Цөл, цөлжилт гэхээр алсын Африк, Сахарын цөлийг дүрсэлж ойлгодог. Гэтэл бидний эргэн тойронд, бидний нүдний өмнө бий болж буй цөлжилтийг анзаарав уу та? Малын бэлчээр доройтож цөлжилтийн аюул нүүрлэж байгаагийн нэг тод жишээ бол Улаанбаатараас тун холгүй баруун тийш чиглэсэн авто замын дагуу үргэлжлэх Төв аймгийн нутаг дэвсгэр дэх энэ өргөн хөндий мөн. Яагаад ингэж доройтож цөлжих болов?
Байгаль, цаг уурын өөрчлөлтийн зэрэгцээ малын тооны хяналтгүй өсөлтөөс үүдэлтэй бэлчээрийн талхлагдлаас газрын доройтол, цөлжилт улам бүр эрчимжиж буйг малчдын өөрсдийн ажиглалт мөн эрдэмтдийн судалгаа нотолсоор байна. Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд зарим сумдын нутагт отрын мал ихээр ирж өвөлжиж хаваржих болсноор туурайн зуд нүүрлэж цөлжилтийг улам эрчимжүүлэх гол хүчин зүйл болж байна. Өнгөрсөн өвөл гэхэд Төв аймгийн нутагт Өвөрхангай, Дундговь аймгуудаас ирж өвөлжсөн айлууд өнөөдрийг хүртэл буцаагүй байна.