“Cтратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай” Улсын их хурлын тогтоол 2008 онд батлагдсан бөгөөд тус тогтоолоор ноолуурыг Монгол Улсын стратегийн нөөц бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан билээ.
Мөн COVID-19 халдвар дэгдэж улс хоорондын шилжилт хөдөлгөөнд урт хугацааны хязгаарлалт хийгдсэний улмаас экспортод саад бэрхшээл үүссэн тул Засгийн газар түүхий ноолуурын зах зээлийн доод үнийг тогтоох бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү бодлого шийдвэрийг зөв, буруу гэх асуудал өргөн хүрээг хамарсан маргаантай сэдэв болоод буй. Энэ талаар малчид, хоршоодын төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүдийн саналыг асууж, ярилцсанаа хүргэж байна.
ЭНЭ ЖИЛ МАЛЧИД МААНЬ НООЛУУРААС ТӨЛЖИНӨ ГЭСЭН ЧИНЬ ТООЦОО АЛДСАН
Төв аймгийн Өндөр ширээт сумын малчин Ц.Оюун
- COVID-19 өвчнөөс шалтгаалсан хүндрэл бэрхшээлүүд малчдын амьдралд хэр тусаж, мэдрэгдэж байгаа талаар та санал бодлоо хуваалцахгүй юу? Ноолуураас авахуулаад хүндрэл нэлээдгүй л тулгарч байгаа байх тийм үү?
Даян дэлхийд нүүрлэсэн энэ өвчнөөс болж ноолуурын зах зээлийн эргэлтэд онцгой саад бэрхшээл үүссэн. Ноднин жил малчид маань 130 мянгад ноолуураа өгсөн болохоор энэ жил амьхандаа ноолуур 100 мянгаас буухгүй байх гээд гэрийнхээ хэрэгцээ шаардлагын улмаас банкнаас зээл авсан. Хөөрхий малчид маань дотроо тооцоо гаргаад л энэ хэмжээний мөнгийг би ирэх жил олно гэж тооцоолсон байсан. Ноолуурын үнэ энэ хавар 70 мянгаар ханш нээгдсэн. Гэтэл 100 мянгад хүрнэ гэсэн мэдээллүүд гарч эхэлсэн.
Мэдээж жилийн турш ажиллаад хавар ноолуураа зарж бэлэн мөнгөтэй золгодог малчдын хувьд хүлээлт өндөр байсан л даа. Тэр үеэр Буянгийн Жаргалсайхан гуайн нэг ийм ярилцлага явсан. “Дэлхий даяар асуудал үүсчихээд байхад 100 мянгаар ноолуур бөөгнүүлнэ гэдэг Ч.Улаан сайдын өөрийнх нь асуудал. 100 мянгаар Монгол Улсын ноолуурыг бүгдийг нь авч чадахгүй. Чи чадах чинээгээрээ ав би үлдсэнийг нь хорин мянгаараа авна” гэж. Үүнээс болж малчид их эмзэглэж, ер нь ноолуур үнэ муутай байх нь гэсэн ойлголтод хүрсэн. Магадгүй ноолуурын үнийг ингэж өндөр дуугараагүй бол үнэ хэд дахин унах магадлал байсан л даа.
Одоогийн байдлаар малчдын 70-аад хувь нь ноолуураа борлуулчихсан. Үлдэгдэл 30 хувь нь ямаанаасаа салгаж аваагүй, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан түр хүлээж байгаа. Бас зарах хэрэгцээ, шаардлага гараагүй малчид ноолуур үнэд орохыг хүлээж байгаа байх.
Хүмүүс бодохдоо мал нь байгаа, дээрээс нь төр нь нэмж мөнгө өгөөд байхад гэж ярьдаг. Бид тэр болгоныг тайлбарлаад жагсаж явах зав байхгүй улс шүү дээ. Үнэндээ малчид бидний амьдралыг ойлгож байгаа хүн маш цөөхөн. Зүгээр нэг буугаад мордоход амьдралын цаад нөхцөл байдлыг яаж ойлгох вэ дээ. Өглөө үүрийн жингээс шөнө дунд хүртэл ажиллаж байж л аж амьдралаа залгуулж яваа хүмүүс. Малаас гарч байгаа түүхий эдээр Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь хооллож байж яагаад малчдаа ойлгодоггүй олон юм яриад байдгийг ойлгодоггүй.
- Ер нь малчид бүтээгдэхүүнээ борлуулахад тулгамддаг асуудал юу байна?
Нэгдүгээрт, бидний хувьд зах зээлийнхээ үнэ ханшаар бүтээгдэхүүнээ борлуулах, бидний /малчдын/ гар дээрээс шууд үйлдвэрт очдог байвал арай дээр байхсан. Тэгэхгүйгээр малчдын гараас дамжиж, нэлээн хэдэн төгрөг нэмэгдсэний дараа эцсийн хэрэглэгчдэд хүрдэг. Иргэд үүнийг харахдаа малчин хотноосоо өндөр үнэтэй мах авч очоод зах дээр борлуулдаг мэтээр ойлгодог. Дунд нь ченж, худалдаачин нэртэй хүмүүс ашиг хөдөлмөрөө шингээж, хэрэглэгчдэд хүргэдгийг ойлгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, энэ бүх гарч буй түүхий эдийн үнэ манай дотоодын үйлдвэрүүдийн бус БНХАУ-ын зах зээл, худалдан авагчдын үнээр тодорхойлогддог. Иймд тэд ноолуурын үнэ цэнийг яаж ч унагааж чадах магадлал их өндөр. Аль алин хөөрхий малчдын орлого буурлаа гэж бодох нь юу л бол.
Гуравдугаарт, төрийн бодлого тодорхой байвал бидэнд бас арай дээр. Жишээ нь ноолуурын зах зээлийн үнэ хэт их унавал, дээр дурдсан шиг 10, 20 мянга болсон бол төр оролцоно гэсэн нэг жишиг тогтоовол бидэнд ойлгоход ч амар байхсан.
Малчдаа гээд авч хэрэгжүүлж буй бодлого нь зөв ч зам нь буруу байсан. Бодлогоо боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй хугацаа алдаж сунжирч байгаа нь бидэнд бухимдал үүсгэж байна.
- Мэдээж хэрэг малчдын жилийн орлогын, ялангуяа бэлэн мөнгөний гол эх үүсвэр нь ноолуур болохоор аргагүй биз. Ингэж бухимдах нь?
- Нийт малын маань бүтэц мөнгө болох хэмжээнд хүрч байна уу гэвэл үгүй. Ямаанаас гадна, хонь, үхэр, адууны түүхий эд үнэ цэнэгүй байна. Малчин хүн чинь малдаа өвч тэжээл авахаас эхлээд бэлчээрийн хомсдол үүссэн ийм үед зардал их гаргадаг. Мөн саравч, хашаа, тарилга, угаалгадаа зарцуулах зэрэгт бид нийт олсон орлогынхоо хэсгийг нь малдаа, хэсгийг нь аж амьдралдаа зарцуулдаг. Жилийн нийт орлогынхоо тавин хувийг ноолуурнаас бүрдүүлдэг учраас энэ асуудал тэр хэмжээний чухал. Энэ жил малчид маань ноолуураас төлжинө гэсэн чинь тооцоо алдчихлаа. Төр явуулж байгаа бодлогоо ядаж гуравдугаар сардаа шийдчихсэн байсан бол малчид 50 хувийн алдсан эрсдэлээ нөхөх гээд мал тарган байх үед сувай малаа зарж өрөө төлөх байлаа.
Манай малчдын хувьд ч гэсэн өөрсдийгөө үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг хүн гэдгийг ойлгож, санхүүгээ тооцож, эрсдлээс хамгаалах хэрэгтэй байдаг.
Манай сумын хэмжээнд нийт 400 гаруй малчин өрх, 200 гаруй мянган толгой малтай. Гэтэл дээр нь 150 гаруй малчин өрхийн 110 гаруй мянган толгой мал өвөлжиж бэлчээрийн асуудал бүр муудсан. Өвс муутай бөгөөд бэлчээрт байгаа ганц юм нь адууны хомоол л байна. Тэгэхээр дэлхийн уур амьсгал, бидний буруугаас үүдэлтэй бэлчээрийн хомсдол ч мөн эрсдэл дагуулж байгаа.
"ТҮҮХИЙ НООЛУУРЫГ ӨӨРСДӨӨ УГААГААД, САМНААД, ЭЭРСЭН УТАС ХИЙГЭЭД ГАРГАХ БОЛОМЖ БИДЭНД БИЙ"
Ногоон Алт, Малын эрүүл мэнд Төслийн зохицуулагч Ц. Энх-Амгалан
- Энэ үүссэн онцгой нөхцөл байдалд дэлхийн бусад орнууд ямар арга хэмжээ авч байна вэ?
- Гэнэт үүссэн энэ шинэ нөхцөл байдалд дэлхийн бүхий л улс орнуудын иргэдийнхээ орлого, ажлыг байрыг нь хамгаалах бодлого хэрэгжүүлж байна. Ноолуур бол Монгол Улсын стратегийн нөөцийн бүтээгдэхүүн. Энэ утгаараа Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогыг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй болов уу. Ялангуяа, малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэлийн гинжин хэлхээг анхаарч үзэх ёстой.
Дурын ямар ч бүтээгдэхүүнийг авч үзсэн маш олон дамжлагыг дамжиж байж хэрэглэгчийн сагсанд ордог. Энэ гинжин хэлхээний анхдаг бүрэлдэхүүн хэсэг нь малчид юм. Үйлдвэрүүд нэг удаа маш хямдхан түүхий эд авч болно. Цаашид тогтвортой нийлүүлэлт байхгүй болвол яах вэ гэдэг асуудал байна. Малчдын хотонд явагдаж байгаа анхдагч үйлдвэрлэл зогсох, доголдолд орох эрсдэлтэй тулгарвал тухайн хэлхээний бүхий л бүрэлдэхүүн хэсгүүд хямралд орж, зогсоно.
Тиймээс Засгийн газрын энэ шийдвэр малчдад чиглэж байгаа мэт боловч урт хугацаандаа бүхий л үйлдвэрлэгчдийн бизнес тогтвортой байх нөхцлийг хангахад чиглэгдэгдэж байна гэж бодож байна.
Манай улс нийт 9,000 тонн ноолуур жилд үйлдвэрлэдэг. Үүний 2,000 тонныг үндэсний үйлдвэрүүд худалдан авч нэмүү өртөг шингээсэн бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үлдсэн 7,000 тонныг үндсэндээ түүхийгээр нь Хятадын зах зээлд гаргадаг.
Энэ жил хил хаасан учраас үлдсэн түүхий эдийн үнэ цэнэ унах магадлал өндөр байсан учраас Засгийн газар малчдын орлогыг хамгаалах бодлого яах аргагүй авах хэрэгтэй болсон байх.
Бусад улс орнуудын засгийн газар ч мөн адил үүссэн энэ онцгой нөхцөл байдалд стратегийн ач холбогдолтой түүхий эд бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг хэт их унахаас сэргийлэх бодлого хэрэгжүүлж байна.
Жишээ нь Австрали улс стратегийн чухал ач холбогдолтой фермерүүдийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг хонины ноосны үнийг бууруулахгүй байх үүднээс үнийн доод хязгаарыг нь барих бодлого баримталж байна. Яг чин үнэнийг энгийн үеүдэд ч гэсэн хонины ноосны салбарт төрөөс шууд болон шууд бус хэлбэрээ маш их дотациар дэмжиж байж дэлхийн зах зээл дээр үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болгож чадсан.
Дани улс гэхэд зах зээл нь хумигдсан аялал жуулчлал үүнийг дагаж орлого нь буурсан аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн буурсан орлогыг нөхөх зорилгоор 10 гаруй тэрбум долларын санхүүжилт гаргаж байна. Герман улс өрхийн аж ахуй болон жижиг дунд үйлдвэрийн алдагдсан орлогын нөхөхөд 50 тэрбум доллар зарцуулах шийдвэр гаргаад хэрэгжүүлж байна. Үүний 18 тэрбум шууд нөхөн олговор хэлбэрээр очиж байна.
Саяны авсан мэдээллээр ноолуур бараг зарагдаад дуусч байна. Малчдаас авсан мэдээллээр 70 хувь нь борлогдоод дуусч байна. Бас л ихэнх сайн ноолууруудыг ченжүүд аваад дуусч байна. Хэрвээ үйлдвэрүүд чанартай түүхий эдээ арай жаахан өндөр үнээр авбал үйлдвэрлэлийн зардлаа бууруулах сайн чанарын түүхий эдээр сайн чанарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж маркетингийн хүчтэй бодлого явуулж ноолууран бүтээгдэхүүнээ үнэ цэнэ хүргэх боломж бүрэн байгаа л даа. Алсдаа энэ боломжийг малчдын хоршоод манлайлан хэрэгжүүлж чадна хэмээн итгэн найдаж байна.
-Танай төслөөс санаачлан малын гаралтай түүхий эдийн гарал үүсэл, чанарыг баталгаажуулах цахим мөшгөх тогтолцоо хөгжүүлсэн гэж сонссон. Мах, сүүний хэд хэдэн үйлдвэрүүд ашиглаад эхэлсэн гэсэн. Энэ тухай та бидэнд ярьж өгөөч?
- Сүүлийн 10 гаруй жилийн турш малын гаралтай түүхий эдийн тогтолцоог хөгжүүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энгийн үгээр хэлбэл малын ам руу орж байгаас өвс тэжээлээс нь авахуулаад гарал үүсэл, чанар, эрүүл мэнд бүх асуудлыг цогцоор нь хамруулсан тийм л тогтолцоог бий болгох хэрэгтэй байна л даа. Тэгж байж бидний бусад орнуудаас дэлхийн зах зээл дээр ялгаатай, онцгойрч харагдах өөр үгээр хэлбэр өрсөлдөх чадвар маань бэхжиж баталгаажих юм.
Хэрвээ бид одоо түүхийгээр гаргаж байгаа бүх ноолуураа угаагаад, хялгасыг нь ялгаж самнаад утас эсвэл бэлэн бүтээгдэхүүн болгоод зарвал зөвхөн ноолуурын салбараас 500 орчим тэрбум төгрөгийн орлого олж, 4,000 гаруй ажлын байр шинээр бий болохоор байна.
Үндэсний түүхий эдээ үнэ цэнэ хүргэж чадсан улс орнуудын туршлагаас харахад бэлтгэн нийлүүлэгчид, боловсруулах үйлдвэрийн хооронд маш нягт хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлж чадсан, тэр бүр хэл бүр хамтарсан хөрөнгө оруулалт хийж төрийн маш хүчтэй дэмжлэгтэйгээр дэлхийн зах зээлд гарсан тохиолдлууд их байдаг. Эцсийн бүтээгдэхүүнээс бий болгосон үнэ цэнээс анхан шатны үйлдвэрлэгчид тодорхой ашиг тус хүртдэг байх нь их бий.
Дэлхийн туршлагаас харахад үйлдвэрүүд, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн харилцааны гурван хэлбэр бий.
- Боловсруулах үйлдвэрүүд бэлтгэн нийлүүлэлтийн уялдаа холбоо тогтвортой бус жил бүр өөрчлөгдөж, худалдан авах хэмжээ, үнэ байнга хэлбэлзэж байдаг.
- Үйлдвэрүүд илүү давуу байр суурь эзэлсэн үнийг монопольдож тогтоогоод анхан шатны түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид тэр үнээр нь түүхий эдээ өгөхөөс өөр гарц байхгүй шударга бус хэлбэрийн тогтолцоо.
- Ихэнх том том үйлдвэрлэгчид илүүд үзээд байгаа харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр түшиглэсэн харилцаа буюу үл итгэлцэл, хэн нэгэнээ хонжих гэснээс үүдэлтэй бүхий л зардлуудыг багасгахыг зорьсон урт хугацааны түншлэл дээр тулгуурласан тогтолцоо.
Манай ноолуурын үйлдвэрүүд бэлтгэн нийлүүлэгчид малчид хоршоод хоорондын харилцааг шинжихээр эхний хэлбэрт давамгайлдаг. Энэ сул тал нь түрүүний миний хэлсэн үйлдвэрлэж байгаа ноолуурынхаа бараг 70 гаруй хувийг түүхийгээр нь Хятад улс руу гаргах тийм орон зайг гаргаж байна. Гэтэл энэ хэмжээний түүхий ноолуурыг өөрсдөө угаагаад, самнаад, ээрсэн утас хийгээд гаргах боломж бидэнд бий.
"Сүүлийн жилүүдэд малчдын хоршоод маань хөгжлийн шинэ үе шат луу шилжихийг эрмэлзэж байна"
Энэ боломжийг бий болгох зорилгоор л бэлтгэн нийлүүлэлтийн тогтцолцоог хөгжүүлэх бэхжүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн л дээ. Одоо сүүлийн жилүүдэд малчдын хоршоод маань хөгжлийн шинэ үе шат луу шилжихийг эрмэлзэж байна. Гадаад зах зээл руу бүтээгдэхүүнээ гаргах боломжуудыг бас судалж үзэж байна. Ер нь ижил төстэй бүтээгдэхүүнээр ханасан зах зээлд яаж хэрэглэгчдийн сонирхлыг татах вэ гэдэг хамгийн чухал нь. Монголын нүүдлийн МАА-н онцлог давуу талуудыг тухайлбал байгалийн бэлчээрт идээшилсэн малын бүтээгдэхүүний онцлогуудыг хэрхэн батлан харуулах вэ гэж шийдэл хайж явж байгаад энэ цахим гарал үүслийн мөшгөх системийг хөгжүүлж эхэлсэн л дээ.
Энэ бол Монгол малын бүтээгдэхүүн юугаараа онцлог юм бэ гэдгийг харуулах боломж олгоно. Нэг жишээ хэлэхэд Непалын тансаг зэрэглэлийн гар аргаар хийсэн нэхмэл эдлэл хийдэг бизнес урьд нь самнасан ноолуур, утсаа Хятадаас нийлүүлдэг байснаа өөр алтернатив хувилбар хайж эхэлсэн байна л даа. Тэр хөгжүүлж байгаа бүтээгдэхүүний хэрэгцээ маркетинг түүх бүтээхэд Монголын нүүдэлч малчдын түүх, үйлдвэрлэж байгаа арга, малчдын түүх их таарсан гэсэн. Тэгээд гурван жил судалж явсны эцэст ноолууран утсаа Монголоос нийлүүлэхээр шийдвэр гаргаад захиалгаа өгч байх жишээтэй.
Эх сурвалж: IKON.MN
Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНДЭЭС үзнэ үү.