Жил бүр зохион байгуулагддаг “Үйлдвэр хоршоодын хамтарсан уулзалт” энэ жил сарлагийн хөөвөр, торомны ноосны кластер хэлбэрээр цахимаар 2021оны 4дүгээр сарын 8-ны өдөр 10:00 - 15:00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна.
Тус уулзалтыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон Европын Холбооны “Монголын худалдааг дэмжих төсөл” /EU-TRAM/ хамтран зохион байгуулна.
Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн В.Болормаа нар оролцож сарлагийн хөөвөр, торомны ноосны чиглэлээр авч хэрэгжүүлж буй салбарын бодлого болон цаашид хийгдэх ажлын талаар үйлдвэр, хоршоодын төлөөлөлд мэдээлэл өгч, санал бодлоо солилцоно.
Дэлхийн нийтийг хамарсан цар тахлаас үүдэн өнгөрөгч онд уг уулзалтыг хоршоодын борлуулахаар төлөвлөсөн түүхий эдийн хэмжээ болон үйлдвэрлэгчдийн худалдан авах үнийн саналыг и-мейлээр хүлээн авч дамжуулах зарчмаар зохион байгуулсан бол энэ удаад цахим хэлбэрээр явагдах болсон байна.
Мөн хоршоод борлуулах түүхий эдийн нөөцөө Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл болон МБАНХ-ны санаачлан хөгжүүлж буй “Хариуцлагатай нүүдэлчин” малын гаралтай түүхийн эдийн мөшгөх тогтолцооны системээр дамжуулан зах зээлд нээлттэй байршуулж, эргээд үндэсний үйлдвэрүүд тухайн системийн арилжаагаар дамжуулан хоршоодын нөөцтэй танилцан захиалга өгч түүхий эдийн гэрээ хэлэлцээр хийх байдлаар анх удаа зохион байгуулж байгаа нь онцлог, шинэлэг ажил болж байна.