Мал хоноглон өнгөрөх Харангатын буудлыг хашиж хамгаалах төсөл хэрэгжүүлэв

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын СБАХ-ноос Даян, Харуул, Хөх адар  БАХ-уудын мал хоноглон өнгөрөх Харангатын буудлыг хашиж хамгаалах төсөл хэрэгжүүлжээ. Бэлчээр нутагаа сэлгээн, өнжөөхийн тул хаврын нүүдэл хийдэг БАХ-ын малчдын мал хоноглож өнгөрөх тус буудлын өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, бүлгийн малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, илүү зарлагыг багасгаж, амжиргааг сайжруулах, цаашид БАХ-ын малчдын амжиргааны эх үүсвэр болсон бэлчээр нутгаа хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлсэн байна.

Өмнөх онуудад тус буудалд өвсний нөөц бэлтгэх боломж хомс байсан бол 2020 оны намар 3 машин буюу 7,5 тн  өвс авч тэжээлийн нөөц бүрдүүлж, ашигтай ажилласан байна. Мөн хашсан хадлангийн талбайтай болж, хашаалсан зардлаа дараагийн жилүүдэд бүрэн нөхөж, цаашид ашигтай ажиллах боломж бүрджээ.

Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Харангатын мал хоноглон өнгөрөх буудлын сахиул Хөх адар БАХ-ын малчин С.Өзгерис:  Манай сумын Харангатын буудалд Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн хүрээнд хадлан хаших ажил амжилттай хэрэгжиж БАХ-ын малчид өндөр ашиг шим хүртэж байгаад нь маш их баяртай байна. Тус жижиг төслийн ачаар бага ч гэсэн нүүдэлч малчин өрхийн тэжээлийн нөөц нэмэгдсэн. 3 машин өвс хадаж  авч  ашигтай ажилласан. Тиймээс уг төслийг санаачлан хэрэгжүүлсэн сумын  малчдын байгууллага, Харуул, Хөх адар БАХ-ын  малчин өрхүүдэд баярлаж талархсанаа илэрхийлье. Хавар нүүдэл хийдэг тус хоёр БАХ 250 орчим малчин өрхтэй том БАХ тул энэ хашааг цааш нь өргөжүүлэн томруулах хүсэлтэй байна. Бусад малчид хэсэг, бүлгүүд жишээ авч хамтарч ажиллахыг хүсье.
 
Харуул БАХ-ын  малчин  А.Ерлан: Манай багийн малчид хөрөнгө хүчээ нэгтгэн 2 га хадлангийн талбайгаа 4,000,000 төгрөгөөр хашиж хамгаалж авсандаа маш их баярлаж байна. Тус хадлангийн талбайд ойрхон зусдаг зарим айлуудын бодмал байнга орж идэж, сүйтгэдэг байлаа. Хавар нүүдэл хийдэг малчин бидэнд ашиг тусаа үзүүлэх хөрөнгө оруулалт болсон байна. Малчдын хэсэг, бүлгийн зохион байгуулалтанд оруулж хамтарч ажилласаны ачаар том ажлыг хийж чадлаа. Тус ажлыг хийж гүйцэтгэхэд мөнгөн хөрөнгийн болон малчдыг нэгтгэн зохион байгуулалтанд оруулахад тусалсан сумын малчдын байгууллага, Ногоон алт, малын эрүүл мэнд төслийнхэнд маш их баярллаа.