Байгалийн бэлчээрт идээшилсэн малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн зохистой дадал улсын стандарт болж батлагдлаа.
Швейцарын Хөгжлийн Агентлагын Ногоон Алт Малын Эрүүл Мэнд төслийн дэмжлэгтэйгээр малчдын байгалийн бэлчээрийг зүй зохистой ашиглах сайн туршлагууд дээр түшиглэн ”Хариуцлагатай Нүүдэлчид” байгалийн бэлчээрт идээшилсэн малын түүхий эдийн гарал үүсэл, чанарын зохистой дадал болон цахим мөшгих системийг хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлж байна.
2017 оноос хойш энэхүү зохистой дадлыг эрүүл бэлчээртэй, эрүүл малтай хэд хэдэн сумдад туршин хэрэгжүүлж эхэлсэн ба малчдын зах зээлд нийлүүлж байгаа сүү, мах, ноолуур, сарлагийн хөөвөр, торомны ноос, арьс шир зэрэг бүтээгдэхүүнийг эрүүл бэлчээр, эрүүл малаас гаралтай чанартай аюулгүй гэдэгийг баталгаажуулж эхэлсэн билээ.
Энэхүү гарал үүсэл чанарын стандарт, цахим мөшгих систем нь байгалийн бэлчээрт идээшлэдэг Монгол малын бүтээгдэхүүний бусдаас ялгарах онцлог чанаруудыг баталгаажуулан, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадварын нэмэгдүүлэх зорилготой юм.
“Хариуцлагатай Нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн гарал үүсэл, чанарын мөшгих систем нь зургаан бүрэлдэхүүн хэсэгтэй ба Стандарт Хэмжил зүйн газар бэлчээрийн мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн стандартаар баталгаажууллаа.