Европын Холбооны Төлөөлөгчийн газрын ажлын бүрэлдэхүүн STeP EcoLab төслийн үйл ажиллагаатай танилцлаа

Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Ажлын бүрэлдэхүүн AVSF Монгол байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг - STeP EcoLab” төслийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор Баянхонгор аймагт ажиллав.

Зочид Баянхонгор аймгийн Засаг дарга Д. Мөнхсайхан, аймгийн Хөдөө, аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлага, мэргэжилтэн нар болон Хөдөө, аж ахуйн хоршоологчдын холбооны төлөөлөлтэй уулзаж, төслийн үр дүн, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, гангийн нөхцөл байдал, боломжит дэмжлэг, туслалцааны талаар ярилцав. 

STeP EcoLab төсөл AVSF Монгол байгууллагын “Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн цогц систем бий болгох нь” төсөлтэй хамтран Баянхонгор аймгийн малчдын хоршоодыг түүхий эд бэлтгэлийн сайн туршлагуудад сургаж, малчдын бэлтгэсэн гэрчилгээжсэн, тогтвортой ноолуурыг гадаад, дотоодын зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлдэг юм. Ингэснээр малчнаас хэрэглэгч хүртэлх нийлүүлэлтийн үе шат бүрт тогтвортой байдал буюу байгальд ээлтэй, нийгэмдээ хүртээмжтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай үйлдвэрлэлийн аргыг нэвтрүүлэхийг эрмэлзэнэ. 

Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Улс төрийн атташе хатагтай Эдина Барталова Засаг даргатай уулзах үеэрээ: “Европын холбооны төлөөлөгчийн газар Монгол улсад засаглал, хүний эрх, хөдөлмөр эрхлэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг үндсэн дөрвөн чиглэлд төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг. STeP EcoLab төслийн зорилго, үр дүнгүүд нь эдгээр үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг юм. Үүнд дэмжлэг үзүүлж, цаашид хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж буй та бүхэнд талархлаа илэрхийлж байна” хэмээн онцоллоо.

Харин Бөмбөгөр сумын “Өгөөж баян Өлзийт гол” хоршооны дарга Г. Энхтайван: “Манай хоршооны гишүүд Степ төслийн хүрээнд зохион байгуулсан тогтвортой ноолуур бэлтгэлийн сургалтуудад хамрагдсан. Ноолуураа түүхий эд бэлтгэлийн ангиллын системийн дагуу бэлтгэж, тогтвортой ноолуурт тавигддаг 25 шалгуурыг хангасан байдаг тул бид Гэрчилгээжсэн ноолуур бэлтгэдэг. Цаашид хоршооны дүрэм, тодорхой шалгууруудыг хангаж чадах малчдыг шинээр элсүүлж, Баянхонгор аймгийн тогтвортой ноолуур бэлтгэлийг нэмэгдүүлэх зорилготой байна” хэмээн хэлж байлаа.

****

STeP EcoLab төслийн Төлөөлөн удирдах хорооны ээлжит хурал боллоо

STeP EcoLab төслийн үр дүнг хангахад гишүүд хэрхэн хамтарч ажиллах талаар санал нэгдэх зорилготой Төлөөлөн удирдах хорооны ээлжит хурлын үеэр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд болон томоохон судалгааны үр дүнгүүдийг тоймлон танилцууллаа. 

AVSF Монгол байгууллагын Суурин төлөөлөгч Гийом Туати хурлыг нээж хэлсэн үгэндээ: “Бид төслийн үйл ажиллагааг үүссэн нөхцөл байдалд тохируулан тасалдуулалгүй хэрэгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Цаашид маш олон ажлууд төлөвлөгдөж байгаа тул тал бүрийн идэвхи, оролцоо чухал юм”, хэмээн онцолсон.
Хуралдаанд ирсэн зочид тогтвортой үйлдвэрлэлийн мөн чанарыг таниулахад ихээхэн ач холбогдолтой төсөл болохыг тэмдэглээд шат дараалсан сургалтуудыг тогтмол зохион байгуулж, сайн суурь бүрдүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо. Төлөөлөн удирдах хорооны хуралдаанд БОАЖЯ, ХХААХҮЯ-ны холбогдох газрын мэргэжилтнүүд, Европын холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөл болон Монголын ноос, ноолуурын холбоо, ТОС холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын холбоо, ШУТИС болон хувийн хэвшлийн удирдлага, ажилтнууд хүрэлцэн иржээ.

****

Тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх Сайн дурын үйл ажиллагааны дүрэм боловсруулж байна

Тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх нэг арга ньSTeP EcoLab төслөөс санал болгон нэвтрүүлж буй VCP буюу Сайн дурын үйл ажиллагааны дүрэм СДД юм. СДД-ийг Монголын текстилийн салбарын зөвлөх инженер, эрдэмтэн судлаачдын Ажлыг хэсэг боловсруулж байгаа бөгөөд ойрын хугацаанд баримт бичгийн төслийг үйлдвэрүүдэд танилцуулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. СДД-ийг тодорхой шалгуур, шаардлагыг хангасан үйлдвэрүүд дээр туршиж, загвар бий болгож, улмаар төрийн бодлого, зохицуулалттай уялдуулж, дотоодын үйлдвэрлэгч нар хэрэгжүүлдэг, үүний дагуу урамшуулал авдаг болох, хэрэглэгчид эх үүсвэр нь тодорхой тогтвортой бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэдэг болох зорилго тавин ажиллаж байна.

СДД нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгсэл бөгөөд тухайн байгууллага байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үйлдвэрлэлийн стандартуудыг хэрэгжүүлэхийн баталгаа болох баримт бичиг юм.
СДД-ийг тухайн байгууллага үйлдвэрийнхээ эмзэг цэгүүдээ тодорхойлсны үндсэн дээр боловсруулах тул зорилгынхоо хүрээнд дагаж мөрдөх үүрэг хариуцлагаа сайн дураараа зохицуулж, хэрэгжүүлэх хөшүүрэг болно.
СДД-ийг хэрэгжүүлэх нь хөндлөнгийн гэрчилгээжүүлэлт авсантай дүйцэх тул тогтвортой байдлыг анхан шатнаас нь хэрэгжүүлэх эрмэлзэл бүхий байгууллага, үйлдвэрүүдэд нэн тохиромжтой.  

СДД-ийг хэрэгжүүлэх давуу талууд:
Үйлдвэрийн үйл ажиллагаа үр ашигтай болно
Байгууллагын нэр хүнд нэмэгдэж, зах зээлд эзлэх хувь өснө
Байгууллага нь тогтвортой байдлын манлайллын үлгэр дурайлал болно
Шинэ технологи, шилдэг туршлагыг нэвтрүүлнэ

****

Тогтвортой ноос, ноолуур үйлдвэрлэлийн Сургагч багш нар бэлтгэгдлээ

STeP EcoLab төсөл Монголын Ноос Ноолуурын Холбоотой хамтран Тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийн 10 сургагч багш бэлтгэлээ. Сургагч багш нар Монголын Ноос Ноолуурын Холбооны зөвлөх инженер, эрдэмтэд бөгөөд тогтвортой үйлдвэрлэлийн байгаль орчин, нийгмийн стандарт шаардлагууд болон менежмент, ил тод нийлүүлэлтийн сүлжээний зарчмуудыг үйлдвэрүүдэд хэрхэн нэвтрүүлэх, тогтвортой үйлдвэрлэлийн анхан шатны шаардлагуудыг технологийн шугам, дамжлагад хэрхэн хэрэгжүүлэх зэрэг сэдвийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд заах юм.  

Тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлж эхлэх хамгийн эхний ажил бол үйлдвэрлэлийн шат бүрийн зардлыг бүртгэлжүүлж, эмзэг цэгүүдийн үнэлгээг хийх юм. Ингэснээр үйлдвэрлэгч шугам, дамжлагын аль хэсэгт нь зардлаа хэмнэх шаардлагатай байгааг мэдэж, сайжруулалтыг үр ашигтай төлөвлөж улмаар бүтээгдэхүүний үзүүлэлт сайжирна. Тогтвортой байдал нь бизнесийн амжилтын үндэс мөн гэдгийг PwC судалгааны байгууллагаас 68 орны 1344 захирлуудын дунд хийсэн судалгааны үр дүн баталсан. Эдгээр захирлуудын 80 орчим нь үйлдвэрийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөг хэмжиж дадах нь маш чухал гэдэгтэй санал нэгдэж, тогтвортой үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхэд гаргасан зардал их байж болох ч эргээд тухайн үйлдвэр, компанид урамшуулал, давуу эрх, илүү их боломжууд дагуулах магадлал өндөр юм гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна.  
Үүнээс гадна өргөн хэрэглээний бүтээгдэхүүн форумын үеэр хийсэн судалгаагаар дэлхийн хэрэглэгчдийн 30 хувь нь брендийн нэрт татагдсан хэвээрээ хэдий ч 70 хувь нь тухайн бараа бүтээгдэхүүн нь тогтвортой байдлыг хэр хангасан байдгийг лавлаж, энэ талаар мэдээлэлтэй байхыг хүсэж байна гэжээ. Харин Boston consulting group-ын судалгаагаар хэрэглэгчдийн 75 хувь нь тогтвортой байдлыг маш чухал гэж үзсэн бөгөөд 2018 онтой харьцуулбал тогтвортой байдлын тухай сошиал мэдээнүүд гурав дахин нэмэгдсэн, хэрэглэгчдийн 35 хувь нь тогтвортой байдлын тухай мэдээ, мэдээллийг интернэт орчноос хайж олж авдаг, 31 хувь нь сошиал “шейр”-ээс, 29 нь хэвлэмэл материалаас авч байна. Бүр цаашилбал хэрэглэгчдийн гурваны нэгээс дээш хувь нь дуртай брендээсээ татгалзаж, илүү байгаль орчин, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг болсон брендийн нэр сонгосноос харвал хэрэглэгчид ухамсарт худалдан авалтыг илүүд үздэг болжээ.
Текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийг дэмжсэн олон байгууллагууд байдгийн нэг нь 2014 онд Герман улсад байгуулагдсан Тогтвортой нэхмэлийн түншлэл бөгөөд өдгөө 130 гаруй гишүүдийг нэгтгэж, нэхмэлийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжлийн зарчмуудад нийцүүлэн хөгжүүлэхэд гишүүдийнхээ дуу хоолойг хүргэж, гүүр нь болж, дэмжин ажилладаг. Өөр нэг байгууллага нь Тогтвортой хувцас эвсэл бөгөөд энэ эсвэл нь нийлүүлэлтийн сүлжээн дэх байгаль орчин, нийгмийн тогтвортой байдлыг үнэлдэг HIGG индексийг мөрдлөг болгох ажлыг анхлан санаачилж 2012 оноос хойш хэрэгжүүлж байна.
Global fashion agenda бол загварын салбар дах хамтын ажиллагааг тэргүүлэх форум. Загварын салбарын тэргүүлэх чиглэл нь тогтвортой байдал байх ёстой хэмээх уриатай уг байгууллага загварын магнатуудтай хамтран тогтвортой ирээдүйн төлөө зүтгэж буй компаниудыг тэргүүлж, манлайлдаг. Global fashion agenda загварын ертөнц дах тогтвортой байдлын нөхцөл, хөгжлийн чиг хандлагыг жил бүр үнэлж, компаниудад зөвлөмж, зөвлөгөө өгдөг бөгөөд 2019 оны үнэлгээний тайландаа байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбарын асуудлуудыг "толгойн өвчин" биш харин үнэ цэнийг бий болгох хөшүүрэг хэмээн харах нь зүйтэй гэдэг шинэ өнцгийг санал болгосон байна.

****

Хэрэглэгчдийн ойлголт, мэдлэгийг тодорхойлох судалгааг танилцууллаа

Тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн талаарх хэрэглэгчдийн ойлголт, худалдан авах чадварыг тодорхойлох судалгааны үр дүнг танилцуулах уулзалт боллоо. Уулзалтад тогтвортой үйлдвэрлэлийн зарчим, шаардлагуудыг хэрэгжүүлэх сонирхолтой, тогтвортой үйлдвэрлэлийн анхан шатны сайн туршлагаас хэрэгжүүлж эхэлж буй үйлдвэр, компанийн захирал, маркетингийн ажилтан, хэрэглэгчдийн төлөөлөл болон Хөдөө аж ахуйн биржийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн юм.
Үр дүнгээс нь тоймлон хүргэвэл, судалгааг нийт 500 хэрэглэгчийн дунд хийж, зорилтот бүлгийн хувьд ноос, ноолууран бүтээгдэхүүнийг жилд нэгээс дээш удаа худалдан авдаг, өрхийн сарын дундаж орлого нь 1,5 сая төгрөгөөс дээш Улаанбаатар хотын оршин суугчид байв. Юуны түрүүнд хэрэглэгчдийн байгаль орчны асуудалд хэрхэн ханддаг талаар тандан асуухад судалгаанд оролцогчдын 85% нь байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулдаг, өдөр тутмын хэрэглээгээ аль болох ул мөргүй байлгахыг хичээдэг, мөн бэлчээрийн доройтол, цөлжилтийн асуудал байгаль орчны хамгийн тулгамдсан асуудал гэжээ.

Харин тогтвортой бүтээгдэхүүний талаарх ойлголт, мэдлэг тухайн хэрэглэгчийн боловсролын төвшнөөс шалтгаалж ялгаатай байлаа. Оролцогчдын 17% нь тогтвортой бүтээгдэхүүний талаар сонсож байсан, “Байгаль орчинд ээлтэй, хүний сайн сайхан байдлыг харгалзсан, эдийн засгийн хэмнэлттэй аргаар хийсэн бүтээгдэхүүнийг тогтвортой гэж нэрлэнэ” гэсэн байв. Харин ихэнхи оролцогчид “тогтвортой” гэх орчуулгыг хэл шинжлэлийн үүднээс дахин хянаж, монголчуудын сэтгэлгээнд тохирсон үгээр нэрлэхгүй бол иргэдийн дунд зөрүүтэй ойлголт төрүүлж байна гэжээ.

Дотоодын үйлдвэрүүдийн тогтвортой үйлдвэрлэлийн талаар асуухад хэрэглэгчид ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтвортой явагддаг гэдэгт эргэлздэг, эсвэл энэ талаар бодож үзэж байгаагүй, судлах хэрэгтэй хэмээв. Харин тогтвортой бүтээгдэхүүний талаар тайлбарлаж ойлгуулсны дараагаар нийт хэрэглэгчдийн 93% нь байгальд ээлтэй, нийгэмд хүртээмжтэй, эдийн засгийн үр ашигтай аргаар бэлтгэсэн түүхий эдээр үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүн худалдаж авах сонирхолтой байна. Тогтвортой үйлдвэрлэлийн олон шалгуураас химийн бодисын ашиглалтын стандартуудыг хангасан эсэхийг юуны түрүүнд чухалчилж үзнэ хэмээн судалгаанд оролцогчдын 35% нь онцолсон. Үүнээс гадна байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчдын нийгмийн асуудлыг харгалзан үзсэн, эдийн засгийн үр ашигтай тухай мэдээлэл бүхий шошготой, бүх шаардлагууд нь холбогдох стандарт, дүрэм журмын дагуу баталгаажсан байх тохиолдолд 55% хүртэлх нэмүү өртөг төлөхөд бэлэн байна хэмээн оролцогчдын 18% нь хариулжээ. Түүнчлэн худалдан авалт хийхэд худалдааны ажилтны мэдлэг, мэдээлэлтэй байдал чухал байдгийг хэрэглэгчид онцолж, худалдааны ажилтныг сургаж, тогтвортой бүтээгдэхүүний ач холбогдлыг сайтар ойлгуулж, худалдаж авах сонирхол төрүүлж чадахуйц мэргэжилтэн бэлтгэх нь зүйтэй гэв. Судалгааг STeP EcoLab төслийн захиалгаар VMLY&R Mongolia компани хийж гүйцэтгэсэн юм.