Засгийн газраас малын тоо толгойн албан татварын хуулийн төсөлд сумын ИТХ-аас татварын хувь хэмжээг тогтоож, бүрдүүлсэн төсвөө зарцуулах асуудлыг шийдвэрлэх зарчмыг баримталсан юм байна. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос малын тоо толгойн татвар тогтоох асуудлаарх малчдын саналыг бодлого боловсруулагчдад хүргэх зорилгоор санал асуулга явуулсан байна. Санал асуулгыг аймаг сумын бэлчээр ашиглагчдын холбоод цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. МАА-н үйлдвэрлэл түлхүү эрхэлдэг 18 аймгийн 100 гаруй сумын малчид санал асуулгад оролцсон байна.
Санал асуулгад 80% эрэгтэй, 20% эмэгтэй байсан бол 34% нь 200 хүртэл, 34% нь 201-500, 20% нь 501-999, 12% нь 1000 ба түүнээс дээш толгой малтай малчид хамрагджээ. Тэдний 85% нь малын тоо толгойн албан татвар тогтоохыг зөв гэж үзсэн бол 47% нь малын төрөл тус бүрт ногдуулах, 49% нь 0-2000, 35% нь 250-2000 төгрөг байх нь зүйтэй гэж үзжээ. Малчдын 46% нь бэлчээрийн эрсдлийн сан байгуулах талаар санал гаргасан бол 49% нь жил бүр малчдаас санал авч бэлчээр, ус, малын чанарыг сайжруулах ажилд зарцуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Санал асуулгад оролцогчдын 56% нь сумын бэлчээрийн менежментийн хамтарсан ажлын хэсэг төвлөрсөн татварыг зарцуулах ажлыг зөв зүйтэй зохион байгуулж чадна гэж үзсэн бол 29% нь сумын бэлчээр ашиглагчдын холбоо, 12% нь сумын Засаг дарга гэж хариулсан байна.