Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт хүлээлгэн өгөх арга хэмжээ 2021 оны 08 сарын 02-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Та бүхэн доорхи хуваарийн дагуу оролцоорой. http://www.responsiblenomads.mn/ цахим хаягаар орж, энэхүү арга хэмжээнд шууд оролцоорой.
2021 оны 08 сарын 02-ны өдөр 14:00-17:00 цагт Архангай
2021 оны 08 сарын 03-ны өдөр 10:00-13:00 цагт Баян-Өлгий
2021 оны 08 сарын 04-ны өдөр 14:00-17:00 цагт Баянхонгор
2021 оны 08 сарын 06-ны өдөр 11:00-13:00 цагт Завхан
2021 оны 08 сарын 09-ны өдөр 10:00-13:00 цагт Ховд
2021 оны 08 сарын 09-ны өдөр 14:00-17:00 цагт Говь-Алтай
2021 оны 08 сарын 10-ны өдөр 11:00-13:30 цагт Увс аймгуудад Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгнө.
Төслийн дэлгэрэнгүй танилцуулга болон төслийн үр дүнг хүлээлгэн өгөх арга хэмжээний хөтөлбөрийг ЭНД ДАРЖ авах бол төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ танилцаарай.
Бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааныг тодорхойлох, зохистой ашиглалтыг нэвтрүүлэх зорилгоор Швейцарын Хөгжлийн Аентлагийн Ногоон алт-малын эрүүл мэнд төслөөс боловсруулан, хэрэгжүүлж буй бэлчээрийн төлөв байдлын урт, богино хугацааны мониторинг, Бэлчээр Ашиглагчдын Хэсэг (БАХ)/ Бэлчээр ашиглалтын гэрээн (БАГ) дээр суурилсан менежентийг Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооноос (МБАНХ) Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ), Ус цаг уур, орчны шинжилгээний газар (УЦУОШГ), Хөдөө Аж Ахуйн Сургууль (ХААИС), ХХААХҮ-ийн Судалгаа, хөгжлийн төв, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ), Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) болон тэдгээрийн аймаг, сумын түвшинд төлөөлөх байгууллагуудтай хамтран орон даяар нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол улс бэлчээрийг оношилж, түүний нөөцийг нарийвчлан тооцох болсноор бэлчээр ашиглалт, байгалийн бэлчээрт суурилсан МАА-н үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулах, хариуцлагажуулах үндсэн суурь тавигдлаа. 2005, 2008, 2010, 2013 оноос эхлэн Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл хэрэгжиж буй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт төслийн хүрээнд бий болсон энэхүү үр дүнг хүлээлгэн өгснөөр эдгээр аймгууд тогтвортой байдлыг цаашид хангаж ажиллахаар гэрээ байгууллаа.
НАМЭМ төсөл нь ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, түүний орон нутгийн төлөөллийн байгууллагуудтай хамтран малын гарал үүсэл, эрүүл мэндийг баталгаажуулах зорилго бүхий цахим системийг хөгжүүлж туршин 2018 оны 11 дүгээр сард МЭЕГ-т албан ёсоор хүлээлгэн өгсөн ба цаашид 2021 он хүртэл сайжруулан хөгжүүлэх ажлыг хамтын санхүүжилтийн зарчмаар хэрэгжүүллээ. Малын эрүүл мэндийн мөшгөх систем буюу Мал эмнэлгийн нэгдсэн систем нь тухайн мал, амьтны гарал үүсэл, эрүүл мэндийн түүхийг бүртгэн, түүн дээр тулгуурлан баталгаажуулалт хийх зориулалттай систем юм. Цахим системийг нэвтрүүлснээр мал эмнэлгийн гэрчилгээг бодит баримт нотолгоон дээр тулгуурлан олгох, эцсийн хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах боломж бүрдэж байгаа юм. Мөн мал хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор МЭЕГ, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг системийг улс орон даяар Цагдаагийн байгууллагын сүлжээнд холбон өргөжүүлээд байна. Мал эмнэлгийн нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлж эхэлснээс хойш малчид, худалдан авагчдад зориулан 693141 цахим гэрчилгээ олгосон бол төслийн үр дүнг хүлээлгэн өгч буй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн малчид, худалдан авагчдад зориулан 172763 цахим гэрчилгээ олгож, 11521 цахим гэрчилгээ бүхий мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг гаднаас хүлээн авсан байна.
Энэ удаагийн төслийн үр дүнг хүлээлгэн өгч буй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт малчдын 101 хоршоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаагийн 62 нь малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо, БАХ-ийн дундын сангаас үүсэн байгуулагдсан малчдын Хадгаламж зээлийн 44 хоршоо юм. Эдгээр хоршоод нь нийт 7770 гишүүн, 6.19 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, үүнээс 0.67 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Бэлчээрийн төлөв байдлын мониторинг, малчдын хамтын байгууллага (БАХ, СБАХ, АБАХ, хоршоо) тэдгээрийн байгуулсан Бэлчээр ашиглалтын гэрээ, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, малын эрүүл мэндийн мэдээллийн цахим сан, мөшгөх систем зэрэг төслийн хүрээнд бий болсон дэд бүтцэд тулгуурлан 2018 оноос хойш "Хариуцлагатай нүүдэлчид" малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг НАМЭМ төслөөс хөгжүүлж байна. Дээрх аймгуудын түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн хоршоод нь “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн мөшгөх системд бүртгүүлж, жил бүр сайн чанарын сарлагийн хөөвөр, торомны ноос, ноолуур, мал, махны гарал үүсэл, чанарыг тус системээр дамжуулан баталгаажуулж зах зээлд борлуулж байна.