“Эс Эф Си Эс” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь Эс Эф Си Эс ХХК-тай  хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг болон Эс Эф Си Эс ХХК-ний Гүйцэтгэх захирал Л.Тунгалаг нар үзэглэв.

“Манай байгууллагаас “Хариуцлагатай нүүдэлчид” системийн хүрээнд 6 стандарт гаргасан. Үүнийгээ байгууллагын стандарт болгон хөгжүүлэх хүсэлтэй байна. Мөн RMTS системийг  стандарт болгон хөгжүүлэх зорилготой. Тиймээс эхний ээлжинд танай байгууллагатай санамж бичиг байгуулж, шаардлагатай сургалтуудыг авч хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн МБАНХ-ын Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг онцоллоо.

“Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд схем боловсруулж, төлөвлөгөө гарган хамтран хэрэгжүүлэх ажлуудыг цаг хугацаа алдахгүй хийх хэрэгтэй” гэдгийг Эс Эф Си Эс ХХК-ний Гүйцэтгэх захирал Л.Тунгалаг онцоллоо.

Дашрамд дуулагахад, Эс Эф Си Эс ХХК нь 2014 онд байгуулагдсан бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэхэд нь зориулан сургалт, аудит, баталгаажуулалтын мэргэшсэн, хөндлөнгийн үйлчилгээг олон улсын жишгийн дагуу хийдэг аж. Тус компани нь ISO 9001-Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага, ISO 14001-Байгаль орчны менежментийн тогтолцоо-Шаардлага ба ашиглах заавар, OHSAS 18001 –Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-Шаардлага, ISO 22000- Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 50001- Эрчим хүчний менежментийн тогтолцоо зэрэг олон улсын менежментийн тогтолцооны стандартуудын сургалт, аудит, баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлдэг ажээ.