Сүүлийн жилүүдэд малын гаралтай түүхий эд ялангуяа ноос ноолууран бүтээгдэхүүний зах зээлд байгаль орчин болон мал амьтанд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг илүүд үзэх хандлага түгээмэл болж байна. Энэхүү байдал цаашдаа улам гүнзгийрэн тэлэх хандлагатай байгаа ба хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, ухаалгаар хандах нь манай улсын малчид, үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын нэг ёсны “үүрэг” болж байна.
Монгол Улс нь дэлхийн ноолуурын томоохон үйлдвэрлэгч орны хувьд энэхүү чиг хандлагын гадна бус, харин тэргүүн эгнээнд явах нь зүйтэй юм. Мал амьтныг элдвээр зовоох, тарчлаах үйлдэл үйлдвэржсэн маллагаанд ихэвчлэн гардаг, түүнийг хэрэглэгчид ийм явдал байх ёсгүй хэмээн таашаадаггүй, харин ч засан залруулах ёстой гэж үздэг.
Манай орны хувьд бэлчээрийн мал аж ахуй нь суурин маллагаатай, арилжааны чиглэл давамгайлсан мал аж ахуйн үйлдвэрлэлтэй харьцуулахад зарчмын хувьд малтай харьцах арга барил нь онцлог ялгаатай, олон талаар илүү хүмүүнлэг, малаа дээдлэх уламжлал, ёс заншил өвөрмөц гэдгийг гадаад улсад нотлох шаардлагатай юм.
Монгол Улс нь бэлчээрийн маллагаа, нүүдлийн соёл иргэншлээ хадгалан үлдсэн цөөн орны нэг бөгөөд энэхүү онцлог, хэрэглэгчийн эрэлт шаардлагад тулгуурлан “Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлага” үндэсний стандартыг олон талын оролцоотойгоор боловсруулж батлуулсан нь дээрх асуудалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас байгуулсан ажлын хэсэг нь энэхүү стандартыг боловсруулсан ба Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт, Малын эрүүл мэнд" төслийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажилласан байна.