Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ /2020.07.09/ байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Зөвлөх Н.Баасанхүү, А.Өнөрзул болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газраас МЭЕГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтансүх, Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх нар оролцлоо.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааны гэрээг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг нар үзэглэв. Хамтран ажиллах гэрээ байгуулснаар бэлчээрийн менежментийг сайжруулах, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих системийг мал эмнэлгийн гэрчилгээгээр дамжуулан нэвтрүүлэх, улмаар мал эмнэлгийн байгууллага хянан баталгаажуулсан түүхий эдийг хэрэглэгчдэд хүргэх нөхцлийг бүрдүүлэх зэрэг зорилготой юм.