УИХ-ын дарга Г.Занданшатар ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурриг хүлээн авч уулзав

                          

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.13) Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефани Бурри тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад ардчилсан парламентын засаглалыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархалтай байдгаа уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэхээр хэрэгжүүлж буй төслүүд өндөр үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна гэв.

    Хатагтай Стефаны Бурри, Улсын Их Хурлын даргатай дахин уулзаж буйдаа баяртай байна гээд Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг дэмжин ажилладагт Г.Занданшатар даргад талархал илэрхийллээ. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах чиглэлээрх Монголын парламентын идэвх, санаачилгуудыг нь талархан дэмжиж байгаагаа онцлов. Монгол Улсын Их Хуралтай хамтран хэрэгжүүлсэн өмнөх төслүүд өндөр үр дүнтэй болсон нь “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн II  шат болох “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийг хэрэгжүүлэх болсон нэг чухал шалтгаан болохыг тэрбээр тэмдэглэн хэллээ.

    Уулзалтаар үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн талаар ярилцлаа. 

    Швейцарын Парламентын Тамгын газрын техникийн туслалцаатайгаар Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хяналтын чиг үүргийг бэхжүүлэх “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл 2021 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжинэ. Энэхүү дэд төсөл нь Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг бэхжүүлэх, Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын Парламентын Тамгын газрын хамтын ажиллагааны ололт амжилтыг нэгтгэх замаар засаглалын тогтолцоог сайжруулах зорилготой. “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн хүрээнд хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, засаглалын ил тод, нээлттэй байдлыг хангах, парламентын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх замаар институцын үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх юм.

    “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт Улсын Их Хурлын Тамгын газар болон Швейцарын хөгжлийн агентлаг 2021 оны наймдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан юм. Тус дэд төслийн төлөвлөгөөнд нотолгоонд суурилсан хууль боловсруулах үйл ажиллагааг дэмжих, хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй байх зарчмыг парламентын үйл ажиллагааны бүхий л үе шатад нэвтрүүлэх, Олон Улсын Парламентын Холбоо болон Швейцарын Парламентын Тамгын газартай хамтран хууль тогтоох үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн эсэхэд үнэлгээ хийх, парламентын хууль тогтоох чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тусгасан. Түүнчлэн Швейцарын парламентын болон бусад орнуудын парламентын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны шилдэг туршлагыг судлах, энэ чиглэлээр Швейцарын парламентын Тамгын газартай хамтран семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж туршлага солилцох үйл ажиллагааг биет болон цахим хэлбэрээр зохион байгуулна. 

    Уулзалтын төгсгөлд хатагтай Стефаны Бурри, Улсын Их Хурлын даргад монгол сарлагийн арьсаар хийсэн хөл бөмбөгийг бэлэглэв. Энэ бол “Хариуцлагатай Нүүдэлчид” стандартын брэнд бүтээгдэхүүний нэг бөгөөд Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд үйлдвэрлэсэн гэдгийг танилцуулав. Түүнчлэн олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчтэй “The HU” хамтлаг ч энэхүү төслийг дэмжин, хамтран ажиллаж байгаа талаар хатагтай Стефаны Бурри мэдээлэл өгөв.

    Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй төслүүдийн гайхалтай үр өгөөжийн талаар мэдээлэл өгсөнд Улсын Их Хурлын дарга талархаж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд Монгол Улсын Их Хурал онцгой анхаарч, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.  

    Уулзалтад Улсын Их Хурлын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Б.Эрдэнэбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа болон албан бусад хүмүүс байлцлаа.

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ