Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон Европын Холбооны “Монголын худалдааг дэмжих төсөл” /EU-TRAM/ хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үйлдвэр хоршоодын хамтарсан уулзалт” цахимаар зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтаар 2021 онд малчдын хоршоодоос үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлэх сарлагийн хөөвөр, ноос ноолуурын түүхий эд нийлүүлэх урьдчилсан хэлцлийг хийв. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн В.Болормаа нар оролцож, сарлагийн хөөвөр, торомны ноосны чиглэлээр авч хэрэгжүүлж буй салбарын бодлого болон цаашид хийгдэх ажлын талаар үйлдвэр, хоршоодын төлөөлөлд мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Юуны өмнө хоршоод үйлдвэрлэгчдийн цахим уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Миний хувьд цахим уулзалтад оролцож, хэд хэдэн анхаарал татсан асуудалд та бүхний санал бодлыг сонсохыг хүссэн юм. Бид бүхэн сүүлийн жил гаруйн хугацаанд цар тахлын цаг үед ажиллаж амьдарч байна. Энэ цаг үед бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид болон малчдын хоршоодыг төр засгийн зүгээс бодлогын түвшинд анхаарч дэмжих зүйлс байгаа. Тиймээс үйлдвэрлэгч, малчдын хоршоодод тусгайлсан бодлогууд гаргах шаардлага гарсан.
УИХ-аар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тун удахгүй хэлэлцэж батална. Энэ хууль батлагдсанаар хоршоод тэр дундаа малчдыг дэмжих эдийн засгийн болон хууль эрх зүйн орчин сайжирна. Өнөөдрийн уулзалтаас харахад бидний анхаарал хандуулах зүйл олон байна. Тухайлбал, малын гаралтай түүхий эдийг цахим бүртгэлд хамруулах, мөшгих тогтолцоог бий болгох, хариуцлагатай малчдыг төлөвшүүлэх энэ системийг төр засгаас анхаарах зайлшгүй шаардлага гарсан байна.
Хувь гишүүнийнхээ зүгээс Монгол Улсын ерөнхий сайдад энэхүү цахим бүртгэл, мөшгих тогтолцооны ажлыг эрчимжүүлж “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой асуулга тавьсан. Энэ ажлыг цаашид анхаарч ажиллана. Та бүхэн өнөөдөр хоршоод үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ярьж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалж байна. Ингэснээр экспортын үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болдог торомны ноос, ноолуур, сарлагийн хөөврийг дэлхийн зах зээлд гарахад хууль эрх зүйн орчинд ямар зүйлд анхаарах хэрэгтэй гэдэг нь илүү тодорхой болно.
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н. Ганхуяг: Цахим уулзалтад оролцогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн уулзалт маань улс оронд үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн цахим хэлбэрээр зохиогдож байна. Юуны өмнө малчид болон хоршоодынхоо өмнөөс жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уулзалтад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа Европын холбооны ТРАМ төсөл болон ахлах эксперт Карл Кругт баярлаж талархсанаа илэрхийлж байна.
Энэ жилийн цахим уулзалтад ач холбогдол өгч оролцож буй УИХ гишүүн Г.Тэмүүлэнд мөн талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд сарлагийн гаралтай түүхий эдийн үнэлэмжийг дээшлүүлэх, сарлаг үржүүлэгчдийн орлого ашгийг нэмэгдүүлэх, сарлаг үржүүлэх ажлыг дэмжих, бэлчээрийн менежментийг сайжруулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байгаад баяртай байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид зүгээр суугаагүй, түүхий эдийн бэлтгэл, түүхий эдийн нэр хүндийг өсгөх боломжийг нэмэгдүүлэх чиглэлийн ажлуудыг хийж ирлээ. Ялангуяа “Хариуцлагатай нүүдэлчинд зохистой дадлыг нэвтрүүлэхэд шаардлага MMS68912020” гэсэн стандартыг боловсруулж батлуулсан нь энэ салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Мөн МБАНХ-ноос монгол ямааны ноолуур, монгол сарлагын хөөвөр, монгол тэмээний ноос, торомны ноосны газарзүйн заалтыг баталгаажуулахад анхаарч ажиллалаа. Газарзүйн заалтыг ашиглаад хоршоод, үндэсний үйлдвэрүүд маань цаашид гадаадын зах зээлд гарахад чухал үүрэгтэй юм. Түүнчлэн малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мөшгих тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил зохион байгууллаа. Энэ хүрээнд ШХА-ийн НАМЭМ төслийн дэмжлэгтэйгээр RMTS буюу Түүхий эдийн мөшгих тогтолцооны системийг 30 орчим суманд хөгжүүлж, бүрэн нэвтрүүлсэн бол 100 гаруй суманд 50-иас дээш хувиар нэвтрүүлээд байна. Энэ систем нэвтэрсэнээр малын гаралтай түүхий эдийн гарал үүсэл баталгаажиж, зах зээл дээрх нэр хүнд үнэлэмж нь дээшлэх боломж нээгдэж байна. Өнөөдрийн уулзалтад оролцож байгаа бүх хүнд баярлалаа.
Сарлагийн хөөвөр, торомны ноосны экспортын кластерийн тэргүүн Б. Очгарьд: Уулзалтад оролцож байгаа бүх хүнд баярлалаа. Дэлхийн эдийн засаг коронавирусаас үүдэн тодорхой хэмжээнд уналтад ороод байгаа ч зарим хүчирхэг улс орнуудын эдийн засаг сэргэж байна. Бид ТРАМ төсөлтэй сарлагийн хөөвөр, торомны ноосны чиглэлд хамтран ажиллахаар 2020, 2021 онуудад олон чухал ажил төлөвлөөд байсан ч нөхцөл байдлаас үүдэн хойшлогдсон. Төр засгийн үүднээс энэ салбарыг дэмжээд өгвөл манай салбарын түүхий эдийн нийлүүлэлт тогтвортой байх болов уу. Гадаадын улс орнуудаас ноолуур болон сарлагийн хөөврийн захиалгууд ирж байна. Тэгэхээр энэ чиглэлд ажилладаг үйлдвэрлэгчид илүү идэвхижвэл бид хоршоодоо дэмжиж туслан түүхий эдээ цуглуулахад хамтран ажиллахад бэлэн байна.
Европын Холбооны “Монголын худалдааг дэмжих төсөл” /EU-TRAM/ -ийн ахлах эксперт Карл Круг: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний уламжлал болгон зохион байгуулдаг уулзалтад оролцож байгаад баяртай байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн доктор Ph.D В.Болормаа, МБАНХ, хоршоод үйлдвэрлэгчиддээ цаг заваа гарган оролцож байгаад талархал илэрхийлж байна.
Монголын хувьд ноос ноолууран бүтээгдэхүүн тэр дундаа торомны ноос, сарлагийн хөөврөн нь байгалийн гаралтай, натурал гэдэг утгаараа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь чанарын хувьд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг орны тоонд ордог. Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний хувьд маш сайхан, гоё загвартай, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог. Харин тормоны ноосон дээр энэ асуудал жаахан удаашралтай байна. Тиймээс та бүхнийг торомны ноосны бэлтгэл болон худалдан авалтад онцгойлон анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Учир нь торомны ноос бол маш үнэ цэнэтэй байгалийн цэвэр түүхий эд юм.
Дэлхий даяар торомны ноосны бүтээгдэхүүнийг танил болгож, танилцуулж түгээх ажлыг илүү их хийгээсэй гэж хүсэж байна. Торомны ноосон бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд Европын зах зээлд нийлүүлэх гарц нээгдсэн байгаа. Тиймээс малчдаас торомны ноосыг худалдан авч, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлээсэй гэж үйлдвэрлэгчдээс хүсэж байна. Малчид үйлдвэрлэгчдийн энэ уулзалтаар үйлдвэрлэгчид торомны ноосыг илүүтэй худалдаж аваад зах зээлд гарсан энэ боломжийг ашиглан олон сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлээрэй.
Нээлтийн дараа хоршоод, үйлдвэрлэгчдэд зориулан “Торомны ноосны онцлогт суурилсан бэлтгэлийн болон анхан шатны технологийн судалгаа” сэдвээр ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ph.D В.Болормаа, Сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүний маркетинг - ТРАМ төслөөс үзүүлж буй дэмжлэг сэдвээр “Монголын худалдааг дэмжих төсөл” /EU-TRAM/ -ийн ахлах эксперт Карл Круг. “Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавигдах шаардлагууд MNS 6891:2020”, “Малын гаралтай түүхий эдийн мөшгөх тогтолцооны “Хариуцлагтай нүүдэлчид” системийн давуу тал” сэдвүүдээр МБАНХ-ны мэргэжилтэн Л.Ганцогт, “Өмнөх жилийн түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагааны туршлага, сургамж, 2021 оны түүхий эд бэлтгэлийн хандлага-Хоршооны зүгээс” сэдвээр МНАДХ-ын Гүйцэтгэх захирал С.Жамбалдорж, “Өмнөх жилийн түүхий эд бэлтгэлийн үйл ажиллагааны туршлага, сургамж, 2021 оны түүхий эд бэлтгэлийн хандлага – үйлдвэрлэгчийн зүгээс” сэдвээр Сор Кашмир ХХК Захирал Б.Очгарьд нар тус тус мэдээлэл өглөө.
Зохион байгуулагчдын хийсэн мэдээллийн дараа хоршоод 2021 онд үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлэх сарлагийн хөөвөр, ноос ноолуурын түүхий эд нийлүүлэх урьдчилсан хэлцлийг хийлээ.
Цахим хэлцлийн төгсгөлд Европын Холбооны “Монголын худалдааг дэмжих төсөл” /EU-TRAM/ -ийн ахлах эксперт Карл Круг “Өнөөдрийн хэлцэл амжилттай сайхан боллоо. Хэлцэлд оролцсон үйлдвэрүүдэд тусгайлан талархал илэрхийлж байна. Үйлдвэрлэгчид цөөхөн оролцсонд гайхаж байна. Манай төслийн зүгээс үндэсний үйлдвэрлэгчдэд маш том боломжийг олгож байгаа. Өрөөнөөсөө гаралгүйгээр 10-12 аймгийн хоршоодтой 2цагийн хугацаанд шууд холбогдон түүхий эдийн бэлтгэлийн асуудлаа шийдэж байгаа нь маш том боломж. Тиймээс бидний зохион байгуулсан цахим уулзалтад цаг заваа гарган оролцсон та бүхэндээ дахин талархаж байна. Мөн бидний төслийн хүрээнд ХБНГУ-ын нийслэл Берлин хотод нээсэн "Mongolian Green Labels" дэлгүүрт үйлдвэрлэгч та бүхэн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, Европын зах зээлд гарах боломж нээлттэй гэдгийг дахин хэлмээр байна” хэмээснээр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.
П.Нарандэлгэр