Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын "Цамбагаравын энгэр” Бэлчээр ашиглагчдын холбоо "Тэжээлийн ургамал тариалах" төсөл хэрэгжүүллээ. Тус БАХ-ны талбайд 2020 онд ногоон тэжээл тариалахаар Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсаны дагуу 3 га газарт овъёос тариалсан байна. Өндөр уулын бүс нутагт малын тэжээлийн нөөц хомсдолтой, зуд турханд мал сүрэг олноор хорогдох, малчдын амжиргааны нөхцөл байдал тогтворгүй байдаг тул малын тэжээлийн ургамал сонгон тариалж, нөөц бүрдүүлж орон нутгийн өртөг багатай хямд тэжээл бий болгох зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлсэн байна. Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд усалгаатай газар тариалалт хийж, суваг шуудуй татах, газар хагалах, үр суулгах, ногоон тэжээлээ хадуулах, самнуулах, бутлах үед трактортой хувь хүмүүстэй харилцан тохиролцон ажлын хөлс өгч ажилласан аж. Ногоон тэжээлээ болц гүйцээд шарласны дараа /90 хоног/ хадуулан, самнаж, каадуугаар бутлуулан нунтаг хивгэн болгож, 320 уут тэжээл нөөцлөн авчээ. Төсөл хэрэгжүүлэгчид цаашид үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болж, сум орон нутагтаа тэжээлийн үйлдвэрлэл эрхэлж өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй болохоор зорьж байгаа аж.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.