Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ), Дорнод аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо ТББууд хамтран 2017 оноос тус аймгийн Цагаан-Овоо сумын Хүрээт багт “Малчдад суурилсан малын чанар сайжруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хүрээт багийн Бэлчээр ашиглагчдын хэсгийн гишүүдийн оролцоотой хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд удам угсаа, ашиг шим сайтай мал бүхий хэд хэдэн малчин өрхийг өөр хооронд хоршуулан ажиллуулах байдлаар ЦӨМ СҮРЭГ бүрдүүлж, тэндээс шилж сонгон, өсгөж бойжуулсан хээлтүүлэгчээр тухайн нутаг усныхаа малчдын мал сүргийн чанарыг сайжруулах үржүүлгийн тогтолцоог бий болгохоор зорьжээ.
Хөтөлбөр төвлөрөн хэрэгжиж буй Хүрээт баг нь 144 өрхийн 498 хүн амтай, 87 мянган га нутаг бэлчээрт 25.8 мянган толгой малтайгаас 14.0 мянга гаруй буюу 54,2% нь хонин сүрэг байдаг аж. Хонин сүрэг нь Монгол угсааны бусад үүлдэр, омгийн хоньтой нэг гарал үүсэлтэй бөгөөд түүний ашиг шим, биологи, аж ахуйн өвөрмөц шинж чанар бүрэлдэн тогтоход Барга, Үзэмчин үүлдэр тодорхой нөлөө үзүүлсэн гэдгийг дурьдах нь зүйтэй. Уг хонь нь бэлчээрийн маллагаанд зохицсон чийрэг бие цогцостой булчин сайн хөгжсөн махлаг лагс чамбай, уртавтар биетэй, өргөн гүн цээжтэй, нуруу, ууц өргөн, урт, тэгш, шулуун, хөл мөч богиновтор боловч чийрэг, туруу нь бат бөх. Зүс цагаан, толгой түрүү нь гол төлөв улаан, шар нүдэн, том дугариг өөхөн сүүлтэй.
Хонин сүрэгт явуулж буй үржил, селекцийн ажлын үр дүнд төлгөн хуцны 50 хувь, охин төлөгний 55.5 хувь нь цөм сүргийн шаардлага хангаж, тэдгээрийн биеийн жин дээрх дарааллаар, 66.7 кг, 55.5 кг байгаа нь сүргийн дундажаас 6.4 кг, 1.9 кг илүү болсон аж. Нийт хонин сүргийн дундажаас илүү гарсан энэхүү ЦӨМ СҮРЭГ-ийн биеийн жингийн зөрүүг мэргэжлийн хэллэгээр ШИЛЭЛТИЙН ЯЛГАВАР гэдэг байна. Жин сайтай, сайн чанарын хуц ашигласнаар селекцийн нэг мөчлөг өнгөрөхөд (ойролцоогоор 4 жил) төлөгний жинг одоогийнхоос даруй 5хувь буюу 2.2 кг-аар нэмэгдүүлэх бодит боломж бүрдэх ажээ.
Сайн чанарын хуц ашигласнаар хамгийн багаар төсөөлөхөд төлөгний жинг жилд 1хувь буюу 0.5 кг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашиг 3.2 тн (биеийн жингээр) =(6400 тол. x 0,5 кг/хонь) болох юм байна. Өөрөөр хэлбэл, цөм сүргийн хонинд бий болсон жингийн ахиц олон хонинд түргэн зуур түгэн шингэсэн бөгөөд бодит үр дүн, малчдын хүртэх өгөөж хэмээн хөтөлбөр хэрэгжүүлэгч талууд дүгнэж байна. Хөтөлбөрийг Швейцарийн хөгжлийн агентлагын “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна.
Малчид цөөн тооны чанартай малаас хүссэн ашиг орлогоо олох нөхцөл бүрдсэн /МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг/
-Монгол малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажилласаны давуу тал?
Өнөөгийн өөрчлөгдөн байгаа байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн орчинд дасан зохицож, амьдрах чадвартай байхын тулд орчин үеийн дэмшилтэт арга ажиллагаанаас өдөр тутам суралцаж, мал маллагаандаа нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Тиймээс манай байгууллагаас санаачлан тус суманд суманд малын чанар сайжруулах хөтөлбөрийг Бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад орсон малчдын хүрээнд хэрэгжүүлж байна.
Малчид хөдөлмөрөө хоршиж ажилласны дүнд тэсвэр хатуужилтай, эрүүл чанартай жин өндөртэй хонин сүрэгтэй болж байна, Тухайлбал малчид хэд хэдээрээ нийлж удам угсаа, ашиг шим сайтай эм хонио сүргээсээ ялгаж тусад нь сүрэглээд сайн тэжээллэг, арчилгаа маллагааны онцгой нөхцөлд, хээлтүүлгийн өвөрмөц арга технологыг ашиглаад хамтын зохион байгуулалтын үр дүнд нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлж байгаа юм.
-Малын чанар сайжирах нь бэлчээрт ямар нөлөөтэй вэ?
Мал сүрэг нь бэлчээрээс өвс тэжээлээ авч, тарга хүч хуримтлуулан, малчдын амьжиргааны гол эх үүсвэрийг залгуулж байдаг. Гэтэл бэлчээрийн 65-с илүү хувь доройтож, амьдралын эх үүсвэр нь баталгаагүй болсон энэ цаг үед малчид амьжиргаагаа тогтвортой залгуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдэгт бид анхаарал хандуулсан. Хөтөлбөрийн үр дүнд малчид цөөн тооны чанартай малаас хүссэн ашиг орлогоо олох нөхцөл бүрдсэн.
Бэлчээрийн даацад тохирсон МАА-н үйлдвэрлэл эрхлэх боломжууд нэмэгдэнэ
/МБАНХ-ны Зөвлөх Б.Мэнджаргал/
-Монгол малын чанарыг сайжруулах ажлыг өмнө нь яаж хийдэг байсан бэ?
Бэлчээрийн мал сүрэг нь манай орны үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг бөгөөд хүн амын хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс юм. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг.
Малын чанарыг сайжруулах, хамгаалахтай холбогдсон төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн орон нутагт зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, мал сүргийн удам гарваль, ашиг шим, эрүүл мэндийг хөтлөх, мэдээлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагын удирдлагын хүрээнд улс, аймаг, сумын түвшинд мэргэжлийн байгууллагууд хариуцан хэрэгжүүлэх зохицуулалттай байдаг. Гэвч манай улсын нийгмийн тогтолцоо зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, мал сүргийг малчдад хувьчилсан үеэс хойш малын чанар, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ шаардлагын түвшинд буюу мэргэжлийн байгууллагын хүрээнд хийгдэхгүй байгаа юм.
Энэ байдалд төр, засгаас дүгнэлт хийж УИХ-аас 2017 онд Малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Уг хуулийн 11.1.Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, малд үзлэг, ангилалт хийх, удам гарваль, ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох, үр төлийн шинж чанарыг үнэлэх, удам зүйн үнэлгээ хийх, үржил селекцийн ажлын үр дүнг хянан баталгаажуулах, үржүүлгийн хөтөлбөр боловсруулах, сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох, цөм сүрэг бүрдүүлэх, малд зохиомол хээлтүүлэг хийх, гойд ашиг шимт мал шалгаруулах, үржлийн малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийн чиглэлээр малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд хамааруулна гэж заасан байна. Иймд хуулийн хүрээнд аймаг, сумдад малын үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэгжийг байгуулан малын удмын санг хамгаалах, чанарыг сайжруулах, үржлийн ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.
-Энэ удаагийн хийж байгаа ажлын онцлог, давуу тал нь юу бэ ?
Дээрх хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус сумын Хүрээт багийн бэлчээр ашиглагч малчдын хэсэг /БАХ/-ийн малчдын санал хүсэлт, оролцоотойгоор хонин сүргийн хээлтүүлэгчийн цөм сүргийг бий болгох дэд төслийг хэрэгжүүлсэн. Энэ дэд төслийн онцлог гэвэл БАХ-ийн гишүүн малчдад тулгуурлан тухайн орон нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицсон хонин сүргийн биеийн жин, тэсвэрт чанарыг харьцуулан сонгон шалгаруулах, энэ шалгаруулалтыг үндэслэн “Барга” үүлдрийн хонины хээлтүүлэгчийн цөм сүргийг бүрдүүлэх, бүрдүүлсэн цөм сүргийн хээлтүүлэгчийг ашиглан малчдын малын чанарыг сайжруулах, ингэснээр малчин өрхийн орлого нэмэгдэж бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх боломжууд нэмэгдэх давуу талтай юм.
Эцэг малыг үржилд ашиглах нь сүргийн сайжралтад хурдасгуур болдог
/ МУ-ын зөвлөх малзүйч, МБАНХ-ны Зөвлөх Б.Мандах/
-Малын чанар сайжруулах, цөм сүрэг бий болгоход тулгарсан бэрхшээл?
Хөтөлбөр хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, мэргэжил аргазүйн зөвлөгөөг үр дүнд хүргэхэд хамгийн гол нь малынхаа чанарыг сайжруулах гэсэн чин хүсэлтэй малчдын хамтарсан баг бүрдсэн, мөн санхүүгийн гачигдал үүсээгүй тул ямар нэгэн бэрхшээл гарч байгаагүй гэж болно.
-Бусад аймаг сумдад цөм сүрэг бий болгоход анхаарах зүйл, зөвлөмж?
Малын чанар сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийг дангаар буюу сонирхсон компани, хоршоо, малчдын бүлэг, бэлчээр ашиглагчдын холбоо зэрэг аж ахуйн нэгжийн дэргэд байгуулах хэрэгтэй. Мөн тухайн сум, багийн мал аж ахуйн өнөөгийн байдал, ашиг шимийн түвшингийн төлөв байдлыг тодорхойлох, үржлийн цөм сүрэг бий болгох зорилгоор сайн чанарын малтай, малч ажиллагаатай өрхүүдийг сонгох нь чухал юм. Тиймээс малчидтай тогтмол уулзалт, ярилцлага зохион байгуулж, малын чанар сайжруулах чиглэлд сонирхол, эрмэлзлэлийг төрүүлэн чин сэтгэлээсээ хүссэн малчдын мал сүрэгт үзлэг, ангилалт хийж, малын чанар сайжруулах ажилд гарах зардлыг тооцох юм.
Үүнд, малын ээмэг, бахь, пүү, мал ангилалтын болон өвөлжөөний хашаа гэх мэт зардлаа тооцон санхүүгийн эх үүсвэрээ төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө, орон нутгийн хөрөнгө оруулалтын сан, хандив, тусламж, дотоод, гадаадын төсөл, хөтөлбөр, ТББ, засгийн газрын холбогдох сан гэх мэт олон эх үүсвэрийг дурьдаж болно. Түүнчлэн өөр аймаг, сум, байгууллага, аж ахуйн нэгжээс чанартай мал, үржлийн ажил үйлчилгээ авах талаар судлах боломжтой. Үржлийн аж ахуй, цөм сүргийн үржлийн төвийн болон баталгаажсан үүлдэр, омгийн малын цөм сүргээс гаралтай бүтээмж өндөртэй малыг ялангуяа эцэг малыг үржилд өргөн хүрээтэй ашиглах нь сүргийн сайжралтад хурдасгуур болдог гэдгийг анхаарч ажиллахыг зөвлөж байна.
П.Нарандэлгэр