Швейцарын хөгжлийн агентлагын дэд дарга Биш Майер болон ШХА-ийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан нар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны үйл ажиллагаатай /2021.01.28/ танилцлаа. Энэ үеэр 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захиралууд болон зарим сумдын Бэлчээр ашиглагчдын тэргүүн нартай цахим уулзалт зохион байгуулав.
Уулзалтын эхэнд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Юуны өмнө манай МБАНХ-нд хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Дэлхий нийтээр хамарсан цар тахлаас үүдэн бидний үйл ажиллагаа бага зэрэг хязгаарлагдмал байгаа ч орон нутгийн хувьд хэвийн үргэлжилж байна. Өнөөдөр бид өөрсдийн хийж байгаа үйл ажиллагаагаа танилцуулж, орон нутгийхантай цахимаар уулзуулахаар төлөвлөсөн. Манай оффист 15 хүн ажилладаг. Коронавирусын улмаас зарим хүмүүс маань гэрээр ажиллаж байна. 10 орчим зөвлөх шаардлагатай үед ирдэг, 3 үеийн төлөөлөл ажилладаг байгууллага” хэмээн онцолсон юм.
ШХА-ын дэд дарга Бенуа Биш Майер “Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд та бүхэн орон нутагт маш олон ажил амжилттай хийж байгаад талархаж байна. Аймгуудаар яваад үйл ажиллагаатай танилцаж, маш их мэдээлэл авсан ч та бүхэнтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцаж байгаад баяртай байна. Та бүхний хийж байгаа ажил бол Швейцарын хөгжлийн агентлагийн дээд түвшинд хүртэл хамгийн сайн танигдсан том төслүүдийн нэг” хэмээн онцоллоо.
Орон нутгийн гишүүдтэй хийх цахим уулзалтын эхэнд МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, цар хүрээ, орон нутгийн салбар холбоодын талаар товч мэдээллийг өгсөн юм.
Түүний мэдээллийг дараа ШХА-ын дэд дарга Бенуа Биш Майер “Та бүхэнтэй цахимаар уулзаж байгаадаа таатай байна. Та бүхний хийж байгаа ажил энэ олон жилүүдэд маш амжилттай хэрэгжиж, улсын хэмжээнд хамгийн сайн төсөл хэмээн үнэлэгдэж байгаа. Энэ эрч хүчээ хадгалан улам их амжилт гаргаарай. Энэ удаагийн уулзалтаар та бүхний санал хүсэлтийг сонсохыг зорьсон” хэмээн онцолж байлаа.
Цахим уулзалтын үеэр оролцогчид өөрсдийн санал, хүсэлтээ илэрхийлж, ШХА-ын дэд дарга Бенуа Биш Майер хариулт өгч, сонирхсон асуултаа тавьж байсан юм.
Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа
2009 онд анх Завхан аймгийн бүх суманд “Ногоон алт” төсөл хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд бэлчээрийн чиглэлд хамтран ажиллаж, ТББ байгуулагдаж, дундын сангаа үүсгэж, малчдын түүхий эдийн хоршоо байгуулагдах зэргээр үйл явц өрнөсөөр өнөөдөр үйл ажиллагаа маань амжилттай үргэлжилж байна. Аймаг, сумдад Бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдаж, аймгуудын холбоод нэгдээд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулсан нь Монголын малчдын эрх ашгийг хамгаалах хамгийн том бүтэцийг бий болгосон байна. Энэ бүхнийг ажил хэрэг болгон хийж хэрэгжүүлэх боломж олгосон та бүхэндээ талархаж байна.
ШХА-ын дэд дарга Бенуа Биш Майер
Таны хэлсэн бүхэн маш чухал мэдээлэл. Хоршоодын үйл ажиллагаа сайжирч төсөл сайн хэрэгжсэнээр ирээдүйд өөрсдийгөө аваад явах санхүүгийн эх үүсвэртэй болж, үйл ажиллагаа нь тогтвортой явахад их чухал үүрэгтэй. Та бүхэн хөгжиж байвал бидний зорилго бүтэж байгаа юм. Цаашдаа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломж хэр өндөр байгаа вэ. Энэ талаар санал хүсэлтээ илэрхийлээрэй.
Говь-Алтай аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Ч.Цэцэгмаа
Швейцарын ард түмний татварын мөнгөөр манай улсын хамгийн чухал салбарт хөрөнгө оруулж ирсэнд юуны өмнө талархал илэрхийлж байна. Бэлчээр үг хэлдэггүй учраас хөрөнгө оруулдаггүй олон жил болсон. Манай аймаг 2013 онд анх Ногоон алт төсөлд хамрагдаж эхэлсэн. Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш аймаг сум малчин багийн хэмжэнд анхаарч, үндэсний хэмжээнд нэг зүг рүү хардаг болсон байна. Ийм түвшинд хүрэхэд Ногоон алт төсөл, Ногоон алт малын эрүүл мэнд төсөл үнэхээр их тусалж, дэмжиж ирсэнд баяртай байна.
ШХА-ын дэд дарга Бенуа Биш Майер
Та бүхэнд гол тулгарч байгаа бэрхшээлүүд юу байна вэ. Малын тоо толгойн татвар хураамж бэлчээрийг сайжруулахад нөлөөлж чадах уу, зудын нөхцөл байдал ямар байна, малчид болон орон нугаас ямар арга хэмжээ авч байна вэ.
Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал А.Отгонбаяр
Коронавирусын хорио цээрээс үүдэн ажилд хийхэд жаахан түвэгтэй асуудлууд тулгарч байна. Манай аймгийн 16 сумын 8 сум нь бие даан хөгжиж чадна. 8 нь бие даах чадвар суд байна. Гол шалтгаан нь бэлчээрийн хомсдолоос үүдэн сүүлийн жилүүдэд мал туранхай тарга тэвээрэг тааруу, отор нүүдэл хийж байгаа айлыг буцааж болохгүй тул даац хэтэрч туурайн зуд болсонтой холбоотой. Малчид амьжиргааны эх үүсвэр болох малынхаа тоо толгойг бууруулах талд дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Малынхаа түүхий эдийг борлуулж байгаа ч зах зээлийн эргэлтэд хангалттай оруулах боломж алга. Ховд аймгийн хэмжээнд 43 мянган толгой мал л зах зээлд борлуулж чадсан. Тиймээс цаашид 4-5 жил энэ нөхцөл боломжийг сайжруулах бүх талын дэмжлэг хэрэгтэй байна.
ШХА-ын дэд дарга Бенуа Биш Майер
Эко туризм буюу малчдад суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг малаас бусад аргаар орлогын эх үүсвэрыг бий болгоход анхаарах хэрэгтэй. Зах зээл ханасан үед малаа борлуулах гэлгүй өөр арга зам олон хэрэгтэй. Малын тоо толгойн албан татварын тухай хууль нь мал сүргийн даацыг тохируулахад чиглэж, татвараар орж ирсэн мөнгийг сумын Орон нутгийн хөгжлийн сандаа оруулна. Малчид өөөрсдийн оруулсан мөнгөөр хөрөнгө оруулалтыг шийдэх замаар малын тоо толгойн зохистой харьцааг бий болгох боломжтой тул энэ татварт сайн анхаарч ажиллаарай. Энэ ажилд маш сайн оролцогч тал нь та бүхэн юм шүү.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Х.Алтанцэцэг
Манай сумын хувьд цаашид бие даан хөгжих бүрэн боломжтой үүд хаалгыг нээж өгсөн гэж боддог. Үндэс суурь нь бий болж чадсан. МБАНХ-ноос малчид хүртэл хамтран ажиллаж, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэсэн байгууллага бий болсон нь цаашид ажиллах бүх алхамыг тодорхой болгосон. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчид бэлчээрээ хамгаалж, өнжөөж амрааж сэргээх нь зайлшгүй шаардлага юм. Малчид орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт их санаа тавьдаг. Манай суманд бойны болон түүхий эдийн төвийг бэлдэж байна. Бэлтгэсэн махаа хөргүүрийн зоорьтоо хадгалаад махаа үнэ цэнцэй үед нь борлуулах боломжтой.
ШХА-ын дэд дарга Бенуа Биш Майер
Өнөөдрийг хүртэл МБАНХ-ноос төслийн хүрээнд өгсөн хамгийн үр дүнтэй чухал зүйл юу байна вэ. Одоо юу байвал болох вэ.
Төв аймгийн Өндөрширээт сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Ц.Оюун
ШХА-ын хандив тусламжийг малчин бидэнд хүргэж, малчдын байгууллагыг бий болгож өгсөн хамт олондоо баярлалаа. Малчдын байгууллагууд төлөвшиж байна. Манай сумын хувьд СБАХ нь бэлчээрийн асуудлыг Сумын удирдлагатуудтайгаа ярьж, нягт хамтын ажиллагаа холбоотой байж, шийдвэр гаргаж байна. Энэ байгууллага цаашид илүү үр дүнтэй, урт удаан хугацаанд оршин тогтноход түүхий эдийн анхан шатны хоршоог хөгжүүлэх зөв гэсэн бодолтой явдаг. Одоо бид дотоодын үйлдвэрүүдтэй гэрээ хийж гарал үүсэл нь тодорхой мах, ноос ноолуур, арьс ширийг нийлүүлж байна. Энэ боломжинд тулгуурлаад анхан шатны хоршоогоо илүү чадамжтай болгомоор байна.
Баянхонгор аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал П.Батчулуун
Баянхонгор аймгийн хувьд Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах үлгэрчилсэн журмыг анх санаачилж хэлэлцэж хэрэгжүүлсэн. Төслийн хамт олны дэмжлэгтэйгээр 10 сумын 40 багийн 2000 гаруй иргэдэд танилцуулж, үр дүнтэй ажил хийсэн. Баянхонгор аймгийн хувьд малын тоо толгой хэт ихэссэн. Үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд хүмүүсийн хандлагыг өөрчлөх нь хамгийн чухал гэж үзсэн. Хандлагыг өөрчлөх гэж олон жил зарцууллаа. Бүх шатныхан буюу малчид, төрийн албан хаагчидтай хамтан ажиллаж хандлагыг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл өгч ажиллаж байгаа. Баянхонгор аймгийн хувьд газар нутгийн 70-80 хувь нь зудын байдалтай болсон
Хоёр жил дараалан хур бороо ороогүйн улмаас мал тарга тэвээрэг аваагүй. Тарга тэвээрэг аваагүй малаа 10 сарын сүүлчээс тэжээж эхэлсэн. Баянхонгор аймгийн хэмжээнд өвс 16 мянга, хивэг 26 мянга, хорголжин тэжээл 40 мянган төгрөгийн үнэтэй байна. Малчид нэг хэсэг гар дээр байсан бэлэн мөнгөөрөө авсан. Одоо мал өлдөж эхэлж байна. Малаа тэжээснээр зарим нь тэнхэрч, зарим нь хорогдож байна. Их л хүнд байдалд байна. Зудын нөхцөл байдлыг даван туулах хүрээнд аймаг орон нутгаас ХХААХҮЯ -нд санал тавьж өвс тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулж байгаа. Онд орохгүй малыг нэг хэсэг зах зээлийн эргэлтэд оруулсан ч хоёр жил дараалан тарга тэвээрэг аваагүй учраас борлуулалт муу байна. Тиймээс малаа тэнхүүлэхийн тулд тэжээл дээр л анхаарч байна.
Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооныг Гүйцэтгэх захирал Г.Энхболд
Манай Хөвсгөл аймагт 2017 оноос НАМЭМ төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас тодорхой хэмжээний үр дүн гараад явж байна. Шинээр байгуулагдсан ИТХ-ын 2021-2015 оны мөрийн хөтөлбөрт Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дунд болон урт хугацааны стартеги төлөвлөгөө бүхий 9 санал орууллаа. Аймгийн Засаг даргын 2021-2025 оны мөрийн хөтөлбөрт Бэлчээрийн хариуцлагажуулах журмыг аймгийн хэмжээнд баталж хэрэгжүүлэх, малчдын бүлэг хоршоо нөхөрлөлийг дэмжих, “Хариуцлагатай нүүдэлчид” системийг хөгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг чиглэлийг оруулсан.
НАМЭМ төслөөс зөвхөн малчдын байгууллагын хөгжилд анхаарч дэмждэггүй, бидэнтэй хамтран ажилладаг аймгийн ГХГЗЗГ, ХХААГ, МЭГ-ын мэргэжилтнүүдийг чадавхижуулан хамтран ажиллаж байгаад үнэхээр талархаж байна. Бид бааз сууриа бэхжүүлчихлээ. Одоо цааш нь урт хугацаанд үргэлжлүүхэд эдийн засгийн хөшүүргээр тасралтгүй байдлыг хангах ёстой. Эдийн засгийн хөшүүрэг нь малчдын анхан шатны дундын хоршоог дэмжих юм. Бид та бүхэнтэй олон жил хамтран ажиллаж, Швейцарын ард түмний татварын мөнгөөр энэ сайхан бүтцийг бий болгосон. Цаашид донор орнуудтай хамтран ажиллахдаа Монгол улс загвар болон хөгжсөн гэдгийг танилцуулж, санал болгож өгөхийг хүсэж байна.
Зудын хувьд Хөвсгөл аймагт их хэмжээний цас орж, зарим сумдад бэрхшээл үүсч байна. Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Дундын сангаас тэжээл авах мөнгө зээлэх хүсэлт их ирж байна. Дундын сан маань хязгаарлагдмал нөөцтэй, хүссэн хэмжээний мөнгийг олгох боломжгүй тул бусад эх үүсвэрийг эрэлхийлж байна. Ковид19-өөс шалтгаалж малчдын орлого бага байна. Манай АБАХ-ын дэргэдэх хоршоо нь бэлчээртээ санаа зовдог, малчдынхаа эрх ашгийн төлөө ажиллаж, байгаль орчинд ээлтэй байх, малын түүхий эдийн чанарыг хадгалахын төлөө анхаардаг. Тиймээс санхүүгийн хувьд оршин тогтнох боломжийг бүрдүүлэх үүднээс бага хүүтэй, урт хугацааны зээл олгох “Ногоон зээл”-д хамрагдвал дундын хоршоогоо хөгжүүлэх боломж бидэнд байна.
ШХА-ын дэд дарга Бенуа Биш Майер
Донор орнуудад МБАНХ, аймаг сумдын холбоог сурталчилах ажлыг хэдийнэ эхлүүлсэн. Энэ бидний гол үүрэг, тусалж чадах зүйл. Нөгөө талаар хийж хэрэгжүүлсэн ажлаа сурталчилан таниулах нь МБАНХ-ны үүрэг тул энэ чиглэлд анхаарал хандуулах хэрэгтэй. Мөнгөтэй донор байгууллагууд хамтран ажиллахаар ирвэл өмнө нь хийсэн ажлаа дахин хийлгүй, одоо хийж хэрэгжүүлсэн ажлаа гүйцээх, илүү сайн болгох тал дээр анхаарч ажиллаж байгаарай. НАМЭМ төслийн хүрээнд хийсэн бүхэн биднийх биш та нарын хөрөнгө, ажлын үр дүн. Тиймээс одоог хүртэл хийж бүтээсэн, олж авсан үр дүн, гаргасан амжилтаа илүү сайн болгохын тулд анхаарч байх хэрэгтэй.
Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Т.Лхагвасүрэн
Аймгийн шинэ удирдлагуудад төслийн хүрээнд хийсэн ажил, цаашид юу хийх, энэ бааз суурийг хэрхэн бусад төслүүдэй холбож цааш нь авч явах вэ гэсэн асуудлаар мэдээлэл өгч, хоёр ч удаа уулзсан. 2 сарын 5 нд төслүүдтэй хамтран ажиллах чиг нь эцсийн байдлаар тодорхой болно. Энэ уулзалтын хүрээнд бэлчээрийн талын асуудлыг маш сайн анхаарч 7-8 асуудлыг тусгаж өгсөн. Манай аймгийн 19 суманд 19 СБАХ байгуулагдаж, бүгд Бэлчээр ашиглах гэрээ байгуулан ажилладаг. Цаашдаа аймгийн төвдөө Дундын хоршоо байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм бол бид цаашдаа сумдын хамт хөгжих боломжтой гэж харж байна. Тиймээс энэ талд анхаарал хандуулж өгөөч гэж хүсэж байна.
Хэнтий аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал Б.Цэрэнчимэд
Монголын малчдыг нэгдэж нийлэн хжиллаж амьдрах ТББ тай болгосон ШХА, швейцарын ард түмэн, Монголдоо ийм сайхан ажлыг эхлүүлж зохион байгуулсан Ц.Энх-Амгалан даргадаа баярлаж байна. Манай Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг нилээн сүүлд нэгдсэн тул малчдын байгууллагынхаа ухааныг олох гээд л явж байна. Хэнтий аймгийн 5 суманд хэрэгжиж байгаа төслийг сайн хэрэгжүүлж, бусад сумдад үлгэр загвар болгохоор хичээж байна. Бид та бүхний бэлэн загварыг авч өөрийн нутгийн онцлогт тохируулан хөгжүүлж байна. Цаашдаа малчдын байгууллагыг хөгжүүлэхийн тулд малчдыг сургалтад хамруулах зорилготой байгаа тул тодорхой хэмжээний дэмжлэг хэрэгтэй. Аймгийн удирдлагуудын хувьд Мөшгих тогтолцооны системд анхаарал хандуулан дэмжиж байгаа.
Малчдын бэлтгэсэн бүтээгдэхүүнийг гарал үүсэлтэй болгосон энэ систем бол маш амжилттэй хэрэгжих сайхан ажил. Бидний зах зээлд нэвтрэх гол боломж гэж харж байгаа тул Хэнтий аймаг ажил хэрэг болгон нэвтрүүлэх сонирхол их байгаа. Манай аймаг уул уурхайгүй харин хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжлийн голлох чиглэл болгосон. Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймаг орон нутгийн бодлого чиглэлийн хүрээнд олон ажил авч хэрэгжүүлж байна. Тиймээс малчдыг бэлтгэх асуудал их чухал байна. Мөн нийгмийн хэрэгцээ шаардлагын хүрээнд өөрсөдөө и-баримтаа шивдэг, мөшгих тогтолцооны системд бүртгүүлэх зэргээр цахим орчинд ажиллаж сургах нь бидний тулгамдсан асуудал. Өөрөөр хэлбэл 21 дүгээр зууны малчдыг бэлтгэх ажилд тусалж дэмжихийг хүсэж байна.
ШХА-ын дэд дарга Бенуа Биш Майер
“Та бүхэнтэй уулзаж, санал бодлоо солилцсонд баяртай байна. Энэ удааагийн уулзалтаар малчдын байгууллагын цаашдын хөгжил, тогтвортой байдал, бэлчээрийн менежмент, хоршоодын хөгжил, гадаад зах зээлтэй холбогдох боломжуудын талаар ярилцлаа. Цаашид МБАНХ болон аймаг сумдын холбоодтой хамтран ажиллаж, хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа тул энэ удаагийн уулзалтыг өндөрлөж байна. Та бүхний ажил үйлст өндөр амжилтыг хүсье” гэв.
П.Нарандэлгэр