Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төслийн үр дүнг хүлээлгэн өгөх Хандивын гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа /2021.08.12/ болсон. Энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төслийн зохицуулагч Ц.Энх-Амгаланд алтан гадас одонг гардуулан өгсөн юм.

ШХА-ийн НАМЭМ төслийн зохицуулагч Ц.Энх-амгалан “2004 оноос эхэлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл маань Монгол Улсад 17 жил хэрэгжээд ирэх 09 дүгээр сард хаалтаа хийх гэж байна. Анх 1999-2002 онд тохиосон зудын аюулыг бууруулахад Швейцарын Холбооны Улсаас НҮБ-аар дамжуулж хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж, улмаар хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжүүлсэн. Төсөл анх “Ногоон алт” нэртэй бэлчээрийн экосистемийг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж эхлээд зөвхөн бэлчээрийн асуудлыг биш, малчдын амьжиргаа, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, төр болон төрийн бус байгууллагуудтай хамтран маш олон ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.

Хэцүү цаг үед төслөө эхлүүлж байсан ч одоо эргээд харахад Монгол Улсын 18 аймагт Бэлчээр ашиглагчдын холбоотой, 166 суманд малчдын холбоотой болж, 76 Малчдын хоршоо, 100 гаруй Дундын сан, 44 Хадгаламж зээлийн хоршоо бий болсон байна. 20 сая га газрын бэлчээрийг доройтохоос сэргийлж, 5 сая га бэлчээрийг унаган төрхөнд нь оруулсан нь салбар хоорондын хамтын ажиллагаа, малчдын нутаг орноо гэсэн сэтгэл, хичээл зүтгэл хамтын ажиллагааны үр дүн.

Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл хэрэгжсэн 17 жилийн хугацаанд Монголын Улсын Засгийн газар, үндэсний мэргэжлийн байгууллагууд, их сургуулиуд, судалгааны байгууллагууд, малчид, малчдын байгууллагууд, хувийн салбарын байгууллагуудтай хамтран Монголын Ногоон Алт-Тал хээрийн бэлчээрийн экосистемийг хариуцлагатай, тогтвортой ашиглахын төлөө тууштай ажиллаж, хувь нэмрээ оруулсан. Энэ хугацаанд хийгдсэн бүхий л ажил төсөл дууссан ч цаашид улам дэлгэрч, үргэлжлэх болно" гэлээ. 

17 жилийн хамтын ажиллагааны гол үр дүнгээс онцолвол, 

-2015 оноос эхлэн Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран хэрэгжүүлсэн. Энэхүү ажлын үр дүнд бий болсон “Бэлчээрийн фото мониторингийн мэдээллийн сан”-г Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид бэлчээрийн фото мониторингийн бүх цэгүүдэд тогтсон хугацаанд судалгааг тасралтгүй хийж, үйл ажиллагааг улам илүү хөгжүүлэхэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар анхаарч ажиллах болно.

-Мал эмнэлгийн нэгдсэн системийг хөгжүүлж, улсын хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажилласан бөгөөд энэ хүрээнд 6 аймгийн 15 суманд 4 алхамаар туршиж үзсэн. Мал, амьтны эрүүл мэндийн түүхийг мөшгөн тогтоох тогтолцоог боловсронгуй болгосон энэ ажлыг 2018 оны 12-р сард МЭЕГ-д хүлээлгэн өгсөн. Тус системийг мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээс хойш 2020 оны12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд 21 аймаг, Улаанбаатар хотын малчид, худалдаа эрхлэгчдэд 535953 цахим гэрчилгээ олгосон байна.

-Малын гаралтай хүнс буюу мах, сүүнд агуулагдах антибиотикийн үлдэгдлийг сум, аймгийн түвшинд хянах чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажилласан. Өндөр хөгжилтэй орнууд гадаадаас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо мал, амьтны гарал үүсэл нь тодорхой байх шаардлага тавьж байгаагаас гадна хүнд металл, цацраг идэвхт бодис, антибиотик, ургамлын хөнөөлт хортон шавьж ба мал амьтны шимэгчдийн эсрэг хэрэглэж байгаа бэлдмэлүүдийн үлдэгдлийг хянах тогтолцоо бүрдсэн эсэхийг анхаарч үздэг байна. Тиймээс НАМЭМ төслийн хүрээнд МЭЕГ болон бусад түншүүдтэй хамтран сүү, махан дахь антибиотикийн үлдэгдлийг илрүүлэх аргачлалыг боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулсан. 

-Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүрээнд хөгжүүлсэн нүүдлийн мал ахуйн тогтвортой үйлдвэрлэлийн "Хариуцлагатай нүүдэлчин" стандарт, түүний цахим мөшгих систем. “Хариуцлагатай нүүдэлчин” стандарт  нь дэлхийн зах зээлд Монголын байгалийн эрүүл бэлчээр, нутгийн үүлдрийн малын гаралтай бүтээгдэхүүний бусдаас онцгойрох шинж чанаруудыг баталгаажуулах, гарал үүслийг аймаг, сум, баг, малчин өрхөөр ялган харуулах боломж олгож байна. 2015 оноос эхлүүлсэн энэхүү систем нь бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, малын тавлаг байдал, түүхий эдийн чанар, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай гэсэн 6 стандарт үзүүлэлтүүдэд үндэслэн хөгжиж байна. Энэ нь түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, байгальд ээлтэй, тогтвортой, хариуцлагатай байдлыг нотлохоос гадна, түүний чанар, аюулгүй байдлын түүхийг эргэн мөшгөх боломжийг  хэрэглэгчдэд олгосон. 

-Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах гол арга хэрэгсэл болох бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтын загварын дагуу малчдыг зохион байгуулалтад оруулах, ашиглалтын хил зааг тодорхойлж зураглах, бэлчээрийн нөөцөд тохируулан ашиглалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр нөлөөг хянах, БАХ, СБАХ, АБАХ, МБАНХ гэсэн олон талт хамтын ажиллагаатай бүтэц бий болсон. Энэ бүтэц дээрээ тулгуурласан Хоршоо байгуулагдан дотоодын үндэсний үйлдвэрлэгчид болон гадаадын улс орнуудад түүхий эд бүтээгдэхүүн нийлүүлэх боломж нээгдсэн. ШХА-ийн НАМЭМ төсөл болон Малчид хувь нийлүүлэн сум орон нутагтаа хамтын мөнгөн сан буюу Дундын сан үүсгэж, үйл ажиллагааны цар хар хүрээ томорч ХЗХ-д болон өргөжиж байгаа. Бэлчээрийн фотомониторингийг 18 аймагт сумдын газрын даамал, СБАХ тэргүүн, БМАХ-ийн гишүүд хамтран 5000 орчим цэгт хийж мэдээллийг боловсруулан орон нутгийн удирдлага, малчдад мэдээлж, ашиглаж байна.