Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгон Шархад БАХ-ийн малчин эмэгтэйчүүд өрхийн орлогоо нэмэгдүүлж, уламжлалт өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх "Дээсний эрч" төсөл хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд тус БАХ-ийн 40 өрхийн эмэгтэйчүүд хамтран ажиллаж адууны дэл сүүл, тэмээний ноосыг авч бэлтгэж, дээс томох уламжлалт арга ухаанд суралцан гэрийн бүслүүр уяаг томох арга аргачлалд суралцсан байна.
Малчин эмэгтэйчүүдийг уламжлалт өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд сургаж малын гаралтай бүтээгдэхүүнээ хаягдалгүй ашиглаж, монгол гэрийн бүслүүр, хялгасан дээс, зэл, чагт, үнээний тушаа, унаган ногт зэрэг олон төрөл байдаг тухай мэдлэгийг олж авчээ. Таван хошуу малынхаа ашиг шимийг бүрэн хүртэх боломж багасч байгаа энэ үед уламжлалт соёл арга ухааныг малчин эмэгтэйчүүд өөрсдөө үлгэрлэн авч үлдэх түүхэн ач холбогдолтой юм. Түүнчлэн уламжлалт аргаар хийсэн бүслүүр уяа нь удаан эдэлгээтэй органик хэрэглээ байдаг гэдгийг малчин эмэгтэйчүүд онцолж байна.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.