Баян-Өлгий аймгийн Сагсай сумын СБАХ-ны Турган голын гүүрийн доод 2-5 га газарт "Ногоон тэжээл тариалах" төсөл хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд малчин өрхүүдийн хадланг хамгаалах, тэжээл тариалж малын тэжээл бэлтгэж бэлчээрийн даацыг буруулах ухаанд сургах, бэлчээр нутгаа өнжөөж, сэргээж хамгаалсанаар тогтмол орлоготой болгож амьжиргааг нь дээшлүүлэх, мөн малчин иргэд хямд өвсөөр малаа тэжээж зудаас хамгаалахад дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Уг төсөл хэрэгжсэнээр нийт 5 машин буюу 10тн овъёос хадаж авсан байна.
ТУРГАН БАХ-ын ахлагч И.Сагатбек: Манай “Турган” БАХ-д Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүрээнд хэрэгжиж байгаа ногоон тэжээл тариалах төслийн ажил амжилттай хэрэгжиж, БАХ-ын малчдад өндөр ашиг шим хүртэж байгаад нь малчид бид маш их баяртай байна. Тус төслийн ачаар олон ч малчин айл өрхийн орлого нэмэгдсэн. Жилийн жилд малын хөл хөдөлгөөний улмаас өвс маань сайнгүй ургадгаас олон машин өвс авч зарж борлуулах байтугай өвлийн бэлтгэлээ базаахад хэцүүхэн байдаг байлаа. Энэ жилээс анх удаа овъёос тариалсны ачаар илүү гарсан 5 машин овъёосоо зарж ашигтай ажилласан. Тиймээс уг төслийг санаачлан хамтран хэрэгжүүлсэн Турган БАХ-ын малчин өрхүүдэд баярлаж талархсанаа илэрхийлье. Бусад малчид хэсэг, бүлгүүд жишээ авч хамтарч ажиллахыг хүсье.
Турган БАХ-ын малчин Х.Сиражат: Манай бүлгийн 10 гаруй малчид хөрөнгө хүчээ нэгтгэн 2 га хадлангийн талбайдаа 3 490 000 төгрөгөөр овъёос тариалж их ургац авсандаа маш их баярлаж байна. Олны хүч оломгүй далай гэдэг үг үнэн байна. Тус хадлангийн талбайд ойрхон зусдаг зарим айлуудын бод, адуу мал байнга орж идэж,сүйтгэдэг байлаа. Малчдын хэсэг, бүлгийн зохион байгуулалтанд оруулж хамтарч ажилласаны ачаар, зусланд нүүлгэж, том ажлыг хийж чадлаа гэж бодож байна. Тус ажлыг хийж гүйцэтгэхэд мөнгөн хөрөнгийн болон малчдыг нэгтгэн зохион байгуулалтанд оруулахад тусалсан сумын малчдын байгууллага, Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хамт олонд маш их баярлалаа.
Төслийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.