-Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл нь хөдөө аж ахуйн салбарт хамгийн үр дүнтэй хэрэгжиж байгаа төслүүдийн нэг-
Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төслийн үр дүнг хүлээлгэн өгөх Хандивын гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа /2021.08.12/ боллоо. Тус үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри болон бусад төлөөлөл оролцлоо. Үйл ажиллагааны эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн "Швейцарын Холбооны Улс нь манай улсад олон чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн дотор хөдөө аж ахуйн салбарт 20 гаруй жил буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархалтай байна" гэсэн юм.
ХХААХҮЯ 2013 оноос эхлэн мал эмнэлгийн салбарын хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, шинэ хууль тогтоомжийг оролцогч талуудад сурталчлан таниулах чиглэлээр олон ажлыг тус төслийнхөнтэй хамтран зохион байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 онд УИХ-аар батлуулан мөрдөж байна. Энэ хууль болон түүнийг дагалдан гарсан журам, заавар, эрх зүйн актууд нь мал эмнэлгийн салбарын бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлт шинэчлэл болон цаг үеийн шаардлагад нийцсэн хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлдэг.
Мал, амьтны эрүүл мэндийн түүхийг мөшгөх тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Мал эмнэлгийн нэгдсэн системийг хөгжүүлж улсын хэмжээнд нэвтрүүлсэн нь мэдээллийн технологийн ололт амжилтыг тус салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд шингээж, орчин үеийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн алхах боломжийг олгож байгаа бодит үр дүн юм.
Хүнсний үйлдвэрлэл хангамжийг нэмэгдүүлэн, нийт хүн амыг аюулгүй хүнсээр хангах, ялангуяа малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудал бол салбар яамны тэргүүлэх чиг үүргийн нэгэн чухал хэсэг байдаг. Энэ чиг үүргийн хүрээнд Малын эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийг батлан мөрдөж байна.
Ногоон алт, малын эрүүл мэнд төслөөс мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлсэн бүхий л үйл ажиллагаа нь малын гаралтай бүтээгдэхүүний гадаад, дотоод зах зээл дээр өрсөлдөх чадварыг сайжруулах, түүний үнэ цэнийг өсгөх, малчдын орлогыг нэмэгдүүлэн амьжиргааг сайжруулахад чиглэгдэж байгаа тул төслийн үр дүнг тогтвортой үргэлжлүүлэхийн зэрэгцээгээр хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн харилцан ашигтай бизнесийн түншлэлийг бий болгох талаар ХХААХҮЯ-ны зүгээс онцгой анхаарч ажиллахаа Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн илэрхийлсэн юм.
Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд мал аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг хүлээн авах арга хэмжээг өнгөрсөн 3 дугаар сард зохион байгуулсан бол өнөөдөр ийнхүү мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг хүлээн авлаа.
МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН
1. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинэ хууль тогтоомжийг оролцогч талуудад сурталчилан таниулж хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажилласан.
Хууль тогтоомжийн шинэчлэлийн үр дүнд малын эрүүл мэндийн харилцаанд оролцогч талуудын үүрэг, хариуцлага илүү тодорхой болсон байна. Ялангуяа мал эмнэлгийн үйлчилгээний гүйцэтгэл, чанарт хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын уялдаа холбоо эрс сайжирч малын халдварт өвчнийг хяналтад авах, халдварт өвчингүй статусыг тогтвортой хадгалах чиглэлээр томоохон ахиц дэвшил гарч байна.
2. Мал эмнэлгийн нэгдсэн системийг хөгжүүлж, улсын хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажилласан.
Мал, амьтны эрүүл мэндийн түүхийг мөшгөн тогтоох тогтолцоог боловсронгуй болгоход чиглэж байгаа бөгөөд энэ хүрээнд Мал эмнэлгийн нэгдсэн системийг хөгжүүлж, улсын хэмжээнд нэвтрүүллээ. Системийг 6 аймгийн 15 суманд 4 алхамаар туршиж үзсэний дараа 2018 оны 12-р сард МЭЕГ-д хүлээлгэн өгсөн. Тус системийг мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээс хойш 2020 оны12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд 21 аймаг, Улаанбаатар хотын малчид, худалдаа эрхлэгчдэд 535953 цахим гэрчилгээ олгосон байна. Малын эрүүл мэндийн цахим систем нь тухайн мал, амьтны гарал үүсэл, эрүүл мэндийн түүхийг хадгалан түүн дээр тулгуурлан баталгаажуулалт хийх зориулалттай систем юм.
3.Малын гаралтай хүнсний түүхий эдэд агуулагдах антибиотикийн үлдэгдлийг сум, аймгийн түвшинд хянах чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажилласан. Өндөр хөгжилтэй орнууд гадаадаас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо мал, амьтны гарал үүсэл нь тодорхой байх шаардлага тавьж байгаагаас гадна хүнд металл, цацраг идэвхт бодис, антибиотик, ургамлын хөнөөлт хортон шавьж ба мал амьтны шимэгчдийн эсрэг хэрэглэж байгаа бэлдмэлүүдийн үлдэгдлийг хянах тогтолцоо бүрдсэн эсэхийг анхаарч үздэг байна. Тиймээс малын гаралтай хүнсний түүхий эдэд агуулагдах антибиотикийн үлдэгдлийг сум, аймгийн түвшинд хянах чадавхийг сайжруулах чиглэлээр төслөөс тодорхой ажил санаачлан хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд НАМЭМТ нь МЭЕГ болон бусад түншүүдтэй хамтран сүү, махан дахь антибиотикийн үлдэгдлийг илрүүлэх аргачлалыг боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг зохион байгууллаа.
Эх сурвалж: ХХААХҮЯ