Малчдыг “Бэлчээр ашиглагчдын хэсэг”–ийн зохион байгуулалтад оруулан, хөгжүүлэхэд дэмжин ажиллаж байна

Малчдыг “Бэлчээр ашиглагчдын хэсэг”–ийн хамтын зохион байгуулалтыг бий болгон хөгжүүлэхэд дэмжин ажиллаж байна. Тодруулбал,  18 аймгийн 184 сумын хэмжээнд 90 гаруй мянган малчин өрх бэлчээрээ зүй зохистой ашиглах, доройтлоос хамгаалах, сэргээн сайжруулах, хөдөлмөрөө хамтрах, зэрэг нийтлэг ашиг сонирхол, хил зааг, нутаг дэвсгэрийн харьяаллаар нэгдэн 1575 “Бэлчээр ашиглагч малчдын хэсэг"-ийн   хамтын зохион байгуулалтад оржээ. Малчдыг “Бэлчээр ашиглагчдын хэсэг”–ийн хамтын зохион байгуулалтыг бий болгон хөгжүүлэхэд мэргэжил арга зүйнгээр  дэмжин ажиллаж байна.

График 1 Нийт “Бэлчээр ашиглагч малчдын хэсэг”–ийн тоо 2016-2020 он /аймгаар/

Иргэний хуулийн 481.1-д: “Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хэд хэдэн этгээд холбоо болон нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдаж үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ийм байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, бүтэц, зохион байгуулалтыг гишүүд харилцан тохиролцож тодорхойлно” гэж заасныг үндэслэн малчдын хамтын зохион байгуулалтын нэг хэлбэр болох “Бэлчээр ашиглагч малчдын хэсэг”–ийг байгуулж, үйл ажиллагаа явуулж болох талаар зохицуулсан байдаг. Энэ хуульд заасан хамтран ажиллах гэрээг “Бэлчээр ашиглагч малчдын хэсэг”–ийн  дотоод дүрмээр адилтган үзэж уг дүрэмд “Бэлчээр ашиглагч малчдын хэсэг”–ийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа засаглалыг нарийвчлан тусгаж боловсруулан, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталдаг. 

Аймаг орон нутгийн онцлог, байгаль цаг уурын нөхцөл, малчдын нүүдэл суудал, бэлчээр ашиглалтын уламжлалаас хамааран нэг “Бэлчээр ашиглагч малчдын хэсэг”–ийн гишүүн өрх, бэлчээрийн хэмжээ харилцан адилгүй байгаа бөгөөд дунджаар 40-50 өрх, 30-40 мянган га бэлчээрийг хамтран ашиглаж байна. 

Дундын бэлчээрт үндэслэсэн Бэлчээр ашиглагч малчдын хэсгийн зохион байгуулалт нь нэг талаас хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, малчдын хоршилтыг хөгжүүлэх, шийдвэр гаргахад малчдын оролцоог нэмэгдүүлэх, нөгөө талаас байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, бэлчээрийн менежментийг хамтын удирдлагаар хэрэгжүүлэх хариуцлагын тогтолцоог бий болгох нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. 

Л.Ганцогт