Бэлчээрийн мал аж ахуйн мэдлэгийн төв (PKH-Pastoralist Knowledge Hub) нь бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой асуудлыг олон улсын бодлогын яриа хэлэлцээнд нэгтгэх зорилгоор бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид болон олон улсын байгууллагуудыг нэгтгэдэг. Энэхүү төвийн гол зорилго нь тогтвортой бэлчээрийн мал аж ахуй бөгөөд Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ)-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэгдсэн алсын хараатай гол түншүүдийн хоорондох холбоог дэмжих явдал юм. Тус төв нь засгийн газар хоорондын байгууллагууд, олон нийтийн байгууллагууд, олон талт түншлэл, судалгааны төвүүд, олон улсын, бүс нутгийн болон үндэсний иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдсэн 40 түнштэй.
Бэлчээрийн мал аж ахуйн мэдлэгийн төв нь жил бүр түншүүдийн уулзалтыг зохион байгуулж, түүний явцыг дүгнэх, дэлхийн хэмжээнд бэлчээрийн мал аж ахуй эрхлэх талаарх үйл ажиллагаануудаа хуваалцах, цаашдын санаачилга, төлөвлөгөөний талаар ярилцдаг. Энэ жил тус төв нь түншүүдийн виртуал уулзалтыг зохион байгуулж үйл ажиллагааны талаар туршлагаа хуваалцаж, энэ жилийн хамгийн том онцлох үйл явдлуудыг хэлэлцэв. Түншүүдийн уулзалт 2020 оны 12-р сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Уулзалтын эхний өдөр олон улсад бэлчээрийн менежмент, нүүдэлчдийн чиглэлээр НҮБ, ХХААБ-аас авч хэрэгжүүлж буй алхмуудын талаар танилцуулж, Бэлчээрийн мал аж ахуйн мэдлэгийн төв олон улсын төвшинд хэрхэн эдгээр үйл ажиллагаанд оролцох талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн Европ болон Африкийн нүүдэлч малчдын холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
НҮБ ХХААБ-аас нүүдэлч малчдын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулгын үеэр
Уулзалтын 2 дахь өдөр Бэлчээрийн мал аж ахуйн мэдлэгийн төвийн түншүүд үйл ажиллагааны тайлангаа илтгэж хэлэлцүүллээ.
Нэгдүгээрт: “Юрта холбоо”-ны тэргүүн Сантиаго Карралеро “Азийн өндөрлөгийн олон нийтийн харилцан яриа” сэдэвт видеогоо танилцуулсан ба энэхүү видеонд Түвдийн өндөрлөгийн байгалийн онцлог, ач холбогдол болоод нүүдэлч малчид болон сарлагийн талаар, мөн Непал, Киргиз улсад зохион байгуулсан хурлын талаар, Монгол оронд зохион байгуулагдсан Сарлаг фестивалын тухай мэдээлэл оруулсан нь сонирхолтой байлаа. Эцэст нь сарлагтай улс орнуудын ирээдүйн чиг хандлага, залуу малчдын талаар хэлэлцүүлэг хийлээ (зураг 2).
Азийн өндөрлөгийн олон нийтийн харилцан яриа” сэдэвт видео - https://www.youtube.com/watch?v=0cI18tkT0vc
Хоёрдугаарт: “Өмнөд болон Төв Азийн малчдын холбоо”-г төлөөлж Ыханбай Хижаба болон Ану Варма нар 2020 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцүүллээ (зураг 2). Энэхүү илтгэлд Төв Азийн орнуудын бэлчээрийн эрх зүйн орчны талаар, бэлчээр ашиглагчдын хэсэгт суурилсан бэлчээрийн менежментийн талаар танилцууллаа.
Өмнөд болон Төв Азийн малчдын холбоо”-ны илтгэл
Гуравдугаарт: НҮБ-ийн мэргэжилтэн Каролин Руто, фото зурагчин Жиллес Куолон нар “TRANSHUMANCE Mobilité à risque” сэдэвт фото зургийн үзэсгэлэн сонирхууллаа.
Дөрөвдүгээрт: “Ковидын нөхцөл дэх нүүдэл шилжилт: Réseau Billital Maroobé (RBM)–ийн нэвтрүүлсэн мониторингийн систем” сэдвээр Лейла Адамоу илтгэлээ.
Тавдугаарт: “Хөгжиж буй бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд чиглэсэн үндэсний эрх зүй, бодлогын хүрээ” сэдвийн хүрээнд олон талт үзэл сэдвээр Наташа Мару, Пабло Манзаноь Майкл Одхиамбо, Маргарет Видар нар илтгэл хэлэлцүүлэв. 2 дахь уулзалтын төгсгөлд нийт оролцогчид хэлэлцүүлэгт оролцлоо.
Уулзалтын 3 дахь өдөр ЮНЕСКО-ийн өв болгон танилцуулж буй отор нүүдлийн талаар танилцуулж, олон улсын бэлчээрийн жилийн хүрээнд олон улсын мэдээллийн системийг үүсгэн бий болгох, уг ажлын явцын талаар хуралд оролцогчид мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.