдаг боллоо.

Бэлчээрийн доройтлын явц, шинж тэмдэг нь байгалийн бүс бүслүүрээс хамааран харилцан адилгүй байдаг, тухайлбал, ой хээрийн бүсэд нарийн өвс голлосон унаган ургамлын эзлэх хувь буурсаар тэжээлийн ач холбогдлоор муу, хөл газрын ургамлаар солигддог бол хээрийн бүсэд өнгөн хөрс суларч ус салхины элэгдэл эрчимжсэн байх жишээтэй.  

Эдгээр өөрчлөлтийг даган байгалийн зэрлэг амьтад болон шувуудыг амьдрах орчноор хангах, хөрсийг үндсээрээ барьж элэгдэл эвдрэлээс хамгаалах зэрэг үйлчилгээг алдахад хүрч байна. 

 

-Ингэж талхлагдсан газар байгалийн жамаараа сэргэх үү? 

-Доройтсон бэлчээрийн сэргэлтийн талаарх туршилт судалгааны дүнгээс үзэхэд ашиглалтыг тохируулж ургамалд сэргэн ургах боломжийг олгосноор доройтсон бэлчээрийн дийлэнх хувь нь сэргэнэ. Харин унаган ургамал нь доройтлыг илэрхийлэгч зүйл ургамлаар солигдож хөрсний элэгдэл эвдрэл хүчтэй илэрч доройтсон бэлчээр байгалийн аясаар сэргэх боломжгүй.  

Манайх шиг чийгийн хангамжаар муу, ургамал ургалтын хугацаа богино нөхцөлд доройтсон бэлчээрт үр цацаад сэргээнэ гэдэг экологийн болон эдийн засгийн хувьд боломжгүй, тиймээс бэлчээрийг хүчтэй доройтуулахаас сэргийлэх, мал бэлчээрлэлтийн ачааллыг даацад нь тохируулах зохицуулалтуудыг цаг алдалгүй нэвтрүүлэх шаардлагатай байна. 

 

-Бэлчээрийн мониторингийн улсын сүлжээг бэхжүүлэхэд ямар асуудлууд дээр голлон анхаарсан бэ?

-Бид дараах 3 асуудал дээр голлон төвлөрөн ажилласан. Тодруулбал:

Нэгдүгээрт: Бэлчээрийн мониторингийн арга зүйг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэн сайжруулах, үндэсний түвшинд нэгдсэн нэг арга зүйг нэвтрүүлсэн. Учир нь арга зүйн зөрүүгээс доройтолд орсон бэлчээрийн газрын хэмжээ, доройтлын түвшний талаарх зөрүүтэй дүн мэдээ нь ойлгомжгүй, ашиглахад бэрхшээлтэй байлаа.

Хоёрдугаарт: Мониторингийн анхдагч мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх онолын үндсэн зарчмууд, загваруудыг боловсруулан нэвтрүүлсэн. Тухайлбал, Монгол орны бэлчээрийн голлох төрлүүдээр экологийн чадавхид суурилсан лавлагаа мэдээллийн сантай болсноор доройтлын түвшинг болон сэргэх чадавхийг тодорхойлох боломжтой болсон.

Гуравдугаарт: Мониторингийн сүлжээг бэхжүүлэх зорилгын хүрээнд хээрийн судалгааны багаж хэрэгслээр хангах, холбогдох мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулахад нэлээд сайн анхаарч ажилласаны дүнд тус 2 сүлжээний хувьд мониторингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангах бүрэн чадавхи бүрдсэн.      

 

-Мониторингийн нэгдсэн арга зүйтэй болсны ач холбогдол нь юу вэ? 

-Бэлчээрээ оношлох нэгдсэн арга зүйтэй болсноор бэлчээрийн болон бусад холбогдох салбар, оролцогч талууд хоорондоо бэлчээрийн төлөв байдал, даац ачааллын талаарх мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл бэлчээрийн асуудал хариуцсан тодорхой бүтэцгүй манай улсын хувьд энэхүү нэгдсэн арга зүй нь оролцогч талуудыг нэгтгэн зангидах гол арга хэрэгсэл болж байна.

Экологийн чадавхид суурилсан энэхүү нэгдсэн арга зүйг нэвтрүүлснээр бэлчээр судлалын шинэ үеийн суурийг тавьсан гэж хэлж болно. 

Учир нь, сүүлийн жилүүдэд доройтсон бэлчээрийг сэргэх чадавхиар үнэлэх, доройтсон бэлчээрийн сэргэх боломжийг тогтоох чиглэлээр ажиллах судлаачид болон хэвлүүлсэн бүтээлийн тоо эрс нэмэгдэж байна. 

 

-Нийтдээ хэчнээн аймаг сумдын бэлчээрийн мэдээлэл бүртгэгдсэн бол?

-Дээр дурьдсанчлан улсын хэмжээнд бэлчээрийн мониторингийн хоёр том сүлжээ ажиллаж байна. 

Эхнийх нь Ус, цаг уурын улсын сүлжээний дэргэдэх бэлчээрийн экосистемийн төлөв байдлын мониторинг ба багийн түвшний 1550 цэгийг хамардаг. 

Одоогоор, 2011 оноос эдүгээ хүртэлх 10 жилийн мэдээлэл бүхий нэгдсэн сантай болсон байна. 

Бэлчээрийн сэргэх чадавхийн зураглалыг 2 жил тутамд, өвөл, хаврын даац ачааллын зураглалыг жил тутам гаргаж (http://irimhe.namem.gov.mn/ ; https://eic.mn/wedotinfo)., Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланг 3 жил тутамд гаргаж Засгийн газарт, олон нийтэд үйлчилдэг.

 

Хоёрдугаарт, Газрын харилцааны сүлжээний дэргэдэх Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фотомониторингийн сүлжээ аймаг, сум, баг, бэлчээр ашиглагчдын хэсэг, түүний доторхи улирлын бэлчээрийг төлөөлөх 5100 цэгийг хамарч байна (www.gazar.gov.mn). Фотомониторингийн үр дүнд тулгуурлан бэлчээр ашиглалтын горим, ачаалал хэр тохиромжтойг, мөн бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хянадаг.  

-Малчин бүрийн бэлчээрт үнэлгээний зураглалыг гаргаж өгөх боломжтой юу?

Дундаа ашигладаг бэлчээрийн газар дээр нь үндэслэн малчдын хэсэг, бүлгийн түвшинд бэлчээрийн төлөв байдал, нөөцийг нь тодорхойлж зурагладаг. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлж байгаа, бэлчээр ашиглалтын арга технологи бэлчээртээ хэрхэн нөлөөлж байгааг хянаж жил бүрийн 8-р сард мониторинг хийдэг.    

Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фотомониторингийн 2020 оны дүнгээс үзэхэд бэлчээрийн зохистой ашиглалтыг нэвтрүүлснээр сүүлийн 5 жилд улсын хэмжээгээр 20,6 сая га бэлчээрийг сайжруулсан байна. 

 

Ийнхүү бэлчээрийн чанар бүтээмж, түүнд үзүүлэх ашиглалтын нөлөөг хянах нь нэг талаас МАА-н үйлдвэрлэлийг, малчдыг хариуцлагажуулж байгаа, нөгөө талаас малчдаас зах зээлд нийлүүлж буй бүтээгдхүүнийг зохистой ашиглалт бүхий эрүүл бэлчээрээс гаралтай хариуцлагатай бүтээгдхүүн болохыг баталгаажуулснаар түүний борлуулалт, үнэ цэнийг нэмэгдүүлж байгаа юм.    

 

-Тэгэхээр малын тоо толгой бус авах үр ашиг, тухайн бүтээгдэхүүний түүх үнэ цэнийг нь нэмэгдүүлэх нь ээ?

-Олон малтай л бол сайн малчин гэсэн өрөөсгөл ойлголт байсан. 

Мянгат малчин тодруулдаг, банкны зээл авахад малын тоо толгой хардаг нь малын тоо хяналтгүйгээр өсөхөд нөлөөлж байна. 

Малын тоогоо өсгөсөн ч Монгол малын бүтээгдэхүүн, арьс шир, түүхий эд зах зээл дээр хямд, үүнийг дагаад малчин өрхийн орлого доогуур байгаа нь нууц биш. 

Тэгэхээр бид эртнээс өвлөж ирсэн нүүдэлчин ахуйгаас хүртэх ашиг шимээ үнэ цэнтэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нь бэлчээрээ сайжруулах, бэлчээрийн зохистой ашиглалтаас эхэлнэ. 

Байгалийн эрүүл бэлчээрээс гаралтай, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулж эх дэлхийдээ ээлтэй, хариуцлагатай гэдэг имижээр олон улсын зах зээлд танигдах л чухал.

Ингэж чадвал монгол малын гаралтай бүтээгдхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэн эдийн засгаа солонгоруулах боломжийг нэмэгдүүлж чадна.

 

-Та бүхний ажилласан Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөл 17 жилийн турш хэрэгжүүлсэн үр дүнгээ олон нийтэд танилцуулах гэж байгаа, мөн та бүхний хамтарч буй Бэлчээрийн Үндэсний IV форумыг 9-р сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулна гэж дуулсан. Энэ талаар манай уншигчдад товчхон мэдээлэл өгөөч.

-Тэгэлгүй яахав баярлалаа. Төсөл маань хэрэгжээд 17 жил хэдийн өнгөрчээ. Оролцогч талуудын уйгагүй хичээл зүтгэлээр өнөөдөр бид төслөө маш амжилттай хэрэгжүүлж бэлчээр судлалын болоод МАА-н үйлдвэрлэлийн хөгжлийн нэгэн шинэ үеийн суурийг тавьсан олон үр дүн гаргасан байгааг харахад маш таатай байгаа. 

Хамгийн гол нь малчид хамтарч бэлчээрээ зүй зохистой ашиглах нь тэдний нүүдэлчин амьдралын хэв маягийг тэтгэдэг юм байна гэдгийг ойлгосон бол энгийн иргэд ч бэлчээр гэдэг бол зөвхөн хэдэн малчны л санаа зовох асуудал биш гэдгийг бага багаар ойлгож буй нь мэдрэгдэж байгаа. 

Манай төслийн хувьд Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог бэхжүүлэх тал дээр багагүй ажлыг хийсэн бөгөөд 2021/0/9/09-ний өдөр Бэлчээрийн Үндэсний IV форумыг холбоотойгоо хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээ маань өнөөгийн нөхцөл байдалтай зохицон 100% виртуал хэлбэрээр явагдах ба www.responsiblenomads.mn хуудсаар шууд дамжуулагдана. Арга хэмжээний үеэр олон улсын болон дотоодын эрдэмтэн судлаачдын бэлчээрийн сэргэлтийн талаарх сүүлийн үеийн судалгаанууд танилцуулагдахаас гадна бэлчээрийг сонирхогч, ашиглагч, хэрэглэгч бүх талуудын нэгдсэн уулзалт болдог давуу талтай юм. Тодруулбал бэлчээрийг түшиглэн мал сүргээ өсгөж буй малчид, малчдын гаргасан түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид болон бэлчээр, мал аж ахуйг судалдаг эрдэмтэн, судлаачдын нэгдсэн уулзалт болдог гэсэн үг юм.

Харин 2021/09/10-ны өдөр Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн маань хэрэгжүүлсэн сайн туршлагуудыг олон нийттэй хуваалцах юм. Мал аж ахуй маань манай улсын хөгжлийн тулгуур 3 чулууны нэг төдийгүй малын гаралтай түүхий эдтэй холбогддоггүй, салангид амьдардаг нэг ч Монгол хүн байхгүй гэж би боддог. Тиймээс энэхүү арга хэмжээ маань уншигч та бүхэнд бүгдээрэнд нь хамаатай гэж ойлгож болно. Арга хэмжээг мөн л онлайнаар www.responsiblenomads.mn вэб хуудсаар болон Монголын үндэсний олон нийтийн телевизээр та бүхэнд дамжуулан хүргэх болно. Та бүхнийг манай онлайн арга хэмжээнүүдэд өргөнөөр оролцохыг урьж байна. Арга хэмжээний талаар болон манай төслийн үйл ажиллагааны мэдээллийг www.greenmongolia.mn сайт болон www.facebook.com/greenmongolia.mn фэйсбүүк хуудсуудаар авах боломжтой байгаа.

 

Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа, зохион байгуулж буй арга хэмжээнүүд болон цаашдынх нь ажилд амжилт хүсье!

НИЙТЭЛСЭН БУЯНДЭЛГЭРИЙН МӨНХЧИМЭГ