“Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ”

  

Монгол орны бэлчээрийн мал аж ахуйг байгаль орчинд ээлтэй аргаар экологийн чиг баримжаатай хөтлөх явдал эдүгээ цагт нэн тулгамдаж байна. Ингэснээр юуны өмнө мал сүргийг тэжээлийн эх үүсвэрээр хангах чадавх муудсан, даац нь хэтэрсэн хэмээх тооны үзүүлэлтээр бус, харин бэлчээрийн, бүтээмж, нөхөн сэргэлтийг багтаасан үнэлэх цогц үнэлгээгээр төлөв байдлыг нь тодорхойлох ажиллагаа үгүйлэгдсээр ирсэн билээ. Ер нь байгалийн энэхүү нөөцийн ухаалаг бөгөөд зохистой ашиглалт, судалгаа, сэргээн хамгаалах үр нөлөө бүхий тогтвортой аргыг газар зохион байгуулалтын бодлого, бүх шатны төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд тусгах явдал бэлчээрт суурилсан аргаар мал аж ахуйг хөтлөх үндэс нь юм.

 

Бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааныг тодорхойлох, зохистой ашиглалтыг нэвтрүүлэх зорилгоор Швейцарын Хөгжлийн Аентлагийн Ногоон алт-малын эрүүл мэнд төслөөс боловсруулан, хэрэгжүүлж буй бэлчээрийн төлөв байдлын урт, богино хугацааны мониторинг, Бэлчээр Ашиглагчдын Хэсэг (БАХ)/ Бэлчээр ашиглалтын гэрээн (БАГ) дээр суурилсан менежентийг Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооноос (МБАНХ) Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ), Ус цаг уур, орчны  шинжилгээний газар (УЦУОШГ), Хөдөө Аж Ахуйн Сургууль (ХААИС), ХХААХҮ-ийн Судалгаа, хөгжлийн төв, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ), Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) болон тэдгээрийн аймаг, сумын түвшинд төлөөлөх байгууллагуудтай хамтран орон даяар нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол улс бэлчээрийг оношилж, түүний нөөцийг нарийвчлан тооцох болсноор бэлчээр ашиглалт, байгалийн бэлчээрт суурилсан МАА-н үйлдвэрлэлийг оновчтой зохион байгуулах, хариуцлагажуулах үндсэн суурь тавигдлаа. 2005, 2008, 2010, 2013 оноос эхлэн Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл хэрэгжиж буй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт төслийн хүрээнд бий болсон энэхүү үр дүнг хүлээлгэн өгснөөр эдгээр аймгууд тогтвортой байдлыг цаашид хангаж ажиллахаар гэрээ байгууллаа.   

 

Малчид хамтдаа ашиглаж буй дундын бэлчээр дээрээ суурилан хамтын зохион байгуулалтанд орж, бэлчээрийн төлөв байдлыг доройтуулалгүй ашиглалтын ачаалал, горимыг даацанд нь тохируулах гэрээ байгуулж эдүгээ улсын хэмжээгээр нийтдээ 18 аймгийн 184 суманд 1575 БАХ байгуулагдсанаас 1254 БАХ бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсан нь Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж баталгаажсан байна. Бэлчээрийг гэрээгээр ашиглаж ачаалал, горимыг тохируулснаар 2016-2020 онд улсын хэмжээнд 44,2 сая га бэлчээрийн төлөв байдлыг бууруулалгүйгээр эрүүл төлөвт нь хадгалж  20,6 сая га бэлчээрийг сэргээн сайжруулсан байна.

 

ХААИС-ийн зүгээс Бэлчээр ашиглалтын гэрээгээр хүлээсэн малын тоо, бүтцийг даацад тохируулах, бэлчээрийг хуваарьтай ашиглах замаар бэлчээрийн ургамлын сэргэн ургах боломж олгоход чиглэсэн зөвлөмж технологиор хангасны дүнд “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг улсын хэмжээний бүс төлөөлсөн 15 суманд загвар байдлаар нэвтрүүлээд байна. Дээр дурьдсан төр, төрийн бус байгууллага, хувийн секторын түншүүдийн улс, аймаг, сумын түвшний бүтэц, холбогдох бүтцүүд нь НАМЭМ төсөл дууссаны дараа энэхүү шинээр нэвтрүүлсэн менежментийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, холбогдох мэдээллийн сангийн үйлчилгээ болон хамтрагч талуудын түншлэлийг тууштай үргэлжлүүлэх бүрэн чадавхитай боллоо.

 

НАМЭМ төсөл нь ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, түүний орон нутгийн төлөөллийн байгууллагуудтай хамтран малын гарал үүсэл, эрүүл мэндийг баталгаажуулах зорилго бүхий цахим системийг хөгжүүлж туршин 2018 оны 11 дүгээр сард МЭЕГ-т албан ёсоор хүлээлгэн өгсөн ба цаашид 2021 он хүртэл сайжруулан хөгжүүлэх ажлыг хамтын санхүүжилтийн зарчмаар хэрэгжүүллээ. Малын эрүүл мэндийн мөшгөх систем буюу Мал эмнэлгийн нэгдсэн систем нь тухайн мал, амьтны гарал үүсэл, эрүүл мэндийн түүхийг бүртгэн, түүн дээр тулгуурлан баталгаажуулалт хийх зориулалттай систем юм. Цахим системийг нэвтрүүлснээр мал эмнэлгийн гэрчилгээг бодит баримт нотолгоон дээр тулгуурлан олгох, эцсийн хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах боломж бүрдэж байгаа юм. Мөн мал хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор МЭЕГ, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг системийг улс орон даяар Цагдаагийн байгууллагын сүлжээнд холбон өргөжүүлээд байна. Мал эмнэлгийн нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлж эхэлснээс хойш малчид, худалдан авагчдад зориулан 693141 цахим гэрчилгээ олгосон бол төслийн үр дүнг хүлээлгэн өгч буй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн малчид, худалдан авагчдад зориулан 172763 цахим гэрчилгээ олгож, 11521 цахим гэрчилгээ бүхий мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг гаднаас хүлээн авсан байна.

 

Мал, амьтны эрүүл мэндийн тухай шинэ хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор НАМЭМ төсөл нь малын эмч, мал эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах, ажлын байр, лаборатори, малын эрүүл мэндийн мөшгөх системийн тоног төхөөрөмжөөр хангаж чадавхийг бэхжүүлэх, Өндөр-Улаан суманд Мал эмнэлгийн үйлчилгээний нэгдсэн барилга барих чиглэлээр хамтран ажиллалаа. Мөн НАМЭМТ нь МЭЕГ, УМЭАЦТЛ-той хамтран мах, сүүн дэх антибиотикийн үлдэгдлийг илрүүлэх аргачлалыг боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгүй болгох, сумын малын эмч нарын чадавхийг сайжруулах цогц үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Төслөөс нийлүүлсэн Преми тест, И-рийдер, Юнисенсор багажаар антибиотикийн үлдэгдэл илрүүлэх арга нь Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн арга юм.

 

Малын халдварт өвчнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд малчдын мэдлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс төсөл хэрэгжиж байгаа сумдын малчдад малын эрүүл мэндийн талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах ажлыг ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран зохион байгуулсан. Энэ хүрээнд 12 сэдвээр олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтын модуль боловсруулснаас гадна 5 сэдвээр видео хичээл бэлтгэсэн байна. Олон нийтийн мэдлэг дээшлүүлэх сургалтанд 2018-2020 онд төсөл хэрэгжиж байгаа сумдын 5181 малчин хамрагджээ. Малчдад зориулсан энэхүү сургалтыг зохион байгуулахад сумдын Бэлчээр ашиглагчдын холбоо чухал үүрэг гүйцэтгэн хамтран ажилласан байна.

 

Сумдын Бэлчээр Ашиглагчдын Холбоодын (СБАХ) үүсгэл санаачилгаар байгуулагдсан 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо (АБАХ) нь 169 сумын СБАХ болон 1575 БАХ-ийн зохион байгуулалтанд орсон 80,000 малчин өрхийг төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд төслийн зүгээс эдгээр байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. АБАХ, СБАХ нь малчдын эрх ашгийг хамгаалах, төлөөлөх хөгжлийн чухал түнш бөгөөд нэг нутаг усны малчдыг нэгтгэсэн БАХ-ийн зохион байгуулалт нь бэлчээрийн менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх төдийгүй малчин өрхийн амьжиргааны үндсэн хэрэгцээг хангахад чиглэсэн маркетинг, экстейншиний үйлчилгээ үзүүлэх үндэс суурь болон хөгжиж ирлээ.

 

Төслийн үр дүнг хүлээлгэн өгч буй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт малчдын 101 хоршоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаагийн 62 нь малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо, БАХ-ийн дундын сангаас үүсэн байгуулагдсан малчдын Хадгаламж зээлийн 44 хоршоо юм. Эдгээр хоршоод нь нийт 7770 гишүүн, 6.1 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, үүнээс 0.67 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Бэлчээрийн төлөв байдлын мониторинг, малчдын хамтын байгууллага (БАХ, СБАХ, АБАХ, хоршоо) тэдгээрийн байгуулсан Бэлчээр ашиглалтын гэрээ, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ, малын эрүүл мэндийн мэдээллийн цахим сан, мөшгөх систем зэрэг төслийн хүрээнд бий болсон дэд бүтцэд тулгуурлан 2018 оноос хойш "Хариуцлагатай нүүдэлчид" малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг НАМЭМ төслөөс хөгжүүлж байна. Дээрх аймгуудын түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн хоршоод нь “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн мөшгөх системд бүртгүүлж, жил бүр сайн чанарын сарлагийн хөөвөр, торомны ноос, ноолуур, мал, махны гарал үүсэл, чанарыг тус системээр дамжуулан баталгаажуулж зах зээлд борлуулж байна.