Ноос, ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийн сургагч багш нар бэлтгэгдлээ

Монголын Ноос, ноолуурын холбооноос бэлтгэсэн сургагч багш нар батламжаа гардан авлаа. Тодруулбал, өнөөдөр /2020.08.27/ дэлхий нийтэд үйлдвэрлэлийн түүхий эдийн эх үүсвэр болон үйлдвэрлэл нь байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагаа хүлээсэн, тогтвортой хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрэлт нэмэгдэх болсон. Ийм үед тогтвортой үйлдвэрлэлд шилжих нь зайлшгүй болж байна. 

Энэ дагуу ноос, ноолуурын салбарт үйлдвэрлэлийн сургагч багш нар тогтвортой үйлдвэрлэлийн бүх шатны стандарт, менежментийн зарчим, байгаль орчин, нийгмийн шалгуурууд, тогтвортой үйлдвэрлэлийн техник, технологийн шаардлагад суралцан бэлтгэгдэн гарлаа. Сургагч багш нар нь Монголын ноос ноолуурын холбооны зөвлөх инженер, эрдэмтэд байгаа нь тус холбоо үнэтэй боловсон хүчинтэй болж байна. 

Сургагч багш нар үйлдвэрлэгчдэд тогтвортой үйлдвэрлэлийн ач холбогдол, холбогдох стандарт шаардлагуудын талаар онолын мэдлэг олгож, хэрэгжүүлж, бодит арга, шийдлийг зааж, сургах юм. Цаашид тус багш нар тогтвортой үйлдвэрлэлийн техник, технологийн шаардлагуудын сэдвээр ноос, ноолуурын салбарын үйлдвэрүүдэд сургалт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр Монголын тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг бий болгон хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулах юм.

Сургагч багш нарын сургалтыг Европын холбооны санхүүжилтээр AVSF Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй “Хөнгөн үйлдвэрлэл (текстилийн)-ийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг "STeP EcoLab” төслийн хүрээнд Монголын ноос ноолуурын холбоо, Германд төвтэй Тогтвортой Үйлдвэрлэл хэрэглээний Хамтын ажиллагааны төвийн мэргэжилтнүүд хамтран зохион байгуулав. 

"STeP EcoLab" төсөл нь ноос, ноолуурын байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг боловсруулах үйлдвэрүүдийн түвшинд бий болгохыг зорьж байна. Ингэхдээ үндэсний дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг нэвтрүүлж дадах "Сайн дурын үйл ажиллагааны дүрэм"-ийг хэрэгжүүлж, ногоон зээлийн шалгууруудыг хангахад арга зүйгээр дэмждэг юм.