Архангай аймгийн загвар сумдын төлөөллүүд сургалтад хамрагдлаа

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос “Малын тоо толгойн албан татварын тухай хууль” батлагдсантай холбоотойгоор 18 аймгийн салбар холбоодын хамт цуврал сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн “Мал аж ахуй, бэлчээрийн менежментэд малын тоо толгойн албан татварын ач холбогдол” сэдэвт цахим сургалтад Архангай аймгийн АБАХ гүйцэтгэх захирал Т.Батдорж болон НАМЭМ төслийн загвар сумд болох Их-тамир, Өндөр-улаан, Тариат, Чулуут сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Багийн Засаг дарга, СБАХ-ы тэргүүн, холбогдох мэргэжилтэнүүд хамрагдлаа.

Сургалтыг эхлүүлж Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ “Улс орон даяар цар тахлын хүнд сорилттой тулгарсан энэ үед цаг заваа гарган сургалтад оролцож буйд талархал илэрхийлж байна. 2020 оны 11 сарын 13 өдөр УИХ-аас “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг шинээр баталж 2021 оны 1 сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөхөөр болсон ч цар тахлаас үүдэн татвар хураалтыг VII дугаар сарын 1-ыг хүртэл хойшлуулаад байна. Энэхүү хуульд малын төрөл тус бүрээр тоо толгой тутамд 0-2000 төгрөгийн татвар ногдуулах татварын хэмжээг ИТХ батлахаар хуульчилсан. Орлогыг “Орон нутгийн хөгжлийн сан” /ОНХНС/-д төвлөрүүлэн бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр захиран зарцуулж, хяналт тавьж ажиллахаар болсон билээ.

Тиймээс Малын тоо толгойн албан татварын тухай хууль, төсвийн тухай хуульд орсон өөрчлөлт, түүний хэрэгжилтийг хангаж, ОНС-г бүрдүүлэх зарцуулах дараалал, бэлчээр ашиглагч малчдын хэсэг, бүлэг санал гаргах, Сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын мэргэжилтэн нар, төслийн орон нутгийн ажилтан, багийн Засаг дарга нар болон сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, малчдын хэсэг бүлгийн ахлагч нарын оролцоо чухал үүрэгтэй.

Тиймээс малчдын оролцоотойгоор бэлчээрийн экологийн чадавх, сэргэх чадварт үндэслэн бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлт болон даац ачааллын одоогийн байдлыг тогтоох, явцыг хянах, цаг тухайд нь илруулэх, урьдчилан сэргийлэх, ашиглалт, мал маллагааны apra технологийг тохируулах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаарх мэдлэг, yp чадварыг олгох зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна” хэмээн онцолсон юм.

Монгол Улсын Зөвлөх малзүйч Ч.Арилдий “Бэлчээрийн мал аж ахуйн менежментэд малын албан татварын нөлөөлөл” сэдвийн дор Татварын бодлогоор мал сүргийг өсгөх зохистой байршил, хэмжээг зохицуулах, Экологийн бүс нутаг дах зонхилох төрлийн малын уламжлалт зохистой байршлыг хадгалах, Унаган үүлдэр омгийн бод, бог мал үржүүлэх, сайжруулагчаар ашиглах зохистой экологийн бүс бүслүүр, Сүргийн зохистой бүтцийг барих /хонин толгойд бус малын төрөл тус бүрээр татвар тогтоохын эерэг нөлөө/, Үржлийн малын заазлалт борлуулалтын зохистой хэмжээний талаар мэдээлэл өгсөн.

Татварын бодлогоор бэлчээрийн сэргэх чадавхыг дэмжих, даацыг тохируулах, Бэлчээрийн сэргэх чадавх ба төлөв байдал, Бэлчээрийн зохистой ашиглах алтан дүрмийн талаар МБАНХ-ы судлаач, доктрант С.Сүнжидмаа танилцуулсан бол МБАНХ-ны мэргэжилтэн Л.Ганцогт Бэлчээрийн менежментийн сайн туршлагуудыг хэрэгжүүлэхэд чиглүүлэх буюу 4 улирлын бэлчээрт фотомониторинг хийх, Бэлчээр ашиглах төлөвлөгөө боловсруулах, Бэлчээрийг улирлаар хувиартай ашиглах, сэлгэж ашиглах арга технологийн талаар, Бэлчээр ашиглах гэрээ байгуулах, Бэлчээр ашиглах журам боловсруулах зэрэг чухал мэдээллүүдийг өгсөн юм.

Сургалтын төгсгөлд оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авч, “Малын тоо толгойн албан татварын тухай хууль” -ийн хэрэгжилтийг хангахад юунд анхаарч ажиллах нь зүйтэй талаар санал бодлоо солилцсон юм.

П.Нарандэлгэр