“Малын чанар сайжруулах, генетик нөөцийг хамгаалах” дэд төслийг гурван аймагт хэрэгжүүлж байна

"Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ, “Тогтвортой хөдөө аж ахуйн судалгаа, хөгжлийн төв” ТББ-тай хамтран “Монголын Унаган байгалийн хүлцэл, тогворжилтыг хангах нь” ENSURE төслийн хүрээнд “Малын чанар сайжруулах, генетик нөөцийг хамгаалах” дэд төслийг хэрэгжүүлж байна. Үүнд:

1.Малын чанарыг сайжруулах, улмаар бэлчээрийн доройтлыг бууруулах зорилтын хүрээнд өнгөрсөн 2020 онд Архангай аймгийн Өлзийт, Баянхонгор аймгийн Баянцагаан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдын тусгай хамгаалалттай газар нутагт байршдаг 6 багийн болон Хөдөө аж ахуйн тасгийн  удирдлага, мэргэжилтэн нарын санал болгосон 63 малчин өрхийн 9924 бог малд холбогдох заавар, журмын дагуу үзлэг ангилалт,  тандалт судалгаа хийж ажилласны үр дүнд:

  • Цаашид өсвөр хээлтүүлэгч бойжуулах зориулалт бүхий цөм сүргийн эм хонь-921, эм ямаа–992, бүгд 1913 толгой хээлтэгчийг шилэн сонгож, тухайн аймаг, сум, багийн код бүхий ээмэгээр  ялган тэмдэглэн бүртгэлжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • Малын чанар сайжруулах ажлын гол үндэс нь стандартын шаардлага хангасан хээлтүүлэгч байдаг бөгөөд дээрх сумдад хийсэн тандалт судалгааны дүнгээс үзэхэд:
  • Архангайн Өлзийт сумын хуц, ухнын хангамж 55.1-68,5% буюу 1209 хээлтүүлэгч дутуу,
  • Байгаа хуцны 84.7%, ухнын 86.8% стандартын шаардлага хангаагүй,
  • Баянхонгорын Баянцагаан сумын хуц, ухнын хангамж 50.4-78,3% буюу 893 хээлтүүлэгч дутуу,
  • Байгаа хуцны 79.3%, ухнын 80.7% стандартын шаардлага хангаагүй,
  • Говь-Алтайн Эрдэнэ сумын хуц, ухнын хангамж 58.3-75,5% буюу 789 хээлтүүлэгч дутуу,
  • Байгаа хуцны 74.8%, ухнын 83.5% стандартын шаардлага хангаагүй байгаа нь эдгээр сумдын нийт мал сүргийн зонхилох хувийг эзэлж байгаа бог малын хээлтүүлэгчийн чанар, хангамжийг стандартын хэмжээнд хүргэх нэн тэргүүний хэрэгцээ, шаардлага байгаа юм.
  • Төслийн зөвлөх багийн зүгээс хийсэн тандалт судалгааны дүгнэлтийг үндэслэн дээрхи 3 сумын  “Малын үржлийн ажлын ойрын болон дунд хугацааны (2021-2030 оны) стратеги төлөвлөгөө”-ний төслийг боловсруулан тухайн сумдын ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар албан ёсоор хүргүүлсэн.
  • 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар Баянхонгор аймгийн Баянцагаан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдын ИТХ-ын тогтоолоор  “Малын үржлийн ажлын ойрын болон дунд хугацааны (2021-2030 оны) стратеги төлөвлөгөө”-г батлаж, хэрэгжилтийг зохион байгуулахаар ажиллаж байна.

2.Төсөл хэрэгжиж байгаа Архангай аймгийн Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баянцагаан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдын орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагатай хамтран “Малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгж” байгуулах зорилгоор холбогдох судалгаа, ярилцлагыг зохион байгуулж ажилласны үр дүнд:

- Бөхөн шарын нурууны бүсэд: Архангай аймгийн Өлзийт сумыг сонгож мал эмнэлэг, үржлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж Оюун Хангай” ХХК-ийг түшэглэн  “мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж”-ийг байгуулж, уг нэгжийг мал зүйч мэргэжилтэй Б.Гомбодорж хариуцан ажиллахаар сумын удирдлага, мэргэжилтэн нартай зөвшилцөж тогтсон.

Өлзийт сумын шинээр байгуулсан нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор төслийн хөрөнгө оруулалтаар хуцан хурга 53, ухнан ишиг 37, бүгд 90 толгой өсвөр хээлтүүлэгч, мал ангилалтын зөөврийн хашаа 1 иж бүрдлийг худалдан авч өгсөн.

-Зармангийн говийн бүсэд: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумыг сонгож малын гаралтай түүхий эд бэлтгэн зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг “Бүлээн ус эрдэнэ” хоршоог түшэглэн “мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж”-ийг байгуулж, уг нэгжийг мал зүйч мэргэжилтэй Ч.Дорж хариуцан ажиллахаар тогтсон.       

Эрдэнэ сумын шинээр байгуулсан нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор төслийн хөрөнгө оруулалтаар хуцан хурга 96, ухнан ишиг 50, бүгд 96 толгой өсвөр хээлтүүлэгчийг худалдан авч өгсөн.

Мөн хоёр сумын  “мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж”-д  худалдан авч өгсөн хээлтүүлэгчийн арчилгаа маллагааны явц, үр дүнтэй танилцан намрын амьдын жинг тодорхойлж, өсөлт торнилт, тарга хүчний  байдалд үнэлгээ өгч, ирж буй өвөл, хаврын улиралд онд мэнд оруулахад шаардлагатай арга хэмжээг сум орон нутгийн удирдлага, мэргэжилтэн нартай хамтран шийдвэрлэж, гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өсвөр хээлтүүлэгчийг он мэнд оруулахад зориулж төслийн зүгээс 15.3 тонн өвс, 1.5 тонн ногоон тэжээл, 2.5 тонн хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлсэн байна.

 

Архангай аймгийн Өлзийт, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдын бог малд үзлэг ангилалт хийв.

 

Б.Мэнджаргал