МБАНХ-оос Улсын Онцгой Комисст 10 сая төгрөгийн хандив өргөлөө

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”-ноос өнөөдөр 10 сая төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны зүгээс сумдын Бэлчээр ашиглагчдын холбоо,  малчдын хэсэг бүлэг, гишүүд дэмжигчиддээ хандан 3 сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хандивын аянг зарласан билээ.

Хандивын аянд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 76 сумын 1837 малчин өрхөөс 13,4 сая төгрөг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон 18 аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны ажилтнуудын нэг өдрийн цалин болох 1,6 сая төгрөгийг буюу нийт 15 сая төгрөг цугласан байна. Үүнээс Хөвсгөл аймаг 500 мянга, Увс аймаг 3 сая, Дорнод аймаг 1 сая, Баянхонгор аймаг 500 мянга буюу нийт 5 сая төгрөгийг аймгийн Онцгой комисстоо гардуулан өгсөн юм.

Монгол Улсынхаа хүн ардын эрүүл энхийн төлөө хичээл зүтгэл гарган, цаг наргүй ажиллаж байгаа бүх хүмүүст зориулан малчин түмнийхээ сэтгэлийн хандивыг Улсын Онцгой Комиссоор дамжуулан хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо