18 аймгийн АБАХ-ны удирдлагууд цахим сургалтад хамрагдлаа

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос “Мал аж ахуй, бэлчээрийн менежмэнтэд малын тоо толгойн албан татварын ач холбогдол” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгууллаа. 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын Гүйцэтгэх захирлуудад зориулсан энэхүү сургалтаар бэлчээрийн зохистой ашиглалтыг малчдын оролцоотойгоор, бэлчээрийн экологийн чадавхи, сэргэх чадварт үндэслэн зохион байгуулахад “Малын тоо толгойн албан татвар”, “Орон нутгийн хөгжлийн сан”-г оновчтой ашиглах талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн бэлчээрийн төлөв байдал, чанарын өөрчлөлт болон даац ачааллын одоогийн байдлыг тогтоох, явцыг хянах, цаг тухайд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалт, мал маллагааны арга технологийг тохируулах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаарх мэдлэг ур чадварыг олгов. Сургалтад хамрагдсанаар АБАХ-ны Гүйцэтгэх захирлууд өөрийн аймгийнхаа ИТХ-ийн төлөөлөгчид, ЗДТГ-ийн мэргэжилтэн, Багийн Засаг дарга нар, малчид, малчдын хэсэг бүлэг, холбооны төлөөлөлд бие даан сургалт явуулах боломжтой болж байна.